Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэв. Нийслэлийн харьяа газар, алба агентлагууд, дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:
-Манай байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хүндрэлтэй асуудал нь бульдозерийн хүрэлцээ хангамж юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэ бульдозер оруулж ирэхээр тендер зарласан боловч компаниуд оролцохгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол хогийн цэгүүдэд ажиллаж буй бульдозер эхнээсээ эвдэрсэн.
Бас нэгэн анхаарал хандуулах асуудал нь халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөц юм. Цаг агаарын нөхцөл байдлын урьдчилсан тооцооллоор ирэх өвөл цас их унах төлөв гарсан. Тэгэхээр одоо байгаа бодис, давсны нөөц хүрэлцэхгүйд хүрч мэдэх нь. Тиймээс нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий. Бусад төлөвлөгөөт болон тохижилтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байна. Төсөв, хөрөнгө мөнгө дутагдсан зүйлгүй.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай:
-Дүүргийн хувьд өвөлжилтөд бэлтгэх ажил графикийн дагуу өрнөж байна. Тасалдсан, доголдсон зүйлгүй. Татварын орлого бүрдүүлэлт биелж яваа. Намрын улиралд хог тээврийн жолооч нар дутмаг болчихдог. Учир нь жолооч, ачигч нар цалингаа голж, ажлаа орхих тохиолдол мэр сэр бий. Тиймээс хог тээврийн салбарт боловсон хүний дутмаг байдал үүсээд байна. Хотын хэмжээнд шарилж устгах аян зохион байгуулж байгаатай холбоотойгоор тээвэрлэж буй хогны хэмжээ урьд өмнөхөөс нэмэгдсэн. Үүнээс үүдэн хэлэхэд Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэж, үнэ тарифийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй болов уу.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:
-Манай дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 70.6 хувьтай байна. Харин татварын орлого төвлөрүүлэлт хүндрэлтэй байна. Ялангуяа газрын төлбөр хураамж дээр анхаарах хэрэгтэй байна. Өмнө нь дүүргүүд газрын үнэ төлбөр тогтоодог байснаас маргаан их үүсдэг. Тиймээс дүүрэг бүрд өөр өөр үнэ тариф мөрдөж, маргаан үүсдэг байсан. Түүнчлэн хог хаягдлын орлогыг цахилгааны мөнгөтэй хамт авч төвлөрүүлдэг. Гэр хороололд нэг хашаанд олон айл өрх амьдардаг. Тэгсэн хэрнээ нэг хаалга нэг төлбөр зарчмаар 2500 төгрөг л өгдөг. Тиймээс цаашид хог хаягдлын төлбөрийг айл өрхийн бус хүний тоогоор авдаг болгох нь зүйтэй байна. Мөн цахилгаан сүлжээний байгууллагууд хог хаягдлын орлого төвлөрүүлэхдээ 23 хувийг суутгаж авч байгааг ярилцах хэрэгтэй санагддаг.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа:
-Сүхбаатар дүүргийн хэмжээнд 11 төрлийн ажлыг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй сургууль, цэцэрлэгийн гадна фасад дээврийн засварын ажил 97 хувьтай байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх 355 тонн бодис нөөцөлсөн. Хог тээвэрлэлт үнэхээр хүнд байна. Хог тээврийн жолооч, ачигч нар ажлаа хаяад явчихдаг тал бий. Татварын орлого төвлөрүүлэлт 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар:
-Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 80 хувийн биелэлттэй байна. Сайжруулсан түлш борлуулах, нөөцлөх болон халтиргаанаас хамгаалах давс, бодисын нөөцөд анхаарч байна. Манай дүүргийн сургууль, цэцэрлэгүүд нэлээд дээр үед баригдсан байдгаас дээврийн сантехникийн засварууд хийгдэж байна. Гэрэлтүүлэг 95 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 байршилд фасад засвар хийж буй. Энэ ажил 75 хувьтай байна. Гэмтлийн эмнэлэг чиглэлийн авто замыг өргөтгөн засварлаж байна. Энэ замыг хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч байгаа. Орлого бүрдүүлэлтийн хувьд хүн амын орлогын албан татвар бага зэрэг тасалдалттай байгаа ч оны төгсгөл гэхэд бүрэн биелүүлэхээр ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл:
-Дүүргийн хэмжээнд өвөлжилтөд бэлтгэж олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн засвар хугацаандаа хийгдэж байгаа. Томоохон эмнэлэг, спортын байгууламжийн хөрөнгө оруулалтад бэрхшээл саад учрахаар байна. Дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага хувийн хэвшлийнх. Энэ долоо хоногт НИТХ-ын төлөөлөгч нар манай дүүрэгт ажиллана. Төсвийн орлогыг бүрдүүлэхээр шамдаж байна. Оны эцэс гэхэд бүрэн төвлөрүүлэх болно.
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн:
-Өвөлжилтийн бэлтгэл ажил Хан-Уул дүүрэгт 75 хувьтай байна. Сургууль цэцэрлэгийн засварыг есдүгээр сарын 1 гэхэд дуусгахаар ажиллаж байна. Тэдгээрээс 218 дугаар цэцэрлэгийн засварын ажил удаашралтай байгаа. Тендерт шалгарсан компанийг шахаж шаардаж байна. Орлого бүрдүүлэлт 81 хувьтай байна. Хүн амын орлогын татвар, газрын төлбөр хураамж тасалдаж мэдэх нь. Хог тээвэрлэлтийн зургаан машин шинээр авч парк шинэчилсэн. Өнгөрсөн онд дөрвөн камаз авсан. Гэтэл шинэ машинуудад эвдрэл их гарч байна гэлээ.
Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөсний дагуу амжилттай явж байгааг Засаг дарга нар тодотгож байлаа. Налайх дүүрэг энэ жилээс эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд багтаж, сайжруулсан шахмал түлш түлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хийж эхлээд байгаа бөгөөд одоогоор түлшний нөөц бүрдүүлж хараахан амжаагүй ч тун удахгүй нөөц бүрдүүлэхэд анхаарна гэдгийг хэлж байлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn