2010.05.20

МоАХ партизанууддаа байр олгов

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг жилийн турш тэмдэглэнэ гэж төлөвлөсөн. Тэр дагуу МоАХ-ныхон ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан анхны гишүүддээ байр олгов. Эхний ээлжинд өчигдөр 10 байрны түлхүүрийг эздэд нь гардуулсан юм.

Энэ үеэр МоАХ-ны дэд дарга Ш.Түвдэндорж "Ардчилсан нийгмийг байгуулах өөрчлөлт шинэчлэлтийн төлөө залуу насандаа эр зориг гарган оролцсон гишүүдийнхээ амьдрал ахуйг нь бид харж үзэх ёстой. Энэ үеэр хувьсгалд оролцсон анхны гишүүдийн зарим нь хувь заяаны эрхээр хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдрал ахуй нь муу байна. Ийм үед нь бид нөхдөдөө туслах учиртай.

Тиймээс ойн өдрүүдийн хүрээнд тэдэнд нэг өрөө байр өгч, амьдралд нь томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Бид жил бүр 1-2 байр гишүүддээ өгч ирсэн. Ардчилсан хувьсгалд оролцож байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нөхдийнхөө ар гэрийнхэнд байр нөхөн олгож байна" гэв.Монголын Ардчилсан холбооны "өндөр ээж" хэмээгдэх болсон Т.Норжин гуай байрныхаа түлхүүрийг гардаж авахдаа "Ардчиллын буян хэмжээлшгүй их юм. Чөлөөт нийгмийг цогцлоон бүтээхэд оролцож явсандаа туйлын их баяртай байдаг.

1989 оноос өдийг хүртэл холбооныхоо ажилд оролцож явна. Цаашдаа ардчилал бидэнд аз жаргал авчирна. Гагцхүү хүн бүхэн эх орноо гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй" гэж сургамжилж байв. МоАХ-ны партизануудын нэг Д. Алтанпүрэв гуай 61 настай ч өнөөг хүртэл холбоондоо хүчин зүтгэсээр байна. Тэрбээр "Хааяа ажилдаа шантрах үе гардаг ч хамт олонтойгоо ажиллах сайхан. Тэтгэвэртээ гарсан ч цагаан байрандаа үйлчлэгчийнхээ ажлыг хийж байна. Х.Баттулга сайддаа үнэхээр их баярлалаа. Хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгч байгаа нь манай холбоо сайн ажиллаж байгаагийн илрэл юм" хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа. МоАХ партизанууддаа шинэ байрыг нь гал тогооны тавилгатай хамт гардуулсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.