Онгоцны тийзний үнийн талаар шалгах хүсэлт хүргүүллээ
2022.06.03

Онгоцны тийзний үнийн талаар шалгах хүсэлт хүргүүллээ

Сүүлийн үед Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн нислэгийн үнийн өсөлт гадаад явахаас үнэтэй болсон, гуравдагч орноос ОХУ-ын газар нутгаар дамжин эх орондоо буцаж ирж чадахгүй байгаа асуудлаар ард иргэд бухимдаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аубакир: Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн нислэгийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор миний бие тус чиглэлд нислэг үйлдэж буй компани зах зээл дэх давамгай байдлаа ашиглан үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэж байгаа ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан зохих хууль журмын дагуу шалгалт хийхийг хүсэн ажиллаж байна.

Мөн тэрээр нислэгийн үнийн өсөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай уулзсан байна. Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун бидний гаргасан хүсэлтийн дагуу асуудлыг анхааралдаа аван ажиллаж буйгаа илэрхийлж нислэгийн үнийн өсөлтийн талаар ойрын хугацаанд холбогдох арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Цаашдаа УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамт нислэгийн үнийн өсөлтийг бууруулах талаар холбогдох яамдуудад хандан ажиллаж байна.

ОХУ-ын газар нутгаар дамжин гуравдагч орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн хувьд ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 2021 оны 3424, 2022 оны 868 дугаар захирамжид заасан зохицуулалтуудын дагуу Монгол улсын иргэд Монгол Улсаас ОХУ-д нэвтрэх чиглэлд бүх төрлийн тээврээр /нисэх онгоц, галт тэрэг, автозам/ зорчих боломжтой боловч ОХУ руу гуравдагч улсаас зорчиж буй тохиолдолд зөвхөн тус улстай агаарын тээврийн харилцаагаа сэргээсэн орноос нисэх онгоцоор нэвтрэх боломжтой талаар, манай улсын талаас хамаарахгүй байгаа талаар ГХЯ-наас мэдээлэл өгсөн.