Хэрлэн сумын Арслангийн хөндийд тариалалтын шинэ технологийг нэвтрүүлж байна
Хэрлэн суманд 700 га талбайг усалгааны системтэй болгох ажил эхэлж, Арслангийн хөндийд тариалалтын шинэ технологийг нэвтрүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, УИХ-ын ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар аймаг, сумын удирдлагуудын хамт өнөөдөр Хэрлэн сумын Дулааны талд байрлах “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн явц, Тахилгат тосгоны Арслангийн хөндийд “Хэнтий тариалан” ХХК-ийн шинээр нэвтрүүлж буй технологитой танилцаж, Хэрлэн сумын ногоочдын төлөөлөл 60 гаруй хүнтэй уулзлаа.
Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд төслийн зорилго чиглэж байна.
Хэнтий аймагт уг төслийн хүрээнд Хэрлэн сумын 700 га төмс, хүнсний ногооны талбайг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр усалгааны системтэй болгох юм. Гүйцэтгэгч компани бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 700 га талбай усалгаатай болсноор Хэрлэн сумынхан аймгаа төдийгүй зүүн бүсийг төмс, хүнсний ногоогоор хангах боломж бүрдэх юм.
Хэрлэн сумын ногоочдын зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн Хэнтийн Ногоочдын нэгдсэн сүлжээ (ХЭННЭС) ТББ-ыг 2016 оноос байгуулж, ногоочид хоршоо, бүлээр хоршиж амжилттай ажиллах болжээ. Усалгааны систем шийдэгдсэнээр аймгаа төдийгүй, бүсээ хангах боломж бүрдэхийг онцолж, ногоочдыг дэмжсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
ХХААХҮЯ-аас Хэрлэн сумын ногоочдод дундын техник үйлчилгээний төвтэй болгох зорилтын эхлэл болгож 32 морины хүчтэй хоёр тракторыг хүлээлгэн өглөө.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27
2024.11.22
2024.11.22
2024.11.19