Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2022.05.06) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү уулзалтын үеэр Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирсон дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд өөрийн орны туршлагыг хуваалцсан бөгөөд зам тээвэр, ложистик, бүтээн байгуулалтын салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад баяртай байна гээд хатагтай Ким Ён Жү-гийн дэвшүүлсэн дээрх саналд талархал илэрхийлэв. Тэрбээр, нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэхэд тус улсын туршлага, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтран ажиллахад таатай байх болно гэв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг байгаль орчин, экологийн чиглэлээр ялангуяа хөрсний усны асуудлын шийдэл, цэцэрлэгжүүлэлтэд шинэ технологийг ашиглаж буй тус улсын туршлагыг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэв.
Уулзалтад, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, БНСУ-ын Засгийн газрын харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагийн (KOTRA) Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Мин Сон Мү болон Үндэсний Ассамблейн ажлын албаны гишүүд, (RHP) группийн төлөөлөл байлцав
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn