Х.Нямбаатар: Хөгжлийн банкны шалгалтын дүнг нийтэд ил болгоно
2022.03.09

Х.Нямбаатар: Хөгжлийн банкны шалгалтын дүнг нийтэд ил болгоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ.  Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн.  Энэ хугацаанд дүн шинжилгээ хийж, үр нөлөөллийг нь судалж үзсэний үр дүнд шинэчилсэн найруулга оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд жил гаруйгийн хугацаанд хуулийн төсөл дээр ажиллалаа.

...Зөрчлийн хууль нь торгодог, шийтгэдэг гэсэн ойлголт нийгэмд бий. Үүнийг засах үүднээс төр шалган тусалдаг, зөвлөдөг чиг үүргийг оруулж байгаа. Ирэх долоо хоногийн пүрэв гарагт төслийн хэлэлцүүлэг хийнэ.

Энэ удаагийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн гол онцлог нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрхэн явуулах талаар тусгасан.  Энэ нь цаг хугацаа зардал хэмнэнэ. 

...2016 онд Хөгжлийн банканд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг нийтэд ил тод болгохоор болсон. Ямар ажил хийгдсэн, ямар ажил замхарсан бэ гэдгийг ил тод болгох гэж байгаа. 130 хуудас шалгалтын материал байна. Тухайлбал, тодорхой эх үүсвэрүүдийн татан төвлөрүүлсэн мөнгийг ямар байдлаар зээл болгож гаргасан,  ямар дүгнэлт гаргасан, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, арга хэмжээ авч ажилласан бол өнөөдрийнх шиг үр дүн үүсэх байсан эсэх талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргасан байсан уу гэдгийг ил болгоно. 

Тухайн үед ОУВС-ын өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, нууцалсан байсан" гэж мэдээллээ.