С.Мөнхбат:

Их сургуулийг Судалгаа-Сургалт-Үйлдвэрлэлийн хэв маягаар хөгжүүлэх шаардлагатай


11 минут уншина
С.Мөнхбат:  Их сургуулийг Судалгаа-Сургалт-Үйлдвэрлэлийн хэв маягаар хөгжүүлэх шаардлагатай

XXI зуун бол мэдлэгт суурилсан хөгжлийн зуун. Энэ зуунд их сургууль, шинжлэх ухааны байгууллагад бүтээгдэж буй шинэ мэдлэг, технологи, инновацийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа улс орнууд амжилттай хөгжиж байна. Иймд манай их сургуулиуд сургалтын хэв маягаас судалгаа-үйлдвэрлэлийн хэв маягаар хэрхэн хөгжиж болох талаар Шинжлэх ухаан, Технологийн Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн профессор, доктор С.Мөнхбаттай ярилцлаа.

Орчин үеийн их сургуулиудын хөгжлийн чиг хандлага ямар байна вэ? Мөн Сургалт зонхилсон хэв маягийг Судалгааны их сургууль болгож хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

Монгол улсад дээд боловсролын салбар, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 80 жилийн ой энэ жил тохиож байна. 1942 онд МУИС байгуулагдсан явдал нь Монгол улсад дээд боловсролын байгууллага хөгжих үндэс суурийг тавьсан. Эдүгээ 80 жилийн босгон дээр тус салбарын цаашдын хөгжлийн талаар эргэцүүлэн бодож, шинэ бодлого, үзэл баримтлалыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай цаг үе тулж иржээ гэж дүгнэж болохоор байна.

Учир юу гэвэл  XXl зуунд, Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үед их сургуулиуд болон шинжлэх ухааны байгууллагуудын улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг маш их болжээ.  XXl зуун бол Шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, түүгээрээ улс орнууд хөгжлийнхөө ирээдүйг тодорхойлж байна. Тийм учраас дэлхий дахины хөгжлийн энэхүү чиг хандлагыг Монгол улс баримжаалж, одоо байгаа нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад бүтээгдэж байгаа шинэ мэдлэг, инновацийг үйлдвэрлэл, үйлчилгээ болгодог тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

Нөгөө талаас Боловсролын багц хууль, шинэчлэгдэн гарах Дээд боловсролын тухай хууль, шинээр боловсруулж буй Судалгааны их сургуулийн тухай хууль зэрэг эрх зүйн орчны цогц шинэчлэлийг УИХ, Засгийн газар хийхээр ажиллаж байна. Дээд боловсролын тухай хуульд концепцын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орох байх гэсэн хүлээлт байна. Их сургуулиудын хөгжлийн хэв маягийг шинэ концепцоор харах нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага ч бий болчихлоо.

Өнөөдөр Монгол улсад 88 их, дээд сургууль байна. Жилд 40 орчим мянган хүүхэд 12-р анги төгсөж, үүнээс 30 орчим мянга нь их, дээд сургуульд элсэж байна. Монгол улсын дээд боловсролын зах зээл эдгээр 30 орчим мянган хүүхдийг элсүүлж, бакалаврын сургалт зонхилж, бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцоо сүүлийн жилүүдэд бэхэжсэн. Гэтэл XXl зуунд их сургуулиудын хөгжлийн чиг хандлага нь бакалаврын сургалт зонхилохоос илүүтэй ахисан түвшний сургалт буюу магистр, докторын түвшинд авьяастай суралцагсдыг татах замаар судалгаа хөгжүүлэлтийг эрчимжүүлж, үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэхэд анхаарч байна. Өөрөөр хэлбэл судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн хэв маягаар их сургуулиудыг хөгжүүлэх хэрэгцээ улам бүр өссөөр байна.

Америк, Европ, Азийн тэргүүлэх их сургуулиуд ийм хэв маягаар хөгжиж байна. Манай улс ч мөн адил их сургуулийн өнөөгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, юуны түрүүнд бодлого эрх зүйн дорвитой өөрчлөлтийг хийх замаар шилжилтийн шийдмэг алхмуудыг хийх хэрэгтэй болсон байна.

