2022.02.28

Заамар сумын Хайлааст багт ЕБС шинээр ашиглалтад орно

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт ажиллаа. Ажиллах үеэрээ Хайлааст багийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, өндөр настан Х.Булганбээ, Ц.Минжин, Өлзийбаяр гуайнд зочиллоо.

Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг сонсов.

2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Заамар сумын Хайлааст багт Ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилга барих ажил тусгагдсан. Энэхүү барилгын ажил 8-р сард бүрэн дуусаж ашиглалтад орох бөгөөд одоогоор суурийн цутгалтын ажил хийгдэж дуусчээ. Сургууль ашиглалтад орсноор Хайлааст багийн хүүхдүүд тохилог орчинд сурч боловсрох төдийгүй сумын төв явж гэрээсээ хол суралцах хөдөлгөөн саарах юм.

Одоогоор яаралтай тулгамдаж байгаа асуудлын нэг нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын дэмжлэгээр баригдсан цэцэрлэгийн халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэх юм байна. Энэ асуудалд Ц.Туваан гишүүн шийдэл хайн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр уурхайн нөхөн сэргээлтийн төлбөрийг урьдчилан авч байх, нөхөн сэргээлтийг үр дүнтэй болгоход анхаарах, жижиг уурхайд нэмж зөвшөөрөл олгохгүй байх зэрэг саналуудыг иргэд хэллээ. Мөн төрийн байгууллага бүрт байгаа үйлчилгээний ажилтнуудыг гэрээт ажилтан болгосон асуудлыг хөндөн ярьж байв.