“Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах” төслийн талаар санал солилцлоо
2022.05.31

“Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах” төслийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн өнөөдөр /2022.05.31/ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил болон Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарыг хүлээн авч уулзлаа.

Прага хотын амьтны хүрээлэн нь 1930-аад оноос эхлэн зэрлэг адуу буюу тахийг хамгаалж үлдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд 2010 оноос эхлэн Монголд тахь нутагшуулах ажлыг амжилттай зохион байгуулсаар байгаа юм. Монголд тахийг тээвэрлэн авчрахаас гадна амьдрах, нутагших орчныг нь хангах тодорхой хөрөнгө оруулалтыг мөн хийсэн аж.

Уулзалтын эхэнд Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек цаг гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд “Бид 2010 оноос эхлэн Монгол Улсад тахь нутагшуулах ажлыг хийсээр ирлээ. Өнөөдрийн байдлаар Хустайн нуруу болон говийн их дархан цаазат газруудад тахийн тоо толгой хангалттай болсон. Дахин тээвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Дараагийн төслийг хэрэгжүүлэхэд эдгээр газарт нутагшиж буй тахийн нөөц хангалттай. Бид “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах” төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэхээр 2019 оноос эхлэн судалсан. Судалгааны дүнд үндэслэн Дорнод аймгийн нутаг дэвсгэр Могойн голын урд хэсэг, Нөмрөгийн дархан цаазат газар гэсэн хоёр байршлыг хамгийн тохиромжтой гэж үзсэн” хэмээн танилцуулаад энэ ажлыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн Монгол адууны өвөг тахийг нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр, “Та бүхний төсөл хэрэгжүүлэхээр танилцуулж буй газрыг маш сайн мэднэ. Хоёр улсын хилийн зурваст тулсан газар нутгийг сонгосон байна. Энд тусгай дэглэм үйлчилдэг. Монгол Улсын хил хамгаалах байгууллага энэ дэглэмийг хэрэгжүүлэх, сахиулах үүргийг хуулиар хүлээдэг. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газар болон орон нутгийн удирдлагууд, Дархан цаазат газрын удирдлагуудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүсч байна. Эдгээр байгууллагууд та бүхний ажлыг талархан дэмжиж ажиллана гэдэгт би итгэл дүүрэн байна. Хилийн бүс нутагт тахь нутагшуулахад нээлттэй. Хуулиар хориглосон зүйл байхгүй. Миний бие бүхий л шатанд та бүхнийг дэмжин ажиллахад бэлэн байна” хэмээв.

Прагийн амьтны хүрээлэн Цэргийн КАСА онгоцоор нийт 34 толгой тахийг 9 удаагийн тээвэрлэлтээр Чех болон Европын бусад улсуудаас амжилттай авчирч Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт нутагшуулсан. 2020 онд 10 дахь удаагийн тээвэрлэлт хийх байсан боловч “КОВИД-19” цар тахлын улмаас хойшилсон аж.

Өнөөдрийн байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт 370, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 420, Хомын талын байгалийн цогцолборт 130 нийт Монгол Улсад 920 гаруй тахь нутагшиж байна