Тиймээс хөгжлийн чиг хандлагын хувьд бид сургалтын хэв маягийн сургуулиас судалгаанд суурилсан хэв маягтай сургууль болж өөрчлөгдөх, судалгааныхаа ололт амжилтаас сургалтдаа нэвтрүүлэх, шинээр бүтээгдэж буй мэдлэг, инновацийг үйлдвэрлэл, үйлчилгээ рүү нэвтрүүлэх, дэлхийн шинжлэх ухаанд бүтээсэн мэдлэг, шинэ инноваци технологиороо өрсөлддөг түвшинд хүрч хөгжих явдал юу юунаас чухал байгаа юм. Ингэснээр судалгааныхаа үр дүнг эдийн засагжуулж орлогоо нэмэгдүүлэх, эргээд эрдэм шинжилгээ, судалгаагаа дэмжих нөхцлийг бүрдүүлж, зөвхөн бакалаврын сургалтын төлбөрөөс хараат санхүүгийн системээс ангижрах учиртай.

Нэг жишээ хэлье. Төрийн өмчийн зургаан их сургууль дээр аваад үзэхэд бакалаврын сургалтаас орлогынхоо 70-90 хувийг бүрдүүлж байна. Эндээс харахад л судалгааны их сургууль хөгжих бодит нөхцөл, хөрс манайд байхгүй байна л гэсэн үг.

Монгол улсын Засгийн Газраас Шинжлэх ухаан, Технологийн салбарт, тухайлбал Дээд боловсролын салбарын хөгжилд ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?

Засгийн газраас сүүлийн жилүүдэд Дээд боловсрол, Шинжлэх ухааны салбарын уялдаа холбоог хангах чиглэлд цаг үеэ олсон дорвитой ажлуудыг хийхээр зорьж байна. 1-рт, Боловсролын багц хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг шинэчлэх хуулийн реформыг хийж байна. Мөн Шинжлэх ухаан, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэ үзэл баримтлал, концепцийг боловсруулаад явж байна. Эдгээр хуулиудын уялдааг хангах, бодлого эрх зүйн орчинг бүрдүүлэх нь энэ тэргүүнд хийх ажил мөн. 

Хоёрдугаарт,  УИХ-аар баталсан “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж 2024 он хүртэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гарсан. Энэхүү хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Мөн Улс орныг хөгжүүлэх үндсэн таван жилийн төлөвлөгөө гэж бий. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль шинээр батлагдаж гарсантай холбоотойгоор энэ хуульд нийцүүлж улс орны хөгжлийг таван жилээр, дунд хугацаандаа 10 жил, урт хугацаандаа 20-30 жилээр төлөвлөдөг тогтолцоо руу Монгол улс орж байгаа. 

Энэ хүрээнд Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 379-р тогтоол, хамгийн сүүлд 2021 оны сүүлээр Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх, арга хэмжээг эрчимжүүлэх тухай 299-р тогтоол тус тус гарсан. Эдгээр тогтоолууд нь нэгдүгээрт, шинжлэх ухаан, технологийн салбарын бүтэц, менежментийг сайжруулах, хоёрдугаарт, шинжлэх ухааны байгууллагууд их, дээд сургуулиудын судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын үр дүнд суурилсан менежмент, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх боломжийг нээж өгөх юм.

Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага бол шинжлэх ухааны талаасаа харвал нэг зоосны хоёр тал гэсэн үг. Их сургуулиуд нь эрдэм, шинжилгээ хийх хүний нөөцөө бэлдэж, мөн эрдэм шинжилгээгээ ч ахисан түвшний сургалтаараа явуулдаг. Нөгөө талд шинжлэх ухааны байгууллагууд зөвхөн шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн ажил эрхлэхээс гадна их сургуулиудын сургалтын үйл ажиллагаанд оролцож, ялангуяа ахисан түвшний сургалтын үйл ажиллагаанд тэргүүлэх эрдэмтэд оролцож, магистр, докторын судалгааны ажил удирддаг байх,  их сургуулийн судлаачидтай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, судалгааныхаа үр дүнгээр олон улсад өрсөлддөг байх, олон улсын томоохон төслүүдийг улс орондоо хэрэгжүүлдэг байх, үндэсний том төсөл хөтөлбөрүүдыг хамтарч хэрэгжүүлдэг, тэдгээрт оролцдог өргөн боломжийг нээж ажиллах нь маш үр дүнтэй гэж үзэж байна.

