2022.10.14

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хянан шалгах түр хороонд төсөв байхгүй болохоор ажиллах нөхцөл хязгаарлагдмал байгааг харгалзаж, хараат бус байдлыг хангах ёстой

УИХ-ын чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо 6 сарын хугацаатай ажиллана. Нэг удаа 6 сарын хугацаагаар сунгаж болно гэж заасны дагуу сунгаж ажиллах шаардлагатай. Сунгалаа гэхэд хугацаа нь намрын чуулганы төгсгөлд дуусна. Өөрөөр хэлбэл хөгжлийн банкны хянан шалгах хороо нэг ээлжит чуулганд шахуу хуваарьтай ажиллах үүрэг хүлээж байгаа юм. Ингээд УИХ-д тайлангаа тавина. Адьшаа Доржханд гишүүд маш чухал үнэнийг хэлж байна. Түр хороонд төсөв алга. Мөнгөгүй болохоор ажиллахгүй гэж хэлж байгаа юм биш шүү. Ажиллана. Гэхдээ 2016 онд шалгах үед төмөр замын хэрэг дээр цаас нь гэхэд нэг портер байгаа юм. Зөвхөн төмөр замын хэрэгт. Дамжуулан зээлдэх гэрээ чинь 1200 аж ахуй нэгжид зээлсэн асуудалтай. Үүнтэй холбоотой хууль хяналтын байгууллагууд ял завшуулаад байна уу үгүй юу?

Хараат бус шинжээчдийг татаж, дайчилж ажиллуулах шаардлага үүсээд байна. Гэтэл мэргэжлийн тус хүнийг бүхэл бүтэн УИХ-ын түр хороо үнэгүй ажиллаач гэж хэлж болохгүй шүү дээ. Ийм том хэрэг рүү оруулж байж хараат бусаар ажиллах нөхцлийг нь хангах үүрэгтэй.  Хэрэг дээрээ түр хороог наанаа дэмжээд, цаанаа чагтлаад байгаа юм биш үү. Сүхбаатар гишүүн хэлж байсан. Сангийн яам, Төсвийн байнгын хороо зориудаар нэг ч төгрөг тавиагүй юм байна лээ. Гэтэл хөшөө дурсгалд хэдэн тэрбумаар нь булдаг.

Хулгайтайгаа тэмцье гэхэд мөнгө тавихгүй. Энэ чинь эс үйлдэл. Төсвийн хорооны даргаар шинэ хүн сонгогдсон. Нөхцөл байдал арай өөр болно гэж найдаж байна. Мөн үүнд дэмжлэг үзүүлж манай гишүүд түр хороонд ажиллах хүмүүсийг нөхцөл, бололцоогоор нь хангах боломж бүрдүүлээч. Шинжээч нь албан бичгээ явуулах гээд принтер байна уу гээд явж байна шүү дээ. Энэ чинь болохгүй биз дээ. Бодит байдал нь ийм байна. Тиймээс та бүхэн дэмжиж өгөөрэй. Би бол ичихгүй шүү. Түр хороон дээр ичихгүй зарлана шүү.