Багануурын уурхай 18.3 тэрбумын алдагдлаас болж ажил нь доголджээ
2009.11.23

Багануурын уурхай 18.3 тэрбумын алдагдлаас болж ажил нь доголджээ

Нүүгэлтсэн саарал шороон дунд ЭШ-1590 экскаватор ажиллаж байна. Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 40 хувийг хангаж, иргэдийг гэрэл, дуулаантай байлгахын тулд энэ экскаватор өдөр бүр ажилладаг. Нэг удаа 30 тонн шороо шанагаддаг Багануурын уурхайн аварга том экскаваторын нэг өдрийн ажил зогсоход нийслэлчүүд хөлдөх аюултай. Иймд зогсолтгүй ажиллах тушаал экскаватор болон уурхайн ажилчдад ногдож байгаа юм. Гэвч Багануурын уурхайн тоног төхөөрөмж хэдэнтээ засварт орж, чадал нь мууджээ. Мөн тус уурхайгаас нүүрс авдаг Дарханы Дулааны цахилгаан станц, Нийслэлийн “ТЭЦ-IV”, Багануурын станц гэсэн гурван газар нийт 13 тэрбум 465 сая төгрөгөө төлөөгүй учраас уурхайн санхүүгийн чадавхи нь доройтжээ. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжөө шинэчилж, станцуудаас нүүрсний төлбөрөө авч барагдуулахгүй бол уурхайн ажил доголдох аюултайг “Багануур” хувьцаат компанийн дарга Д.Дамбапэлжээ төрийн удирдлагуудад анхаарууллаа.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүрэгт ажиллаж, тус компанийн ажилтай танилцах үеэр энэ тухай мэдээлсэн юм. Спикертэй хамт Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Шинэбаяр, Х.Бадамсүрэн, Нийслэлийн ИТХ-ын дарга Т.Билэгт нар ажиллав. Компанийн 75 хувь нь төрийн мэдэлд байдаг учраас төр өмчиндөө анхаарахгүй бол амь нь тасарч, цаашлаад их хотын гэрэл, дулаан саатаж болзошгүйг дуулгав. Багануурын уурхай 599.8 сая га тонн нүүрсний нөөцтэй бөгөөд одоогоор 70 гаруй саяыг нь олборлоод байна. Эхлээд хөрсийг нь хуулж, шороог нь ухаж, дороос нь нүүрс гаргаж авдаг. Ийм ажлын горимоор газрыг 106 метр гүн ухсан байна. Уурхайгаас өдөрт 10 мянган тонн нүүрс ачуулдаг бөгөөд энэ нь “ТЭЦ-IV” станцын нэг өдрийн хэрэгцээ гэсэн үг.

Одоогоор нэг тонн нүүрсийг 16200 төгрөгөөр борлуулдаг бөгөөд өөрийн өртөг нь 20484 төгрөг байдаг аж. Тэгэхээр тонн тутамд тодорхой хэмжээний алдагдал хүлээдэг гэнэ. Багануурын уурхай сүүлийн хоёр жилд 18.3 тэрбумын алдагдал хүлээж, ажил нь доголдоход ойртжээ. Мөнгөө авч чадахгүй, нүүрсээ зүгээр өгчихдөг халамжийн уурхай болж алдагдал хүлээснийг дарга нь хэллээ. Нүүрс авдаг станцуудыг сар бүр төлдөг мөнгө нь ч багасчээ. Станцуудын хувьд ч мөнгөний гачаалд орчихсон. Учир нь иргэд цахилгаан, дулааныхаа мөнгийг цаг тухайд нь төлдөггүй учраас иргэд-станц-уурхайд гэсэн дамнасан өр бий болжээ. Иймд алдагдлаас гарахын тулд нүүрсний үнийг нэмье гэж “Багануур” хувьцаат компанийн захирал Д.Дамбапэлжээ ярив. Ингэхдээ нэг тонн ннүрсийг 20 мянга болгож нэмэх саналтай байна. Хэрэв нүүрсний үнэ нэмэгдвэл станцууд цахилгааны үнээ нэмж, иргэдийн нуруунд ачаа нэмэгдэнэ гэсэн үг.

Тэгэхээр энэ өвлийг давахад үнэхээр хүнд болсон аж. Компанийн захирал хэлэхдээ ”Цахилгаан станцууд төрийн мэдэлд байдаг учраас 13 тэрбум төгрөгийн авлагыг бидэнд авч өгнө үү. Мөнгөө л авчихмаар байна, эрхэм дарга, сайд нар аа. Өрөө авчихвал төрийн халаас руу заавал орох шалтгаан алга” хэмээв. Нүүрсний үнийг нэмлээ гэхэд нэг тонн нь 22 мянган төгрөгт хүрэх боломжтой аж. Багануурынх илчлэг багатай хүрэн нүүрс тул чанарын хувьд бусадтай өрсөлдөх чадвар муутай учраас дээд үнэ нь 22 мянгаас хэтрэх боломжгүйг компанийн удирдлагууд хэлж байна.

“Багануур” хувьцаат компанийн дарга Д.Дамбапэлжээгээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уурхайд нүүрлэсэн хямралыг хэрхэн гатлах боломжтойг асууж тодруулав.

Д.Дэмбэрэл:
Компанийн 75 хувийг төр эзэмшдэг. Үлдсэн 25 хувь нь ямар нөхдийн мэдэлд байна вэ?

Д.Дамбапэлжээ: 14 хувийг нь “Монгол алт” компани эзэмшдэг.

-Хувьцаа эзэмшдэг хувь хүн болон аж ахуйн нэгжүүд алдагдлаас гарахад ямар үүрэгтэй оролцож байна вэ?

-Төрийн өмчийн хороонд энэ тухай санал хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар өмчийн эзэд энэ тухай ярьж шидэх байх. Одоогоор ямар ч шийдэл алга.

-Тэд 25 хувьдаа тохирсон хөрөнгө оруулалт хийхийг шаардах хэрэгтэй. Зүгээр сууж орлого завшиж болохгүй. 13.5 тэрбумын авлагаа яаж барагдуулах тухайд төлөвлөгөө байна уу?

-Цахилгаан станцууд 100 хувь төрийн өмч. Тэдэнд ч хэцүү байгаа юм шиг байна. Тэгэхээр төр үнэ нэмэх, эсвэл татаас өгч боломжтой хувилбараар шийдэхгүй бол бие биенээ татаж унагаах гээд байна.

-Нэг тонн нүүрсний үнийг 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхэд цахилгааны үнэ хэд болно гэж тооцож байна вэ?

Эрдэс баялаг, эрчим хүчий сайд Д.Зоригт:
-23 хувиар өснө гэсэн үг. Нэг кват нь 80 төгрөг болох юм гэв.

Ганц далайлтаар нүүрсний үнийг нэмж чадахгүй гэдгийг спикер Д.Дэмбэрэл хэллээ. Салбарын сайдын мэдээлснээр “Багануур” компанид 10 орчим тэрбум төгрөгийн туслалцаа төрөөс очих боломжтой аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.