Дорноговь аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойн мэнд дэвшүүлье
Нутаг орныхоо хөгжил, бүтээн байгуулалтын өнгө төрхийг тодорхойлогч барилгачид та бүхэнд Дорноговь аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Анх 1961 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Хөвсгөл аймгийн Их уул сумын барилга конторыг татан буулган Дорноговь аймагт шилжүүлэн байгуулах шийдвэр гарч хоймор нутгийн 80 гаруй барилгачид ирж аймгийн барилгын байгууллагын суурийг тавьснаас хойш нэг жаран өнгөрчээ. Эдүгээ аймгийн хэмжээнд орон нутгийн 23 компани барилгын үйл ажиллагаа эрхэлж, 500 гаруй мэргэжлийн ажилтан, ажилчдаас бүрдсэн боловсон хүчний чадавхтай болж чаджээ.
Барилгын салбараас аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ 2011 онтой харьцуулахад 34,2 хувиар буюу 8.3 тэрбум төгрөгөөр өсөж, аймгийн хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ өссөн дүнгээр 351.8 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн байна.
Орон сууцны хорооллууд, кино театр, хүүхдийн зуслан, 1000 хүний суудалтай соёл спортын цогцолбор, багийн иргэдийн хөгжлийн болон эрүүл мэндийн төвүүд, халдвартын эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг олон олон бүтээн байгуулалтуудыг орон нутгийн компаниуд гүйцэтгэж ашиглалтад оруулсан амжилтаар дүүрэн байна. Аймгийн нийт өрхийн 41 хувь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдарч, 12 сумын төв инженерийн шугам сүлжээнд холбогдоод байна.
Үе үеийн барилгачин та бүхэндээ Дорноговь аймагт мэргэжлийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж та бүхэнд амжилт бүтээлийн дээдийн ерөөлийг өргөн дэвшүүлье.