ЕБС-ын амралтыг 7 хоногоор сунгалаа
2009.10.27

ЕБС-ын амралтыг 7 хоногоор сунгалаа

Манай улсад H1N1 вирус тархаж эхэлсэнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоног ЕБС-ын хүүхдүүдийн улирлын амралтыг наашлуулсан билээ. Харин сургуулийн амралт эхэлснээс хойш ЕБС-ын хүүхдийн өвчлөлийн тоо харьцангуй өсөхгүй байх хандлагатай байгаа учраас амралтыг дахин цааш сунгахаар болсон тухай БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

БСШУ-ын сайд хэлэхдээ “ЕБС-ын хүүхдүүдийн сургуулийн амралт эхэлснээр ЕБС-ын хүүхдийн өвчлөлийн тоо харьцангуй өсөхгүй байх хандлагатай байна. Анх 22 байж байгаад, сургуулийн амралт эхлэх үед 52 хүүхэд өвчтэй гэсэн судалгаа гарч байсан бол өнөөдөр 54 болж, 2-оор нэмэгдсэн байна. Энэ байдлыг харгалзаж үзээд ЕБС-ын 11 жилийн тогтолцоо буюу 3-11 ангийн хүүхдүүдийн амралтын дахиж 7 хоногоор сунгах чиглэл Засгийн газраас өглөө.

Өрөөр хэлбэл 11 сарын 5 хүртэл ЕБС-ын 3-11 ангийн хүүхдүүд амрахаар боллоо. Тэр дундаа хөдөө орон нутгийн эцэг эхчүүд ирэх даваа гаригт хичээл эхэлнэ гэж бодоод хүүхдүүд сум руугаа, аймгийн төв рүүгээ явах гэж байгаа бол хичээлийн амралт ахиж долоо хоногоор сунгалаа” гэлээ. Мөн Сайд эцэг эхчүүдэд дахин хандан уриалхад хүүхдүүддээ хараа хяналттай байлгаж, олон нийтийн газраар явуулахгүй, аль болох гэр орноор нь хичээлийг нь давтуулж, эрүүл ахуйд нь анхаарал тавьж байхыг захилаа.

-Цэцэрлэгийн хүүхдийн асуудлыг яахаар болсон бэ?

-Улаанбаатар хотод өнөөдөр хүүхдийн цэцэрлэгийн ирц 50 хувьтай явж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн тал нь ирэхгүй байгаа. Гэхдээ цэцэрлэгт хөл хорио тогтоох асуудлыг ярилцаад, цэцэрлэг хэвийн байдлаар явах нь зөв юм байна гэж үзсэн. Шалтгаан нь бага насны хүүхдүүддээ асран хамгаалах бололцоотой айлууд нь хүүхдүүдээ явуулахгүй байгаа юм байна, үлдсэн 50 хувь нь хүүхдээ асрах бололцоогүй улсууд байна гэж үзсэн. Тиймээс Онцгой коммис цэцэрлэгүүдийг ариутгах, хүүхдүүдийн халууныг хэмжих зэрэг арга хэмжээ гэх мэт тодорхой арга хэмжээнүүдийг авья, цэцэрлэг явдагаараа явж байг гэж үзсэн.

-Цэцэрлэгийн хүүхдийн өвчлөл ямар байгаа бэ?

-10-р сарын 23 буюу сургуулийн амралт эхэлсэн өдөр 7 хүүхэд өвчтэй байсан бол өнөөдрийн 12 цагийн байдлаар 16 хүүхэд өвчтэй байна.

-Эрээнд Монгол хүүхдүүд өвдсөн тухай ярьж байсан.Одоо тэдний байдал ямар байна бэ?

-Тэнд байгаа монгол хүүхдүүд бүгдээрээ эмчилгээнд ороод явж байгаа. Ямарваа нэг хүндрэл гараагүй байна

-Их дээд сургуулиудыг яах бэ?

-Их дээд сургуулиудад өвчлөлийн тоо харьцангуй нэмэгдэх хандлагатай байна. 10 сарын 23-нд өвчтэй гэсэн 35 оюутан байсан бол өнөөдрийн 12 цагийн байдлаар 45 болсон байна. Гэхдээ Их, дээд сургуулиудыг амраах шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл оюутнууд хөдөө тараад явчихна. Тиймээс Улаанбаатар хотод, эмчилгээний бололцоотой нөхцөлд оюутнуудаа байлгаж байсан нь дээр гэж үзсэн. Харин Их дээд сургуулийн удирдлагууд ариутгалын арга хэмжээгээ аваад, анги танхимаа халдваргүйжүүлээд, оюутнуудынхаа халууныг сайн хэмжиж, халуурсан оюутан байвал нэн даруй хичээлээс нь чөлөө өгч явуулах арга хэмжээ авах ёстойг хэлье.

Нийтдээ 25 сургууль вирусийн халдвар илэрсэн байгаа. Халдвар авсан хүмүүсийн ¼ нь боловсролын салбарынхан байна гэлээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.