2022.06.30
Ц.Туваан: Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчийн цалин хөлсний асуудалд анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.30\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Хөдөө орон нутагт төрийн албанд ажиллах хүн байхгүй болсон. ТЗ-ийн 1 3-аар ажиллаж байгаа хүн татвар, нийгмийн даатгалаа төлөөд гар дээрээ 560 мянган төгрөг авч байна. 4-5 жил сураад төрийн албаны шалгалт өгөөд орон нутагт очиж байгаа залуус ийм цалин авч байгаа юм. Цалин хөлсний асуудалтай нь хамт оруулж ирэх боломж байхгүй юу. Дээрээс нь төрийн албан хаагчийн шалгалт гэж бий. Зарлаад авдаг хүн тэнцдэггүй. Үүнийг өөрчилж болдоггүй юм уу? Гэрээгээр ажиллуулах заалт бий юу.
Төрийн албан хаагчийн тоо онгорхой байх тусам хоёр хүний ажлыг нэг хүн хийдэг, үр дүнгүй иргэд төрийн албаны үйлчилгээ авахад бухимдалтай байна. Ард иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй хохирч байгаа асуудалд төрийн албан хаагчийн тоо дутуу байгаа. Орон нутагт яг хэдэн албан хаагч дутуу байна вэ? Орон нутагт очиж ажиллах албан хаагчийн цалин хангамжаас гадна орон байрны асуудлыг ярьж байж дараа нь төрийн албаны үйлчилгээний чанараа ярих хэрэгтэй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.