Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хил хамгаалах ерөнхий газарт ажиллав
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж улсын хил хамгаалалтад тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга тэргүүн дэд дарга бөгөөд, хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд, Хил хамгаалах ерөнхий газрын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн улсын хил хамгаалалт, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, улсын хил хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаад байгаа асуудал болон албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлогын талаар танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс болсон улсын хил хамгаалалтын эрх зүйн орчинг шинэ түвшинд гаргаж Монгол Улсын хилийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сард баталсан бөгөөд улсын хилийн аюулгүй байдлыг хангах, бүсчилсэн хил хамгаалалтын хэрэгжилт болон хууль хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл, бэрхшээл, хийдлийн талаар санал солилцохын сацуу хугацаат цэргийн албанд татагдан очсон цэргүүдэд цэргийн дэглэлтийн асуудал хэрхэвч гаргаж болохгүй талаар онцоллоо.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хилийн удирдлагын шинэ төв болон зарим заставын барилгын ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар болон хилийн бүсийн зөрчил гардаг бүс нутгуудад инженерийн саадын байгууламжийг нэмэгдүүлж, электрон хяналтын төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд хилийн зөрчил буурч байгаа талаар танилцууллаа.
Түүнчлэн “Цахим застав” төслийн хэрэгжилт, хилийн зөрчил, тухайлбал, малын хулгай, хориотой эм бэлдмэл нэвтрүүлэх зөрчлийг таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илтгэж, Хилийн шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар үеийн үед санаа зовоодог асуудал бол хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн нийгмийн баталгааны асуудал байдаг бөгөөд хилчдийн гэр бүлийн хүмүүс бүхий л залуу халуун насаа Монгол Улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй байдал, дархан хилийг хамгаалж хил дээр өнгөрүүлдэг учраас нийгмийн баталгааны асуудлыг нь онцгойлон авч үзэж, боломжтой бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Хилчдийн нийгмийн асуудлын талаар тодорхой саналыг судалж, зохих журмын дагуу Хууль зүйн байнгын хороонд ирүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдэгдлээ.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг хоёр улсын хооронд 1958, 1976 онд байгуулсан хилийн гэрээнүүдийн дагуу газар дээр нь тогтоон тэмдэглэсэн бөгөөд хилийн дэглэмийн гэрээг 1980 онд байгуулж, 2006 онд шинэчлэн батламжилсан. Улсын хилийн хамтарсан шалгалтыг 1987-2001 онд явуулсан байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн гэрээг анх 1962 онд байгуулж, 1988, 2010 онд шинэчлэн батламжилсан бөгөөд Монгол-Хятадын хилийн нэг дэх удаагийн хамтарсан шалгалтыг 1982-1984 онд, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2004 онд зохион байгуулаад байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn