Унгарын элчин сайд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочиллоо
Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зочиллоо.
“Үндэсний хэмжээний цэцэрлэг”-т хүрээлэнд зочилсон түүний зорилго бол Унгар улсын түүх соёлыг илтгэж, хоёр орны найрамдалт харилцааг харуулсан тохижилт бүхий ногоон байгууламж байгуулах саналыг тависан юм.
Монгол, Унгар хоёр улс 70 гаруй жилийн найрамдалт түүхэн харилцаатай. Энэ он жилүүдэд улс төрийн хүрээнд өндөр дээд түвшний айлчлалууд өрнөж, нийгэм эдийн засгийн бүхий л салбарт харилцаа сайн хөгжсөн. Тэр дундаа хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтын ажиллагаа илүү сайн өргөжсөн гэж үздэг.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө болон элчин сайд Борбала Анна Обрушански нарт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул 12 жилийн түүхтэй байгууллагынхаа хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулж, хэтийн зорилгоо танилцууллаа.
Дэлхий нийтээр байгаль экологидоо ээлтэй хандаж байгаа энэ цаг үед ийнхүү нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд Унгар улсын элчин сайдын зүгээс санаачилга гаргаж байгаад талархан, хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.