Зохион байгуулалтын хувьд хамтарсан судалгааны төвүүд, лабораторуудыг байгуулах, их сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагууд одоо байгаа судалгааны лабораторуудаа хамтын ашиглалттай болгох шаардлага байна. Улсын хөрөнгө оруулалтаар судалгааны лабораторуудад өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтаа хийгдэж буй хэдий ч тэдгээрийн ашиглалт маш бага байна. Их, дээд сургуулиуд болон шинжлэх ухааны байгууллагуудын лабораторууд тус тусдаа биш дундын ашиглалттай болох нь чухал.  

Манайд одоогийн байдлаар Эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ явуулдаг хэчнээн байгууллага байгаа вэ?

Монгол улсад эрдэм шинжилгээ, судалгаа эрхэлдэг эрдэм шинжилгээний хүрээлэн,  төв 60 гаруй бий. Тэдгээрээс Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан 30 орчим төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагууд байна. Манайд 88 их, дээд сургууль байгаагаас төрийн өмчийн 17 сургууль, үүнээс үндэсний гэж хэлж болохоор зургаан их сургууль байна. Энэ нь МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, СУИС юм. Эдгээр их сургуулиуд нь судалгаа хөгжүүлэлтийн ажилд голлох үүрэг гүйцэтгэн  оролцож  байгаа. Их, дээд сургуулиудад бакалавр, магистр бүгд нийлээд 140 гаран мянган залуус суралцаж байна.

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд суралцагсдын тоо
  • 2019 он – 148,446 суралцагч
  • 2020 он – 147,293 суралцагч
  • 2021 он – 148,954 суралцагч байна гэсэн статистик бий.
Эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдэд нийт 1700 орчим эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. Их сургуулиудын ажилчдыг оролцуулбал 6000 руу дөхнө. Ингэж харвал боломжийн хүний нөөц байна. Харин  хүчээ нэгтгэж шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө манай эрдэмтэд хамтрах хэрэгтэй.

Их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд корпорацийн зарчим руу орохгүй л бол цаашид хөгжих боломж улам бүр л хумигдсаар байна. Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд засаглалын хувьд бүгд корпорацийн зарчмаар ажилладаг хэв маяг руу орчихлоо. Өмч нь төр байж болно, ашиг орлого олдог зарчим нь корпорацийн шинж агуулгатай болж. Энэ нь их сургуулийн өөрийнх нь орлого олдог зарчим нь л өөр болно гэсэн үг. Зөвхөн сургалтын төлбөрөөс орлого олох бус эрдэм шинжилгээ, судалгааныхаа үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээ болгож зах зээлд нэвтрүүлж түүнээсээ их, дээд сургууль орлогоо нэмэгдүүлэхийг корпорацийн зарчим гээд байгаа юм. Өнөөдөр манай эдийн засгийн өрсөлдөх чадвар сул байгаагийн нэг шалтгаан нь магадгүй дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд корпорацийн зарчимд шилжээгүйтэй холбоотой болов уу гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

Мөн судалгаа, шинжилгээний таатай орчинг бүрдүүлэх нь маш чухал. Одоогийн манай дээд боловсролын байгууллагын орчин танхимын сургалт зонхилсон хэвээр байна. Олон улсын тэргүүлэх их, дээд сургуулиудад хамтын оффис, старт-ап гарааны компаниудыг бойжуулдаг орчин, технологийн инкубатор, технологи дамжуулах төвүүдээ бий болгож их сургуульд бүтээгдсэн мэдлэг, инновацийг үйлдвэрлэл, бүтээгдэхүүн болгон эдийн засгийн өсөлтийг хангахад өөр өөрсдийн хувь нэмрээ өсгөсөөр байгаа юм. Их сургуульд бүтээгдэж байгаа мэдлэг, оюуныг эдийн засагжуулахад хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан байна. Гэтэл манайд ийм холбоос огт байхгүй. Тийм учраас л их сургуулийн хэв маягийг хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж өөрчлөх бодит шаардлага бий болчихсон байна.

Одоогийн байдлаар үр дүнтэй ямар ажил хэрэгжиж байгаа вэ?

