Дорнын говь нутгаас "Хөдөлмөрийн баатар" төрлөө
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, Монгол Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Ухнаа гуайд өнөөдөр /2022-7-07/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Д.Ухнаа гуай нь Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.
Түүнд УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар хүндэтгэл үзүүллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn