Германы тамирчин Монголын баруун хязгаараас зүүн хил хүртэл замыг уулын дугуйгаар туулахаар шийджээ
2022.07.22

Германы тамирчин Монголын баруун хязгаараас зүүн хил хүртэл замыг уулын дугуйгаар туулахаар шийджээ

Герман улсын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе энэ оны наймдугаар сарын эхээр Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл замыг уулын дугуйгаар туулж, Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоохоор төлөвлөж байгаа талаар мэдээлэл хүргэлээ.

Тус аялал нь дугуйн спортоос гадна Монголын cоёл, уламжлал, үзэсгэлэнт байгаль, орчин үеийн дэд бүтцийн хөгжил тэр дундаа хэвтээ тэнхлэгийн мянганы авто замын хөгжил, дэвшлийг сурталчлах томоохон боломж гэдгийг ноён Маркус Лох онцлон хэлэв.

Тэд аялалаа эхэлсэн өдрөөс Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын Боролдой студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчлах тухайгаа танилцуулав. Дугуйн спорт нь байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд ач тустай гэдгээрээ онцлог билээ. Энэхүү ажлаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд Л.Халтарт уулзалтын үеэр уламжилсан юм.

Сайд Л.Халтарын зүгээс дээрх ажлыг дэмжихээ илэрхийлэв. Зочдын дайрч өнгөрөх аймаг бүрд Авто Тээврийн Үндэсний Төвийн/АТҮТ/ салбар, авто замын засвар арчлалтын цэгүүд байдаг тул салбар байгууллагуудтайгаа холбон шаардлагатай асуудлаар туслах, хамтран ажиллах боломжтойг хэллээ.

Аяллын хугацаанд гадаадын болон дотоодын жуулчид орон нутагт ихээр зорчих тул замын хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, тав тухтай зорчиж, зорьсон хэргээ бүтээх их амжилт хүсэв.

Гиидо Кунзе нь 1965 онд төрсөн, бизнес эрхэлдэг, экстрим спортын тамирчин юм. Тэрбээр сүүлийн арван жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон. Тодруулбал, Австралийн баруунаас зүүн тийш 4,200 километр замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6,233 метрийн өндөрт гарчээ. Мөн Альпын нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн гайхалтай дээд амжилтуудыг эзэмшдэг тамирчин юм.