Их, дээд сургуулиудын түвшинд эхний ээлжид хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал их чухал гэж би дээр хэлсэн. Энэ бол маш том реформ. Их сургуулиуд нь хөгжье гэхээр хууль, эрх зүйн орчин нь чөдөр болоод байвал цаашаа явахгүй. Чөдөр болохооргүй, харин ташуур болохоор хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлэх нь чухал юм.

Төрийн өмчийн зургаан их сургуулиуд хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан байгаа. Түүнийгээ ажил хэрэг болгох явдал маш чухал. Санамж бичгийн гол агуулга нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд хамтарч ажиллах, дэд бүтцээ хамтарч ашиглах, багш нар сайн туршлагаа хуваалцах, суралцаж буй оюутнууд хэрхэн яаж хөрвөх чадвартай болгож төгсгөх, дундын ашиглалттай лаборатори, номын сангуудыг бий болгох гэх мэт олон асуудлыг багтаасан.

Засгийн газрын шийдвэрээр Шинжлэх ухаан, технологийн инновацийн кластер буюу Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд барьж байна. Энд 21-р зууны Монголын Шинжлэх ухаан, технологи хэрхэн хөгжлийг хурдасгах үндсэн бааз буюу дэд бүтэц бий болно. Тэнд манай тэргүүлэх хүрээлэн, их сургуулиудын шилдэг эрдэмтэд судалгаагаа хийдэг орчин бүрдэнэ, дундын ашиглалттай лабораториуд, үндэсний жишиг төвүүд бий болно. Мөн магистрант, докторантууд, шилдэг авьяастнууд очиж тэргүүлэх профессоруудын удирдлага дор судалгаагаа хийнэ. Ингэснээр олон улсад Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын өрсөлдөх  чадвар эрс дээшлэх орчин нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа. 

Мөн Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчийн их сургуулиудын зарим хөтөлбөрийг орон нутгийн салбар сургуульд нь байршуулах, шилжүүлэх асуудлыг нэлээд нухацтай авч үзэж байх шиг байна. Энэ нь тухайн орон нутагт аль салбар илүү хөгжих,  боломж нөхцөл байгааг судалж орон нутагт нь байршуулж хөгжүүлэх явдал юм. Жишээлбэл Сэлэнгэ, Дарханы бүс нутагт Хөдөө аж ахуйн чиглэлийг, Уул уурхайн чиглэлийн хөтөлбөрийг Өмнөговьд Таван-толгой, Оюутолгойг түшиглүүлээд байршуулах гэх мэт юм.

Ингэж түшиглүүлж байгаа нь сургалт, эрдэм шинжилгээг аль болох үйлдвэрлэлтэй нь холбож өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл сургалт зонхилсон хэв маягаас эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл зонхилсон хэв маяг руу шилжих нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг. Суралцагч танхимд сургалтаа үзээд, практик судалгаа, дадлагаа үйлдвэрлэл дээр хийвэл илүү амьд бөгөөд үр өгөөжтэй, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэнэ.

Таны ярьж буй эдгээр төсөл хөтөлбөрүүдээс 2022 онд яг ямар ажлууд нь хэрэгжих вэ?

2022 онд Боловсролын багц хууль батлагдана гэж харж байна. Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина. Шинжлэх ухааны паркын эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газраас амжвал өргөн барих байх. Бодлого эрх зүйн хувьд дээрх ажлууд хэрэгжинэ. Шинжлэх ухаан, технологийн салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэхээр БШУЯ ажиллаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухаан, технологийн салбарын зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт бий. Хэрвээ 2024 онд энэ зорилтдоо хүрч чадвал Монголын шинжлэх ухааны салбарын үр өгөөж маш сайн дээшилнэ. Мөн өмнө дурдсан эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудын хамтын ажиллагааны менежментийг сайжруулж, бодлого эрх зүйн орчныг шинэчилж, тодорхой зорилтот төлөвлөгөө хөтөлбөрөөр шахаад эхлэх юм бол сайн үр дүн гаргана гэж бид харж байгаа. Үнэхээр үр дүн гарахаас өөр аргагүй хөгжлийн зааг дээр бид ирлээ. Гэтэл дэлхий нийт өнөөдөр хиймэл оюун ухаан, юмсын интернет, их өгөгдөл гээд мэдээллийн технологид суурилсан хөгжил маш хурдацтай өрнөж байна. Ийм байхад бид 20-р зууны “шавь” төвтэй сургалтаасаа салж чадахгүй байсаар байвал урагшаа яаж хөгжих билээ.

