Оны эхний өдрөөс эхлэн нийлэг уут хэрэглэсэн, зарсан, импортоор оруулж ирсэн этгээдийг торгоно
2010.01.04

Оны эхний өдрөөс эхлэн нийлэг уут хэрэглэсэн, зарсан, импортоор оруулж ирсэн этгээдийг торгоно

2010 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Зарим нийлэг, хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль хэрэгжиж эхлээд байна. uut_bye03Энэхүү хуулийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Балдан-Очир, Л.Гансүх, Э.Мөнх-Очир нарын гишүүд санаачлан, боловсруулж, өнгөрсөн 4-р сард УИХ-аар батлуулсан билээ.

Гаалийн статистикийн газрын мэдээгээр зөвхөн 2007 онд 65 сая нийлэг уут, 228 мянган тонн нийлэг уутны түүхий эд импортоор оруулж ирсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад тоо ширхэг нь 32 хувиар нэмэгджээ. Энэ нь хамгийн багаар тооцоход манай улсад хоногт 180 мянган ширхэг нийлэг уут хэрэглэж байна гэсэн үг юм. Түүнчлэн зөвхөн Улаанбаатар хотод байдаг 49 сүлжээ дэлгүүрээс \"Миний дэлгүүр\"-ийн сүлжээний нэг дэлгүүр л гэхэд өдөрт 18 мянга, \"Номин\", \"Скай\", \"Макс\", \"Сансар\" сүлжээ дэлгүүрүүд болон өргөн хэрэглээний барааны захууд нэг өдөрт нийтдээ 150 мянган ширхэг нийлэг уут зардаг гэсэн тооцоо байдаг аж. Гэтэл манай урд хөрш БНХАУ-д нийлэг уутыг үнэгүй тараадаг байснаа 2008 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн сав, баглаа боодлын зориулалтаар нимгэн нийлэг уут хэрэглэхийг бүрмөсөн хориглосон байна.

Батлагдсан хуулийн дагуу Нийлэг, хальсан уут гэдэгт юуг багтаах вэ гэхээр баглаа боодолд хэрэглэх зориулалттай, химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дахин боловсруулагдаагүй, удаан задардаг нийлэг, хальсан уутыг хэлэх юм байна. Харин зузааны хэмжээ нь 0.25 мм түүнээс бага зузаантай уут байх юм байна. Энэ хууль хэрэгжсэнээр нийлэг уутыг импортоор оруулж ирэхийг бүр мөсөн хориглож, хууль зөрчсөн иргэнийг 30-50 мянга, тухайн үйлчилгээний байгууллагыг 150-200 мянган төгрөгөөр торгох юм байна. Харин дээрх хальсан уутыг импортолбол 100-350 мянган төгрөгөөр торгох юм.

Харин хуулийн хэрэгжилтэд бүх шатны засаг дарга нар, мэргэжлийн хяналтын байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, мөн иргэд хяналт тавина хэмээн хуульчилсан юм.

О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.