Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлнэ
Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлэг барих ажил 2015 онд эхэлж 2019 онд Монголын талд хүлээлгэн өгсөн. Энэ бол барилга ашиглалтад оруулсан хэрэг биш, Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог нэвтрүүлсэн том хөрөнгө оруулалт болсон.
Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог улам бэхжүүлэх зорилгоор Засгийн газар шийдвэр гарган Монгол Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлсэн. Өнөөдөр АШУҮИС дэргэдээ 4 эмнэлэг , 2 сувилал, 3 хүрээлэн, 1 оношилгооны төв ажиллуулж байна.
Аливаа улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоо нэвтэрснээр эрүүл мэндийн салбар нь хөгжлийн шат ахих боломж бүрддэг болохыг олон улсын туршлага харуулдаг. Сургалт-судалгаа-эрдэм шинжилгээг хамтруулснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилдэг гэдгийг өндөр хөгжилтэй орнуудын жишээ олон бий.
Эрүүл мэндийн салбарт барилга байгууламж, дэд бүтэц сайжирч, менежмэнт үйл ажиллагаа тогтворжихоос гадна хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь нэн тэргүүний зорилт . Тиймээс Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо” сэдэвт олон улсын симпозиумын үеэр энэ сэдвүүдийг хөндөж ярилцлаа.