Хөдөлмөрийн зах зээл дээр дунд түвшний ажлын байрууд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Эрэлттэй байгаа хөдөлмөрийн зах зээлийн суралцагсдын тоо цөөрөөд, эсрэгээрээ их, дээд сургуулийг төгсөж буй мэргэжилтний ажлын байрны олдоц муу байна. Үүнийг засч залруулахын тулд нэгдүгээрт дээд боловсролын үнэ, цэнийг нэмэгдүүлэх, чанаржуулах, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн суралцагсдын тоог нэмэх бодлого цаашид зөв байх болов уу. Дээд боловсролыг хүн бүр эзэмших албагүй. Дээд боловсрол бол сонголт. Мэдлэг чадвартай, авьяаслаг хүүхдүүдийг сургаж хөгжүүлж, дэлхийд өрсөлдөх түвшинд бэлтгэхэд анхаарах ёстой юм. 

Дээд боловсрол чанартай, өгөөжтэй байхын суурь үндэс нь ерөнхий боловсролын чанар, хүртээмжийн асуудал юм. Өнөөдөр ерөнхий боловсролын чанар, стандарт ялгаатай байна. Үүнээс үүдэн нийгмийн ялгаатай байдлын үндэс тавигдаж байна. Манай зарим УИХ-ын гишүүд “Боловсролоос нь авахуулаад гарааны ижил нөхцлийг бий болгох хэрэгтэй” гэж яриад байгаа. Энэ нь маш зөв юм. Өндөр төлбөртэй сургуулиудад зөвхөн чинээлэг давхаргын хүүхдүүд олон улсын хөтөлбөрөөр суралцаад, дэлхийн хэмжээний их, дээд сургуулийн шаардлага, шалгуурыг хангах түвшинд боловсрол олж байна. Гэтэл жирийн сургуулийн хүүхдүүд тэр болзол шаардлагыг хангаж чадахгүй учраас гаднын сайн сургуулиудад суралцах боломжгүй байсаар л байна.

Яг үүнээс үүдээд Монгол улсын Ерөнхийлөгч бодлого гаргасан. Хорооноос, сумуудаас өндөр элсэлтийн өндөр оноотой, авьяаслаг оюутнуудыг шилж сонгон их сургуульд бодлогоор бэлдээд, дэлхийн топ их сургуулиудад явуулахаар бэлтгэж байна. Энэ бол суурь боловсролоос үүдэлтэй нийгмийн ялгарлыг саармагжуулахад чиглэсэн бодлого юм. Цаашдаа бид гэрийнхээ хажууд байрлах цэцэрлэг, сургуульд хүүхдээ өгөөд ажилдаа сэтгэл амар явж, бидний хүүхэд тэр энгийн сургууль, цэцэрлэгтээ яваад дэлхийн түвшний боловсрол авч чадаж байвал энэ нь өөрөө “Боловсролын реформ” юм. Өнөөдөр эцэг эхчүүд сайн сургууль, сайн багш руу хүүхдүүдээ зөөж байна. Энэ бол хүүхдийнхээ төлөө явж байгаа эцэг эхийн буруу биш, манай боловсролын тогтолцооны гажуудал. Үүнээс үүдэж наад зах нь хотын түгжрэлийн нэг гол эх үүсвэр нь энэ асуудал болж байна.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн эрдэмтэн судлаачид Монголдоо ирээд ажиллах боломж байна уу?

Шилдэг мэргэжилтнүүд маань Монголдоо ирье гэж маш их хүсч байгаа. Гэвч бодит байдалд бид шилдэг эрдэмтдээ эх орондоо ирүүлэхээс илүүтэйгээр байгаа орон, газраасаа Монголынхоо судалгаа хөгжүүлэлтийн ажилд татан оролцуулах бодлогыг барин ажиллах нь маш чухал байгаа юм. Дэлхий хавтгай болсон учраас байгаа газраасаа Монголынхоо судалгаа хөгжүүлэлтийн ажилд оролцох, Монголдоо байгаа судлаачидтай хамтарсан судалгааг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр өөрийн хувь нэмрийг оруулах боломжийг олгож, тогтолцоо, механизмыг нь бүрдүүлэхэд анхаарах цаг болжээ.