2022.05.12

Улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээний нээлт Чингис хотод боллоо

2022 оны Улсын аварга шалгаруулах Шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээний нээлт Чингис хот, Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Хэнтий аймгийн шатрын зөвлөлийн дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Ерөнхий ивээн тэтгэгч "Формон Транспорт" ХХК-ийн захирал Ж.Одонтуул тэргүүтэй зочид, төлөөлөгчид, Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар хүрэлцэн ирж, тэмцээнд оролцож буй 12 аймаг, клуб, академийн эрэгтэй 12, эмэгтэй 12 нийт 24 Монголын элит шилдэг шатарчдад хүндэтгэл үзүүллээ.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Их мастер цолтон-6, Олон улсын мастер цолтон 6, Дэлхийн шатрын холбооны мастер цолтон 8, Дэлхийн шатрын холбооны дэд мастер 3 оролцож байна. Шигшээ тэмцээнд орох тамирчид өнөөдөр сугалаагаа сугалж, маргааш буюу 5-р сарын 12-ны өдрөөс эхний өрөгөө нүүнэ.
Тэмцээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар тэмцээний ивээн тэтгэгч, Батширээт сумын уугуул Ж.Одонтуулд талархал гардуулж, Монголын шатар, Хан Хэнтийгээ сурталчлах үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж буйг хэлж, нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс баяр хүргэлээ.

Мөн Ж.Одонтуулыг Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар дэд ерөнхийлөгчөөр батламжилсан бол аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Биеийн тамирын улсын хорооны даргын шийдвэрээр Н.Зоригтбаатар, Ц.Базаррагчаа нарт Спортын мастер цол олгосныг УИХ-ын гишүүд гардуулан өглөө.

Тэмцээнийг Шатрын спортын мастер, улсын шүүгч Ч.Эрдэнэ-Очир, ОУ-ын шүүгч Г.Оюунчимэг, орлогч шүүгчээр ОУ-ын шатрын холбооны шүүгч Г.Нямдаваа, улсын шүүгч Б.Жүгдэрмаа, шүүгч Г.Болорсан, аймгийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхбаяр нар шүүн явуулах юм байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn