Ё.Баатарбилэг: Хүүхэд хамгаалал, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллах вэ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.01.12/ хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: МҮОНРТ бол харьцангуй салбарынхаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, салбарынхаа бодлогыг боломжийн хэрээр авч явж ирсэн байгууллага гэж хардаг. Хууль зүйн яаманд манай нутгийн удирдлагын дэд хороо хүүхэд хамгаалал хүүхдийн эрхийн холбогдолтой уулзалт хийлээ.
Аймгийн ИТХ-ын дарга нар бол орон нутагтаа гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлийн дарга нар нь байдаг. Хүүхэд хамгааллын зөвлөлийн дарга нар нь аймгийн засаг дарга нар байдаг. Тэр утгаараа нутгийн удирдлагын дэд хорооноос 9 дүүрэг, 21 аймгийн орон нутгийн удирдлагын дарга нарыг хүүхэд хамгааллын асуудал руу гүнзгий оруулах шаардлагатай байна гэж үзэж энэ уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар хэвлэл мэдээллийн байгууллагууд, телевиз, сошиал орчныг бүр ярилтгүй болсон л доо. Хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхэдтэй холбоотой ёсзүйн хэм хэмжээ алдагдсан зүйл телевиз радиогоор их явж байна. Ялангуяа цэнхэр дэлгэцээр хүүхдийн дэргэд насны хязгааргүй ёс бус зүйл цацагдаж байна. Мөн хүүхдийн эрүүл мэндэд хамгийн хортой нөлөөлдөг гэж яригддаг хүнсний бүтээгдэхүүн, чихэрлэг сахарлаг зүйлсийг хамгийн их рекламдаж байна. тэгэхэд хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй зүйлсийн талаар сурталчилгаа алга, арилжааны талдаа хэтэрхий анхаарч байна. Нөгөө талдаа хүчирхийллийг сурталчилсан зүй бус зүйлсийг сурталчилсан нас, цагийн хязгаартай гаргах журмаа мөрдөхгүй байна гэдэг зүйл яригдлаа. Үндэсний телевиз тэр талдаа харьцангуй гайгүй байх.
Тэгэхээр хоёр нэр дэвшигч өмнө нь монгол хүүхдийн зөв ёс хүмүүжилтэй болгох чиглэлд хамтарч ажиллаж байсан хүмүүс байна. Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Үндэсний телевизийг нийгмийг соён гэгээрүүлэх, хөтлөх удирдах талаар та бүхний дуу хоолой орж ирэх нь гэж харж байна.
Үндэсний зөвлөлийн гишүүн гэдэг нь Үндэсний телевизийн удирдах зөвлөлийн гишүүн. Жилийн хурлаараа төсөв мөнгө, захирал томилох зэргээ ярьчихаад өнгөрөөд байна уу, үнэхээр бодлогоо ярихад та бүхний санаа оноо орж ирэх нь байна гэж бодож байна. Энэ тал дээр та бүхний санаа оноо юу байна? Ялангуяа Монгол хүүхдийг хүн болгож төлөвшүүлэх тэр тал руу нь Үндэсний телевизэд оруулах хувь нэмэр ямар байх вэ?
Түүний асуултад нэр дэвшигчид хариуллаа.