УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Тэтгэвэрт гаргах, шүүгчийн ажлыг дуусгавар болгох асуудлыг хуулинд тодорхой бус оруулсан гэж ийм заалт ярих шиг боллоо. Шүүхийн тухай хуулийн 40.1 дээр тэтгэвэр авах насанд хүрсэн, шүүгчээр 25 жил ажилласан хүн өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарахаар заачихсан. 40.2.9 дээр өндөр насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарна гээд тодорхой заачихсан байна. Яагаад тэтгэвэрт гарсан хүнээ гаргахгүй байгаа юм бэ? Тэтгэвэрийн насанд хүрсэн хэдэн хүн байгаа юм.
Шүүхийн нэр хүнд муу байгаа. Салхитын мөнгөний орд гээд баахан шүүгч мөнгө авч авилгалд орсон. Ялангуяа орон нутагт болон Улаанбаатар хотод төлбөрийн чадваргүй иргэд өмгөөлөгч аваад шүүхээр шийдэхэд дандаа нөгөө талд шийдвэр гарч, ялгаварлалтай ханддаг. Анхан шатны болон давах шатны шүүгч нарын гаргасан шийдвэрт дээд шүүхийн шүүгч нар хяналт тавьдаг юм уу? арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг уу? Үнэхээр анхан болон давах шатны шүүх дээр хууль завхарч байгаа шүү. Сахилгын хороо бид байгуулсан. Энэ хороо ажиллаад 5 шүүгчид л хариуцлага тооцсон байна. Үнэхээр хангалтгүй байна.
Мөн дээд шүүхийн хууль тайлбарладаг асуудал байна. Иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, процессынхаа хуулийг тайлбарлаад байдаг. Салбарын хууль захиргааны хууль дээр ямар ч тайлбар хэлдэггүй. Энэ салбарын хууль захиргааны түвшинд олон зөрүүтэй, хуулийн зөрчилдөөнтэй ийм ажлууд явж байгаа. Та хоёр томилогдох бол энэ асуудалд яаж ажиллах юм?