Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсран Хөдөлмөрийн Баатар цол хүртлээ
Улсын мод үржүүлгийн газрын дарга асан “Ой, ан төв” үйлдвэрийн газрын дарга асан Баттөмөрийн Жамсран нь ойн салбарыг хөгжүүлэх үйлсэд эзэмшсэн мэргэжил, хөдөлмөр зүтгэлээ 50 шахам жил зориулсан. Тэрээр энэ хугацаанд Дархан цаазат “Богд хан” уулын хөвч ойн хамгаалалт, арчилгааг гардан зохион байгуулж, түймэрт өртсөн Тужийн нарсан ойд 20 сая гаруй мод тарьж ургуулан улсын ойн санд хүлээлгэн өгсөн юм. Түүний ойн нөөцийг нэмэгдүүлж, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орныг хамгаалах бүтээлч санал, санаачилга гаргаж, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сурган дадлагажуулж, чадавхжуулсан хичээл зүтгэл, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмрийг нь үнэлэн Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.