Н.Учрал: Дижитал эдийн засаг бол Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах маш том боломж
2022.03.17

Н.Учрал: Дижитал эдийн засаг бол Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах маш том боломж

Өнөөдөр /2022.03.17/ Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас зохион байгуулсан "Цахим хөгжлийн хурдасгуур" хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож, санал солилцов.

Уламжлалт эдийн засагт тулгаарласан, уул уурхай, мал аж ахуйгаа түшиглэсэн, дэлхийн зах зээл дээрх үнийн савлагаанаас улсынх нь эдийн засаг шууд хэлбэлздэг ийм замналаар бид удаан явах боломжгүй. Тиймээс орчин цагийн, шинэ тутам бий болж буй ололт дэвшил, шинэлэг бүхнийг соргогоор мэдрэх, оновчтой шийдэл гаргах явдал туйлаас чухал.

Дижитал эдийн засаг өнөөдөр дэлхийн олон улс оронд чухал байр суурь эзэлж байна. Жишээлэхэд, урд хөрш БНХАУ-ын 2020 оны дижитал эдийн засгийн нийт хэмжээ 39.2 триллион юаньд хүрч ДНБ-ны 38.6%-ийг дангаар эзэлж байна. Энэ бол маш том тоо.

Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд хувийн хэвшлүүдийн төлөөллүүдийг оролцуулан байгуулсан зөвлөлийн цаашид хийх үйл ажиллагаа, мэдээллийн технологийн тусгай бүс, Монгол улсад цахим шилжилтэд суурилсан эдийн засгийн цоо шинэ ойлголтыг хэрхэн зүй зохистой нэвтрүүлэх талаар мөн ярилцаж, санал солилцов.