2022.08.23
Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны барилгын дэд бүтцийн санхүүжилтийг 2023 оны төсөвт суулгана
Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид танилцлаа.
Баянгол дүүргийн 2 дугаар хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй Барилгын-7 буюу 7-1, 7-2, 7-3, 7-6, 7-7 дугаар байрны төсөл дээр төлөөлөгчид очиж, ажиллалаа. Хэд хэдэн багц тендер зарлаж, аж ахуйн нэгжүүд шалгараад байгааг энэ үеэр тус дүүргийн удирдлагууд хэлж байлаа.
Харин нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цахилгаан хангамж болон инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн өргөтгөл хийх ажил тулгамдаад буйг мөн тодотгосон юм. Түүнээс гадна байраа чөлөөлсөн айлуудын түрээсийн зардал зэрэг хугацаа хойшлох тусам бий болох санхүүжилтийн асуудлыг даамжруулахгүйн тулд дэд бүтцийн хөрөнгийг 2023 оны төсөвт батлуулна гэдгийг төлөөлөгчид онцоллоо.