11 дүгээр сард 2.3 сайя тонн нүүрс экспортолжээ
“Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газрын 362 дугаар тогтоол буюу гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх үүрэг бүхий бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газраас томилоод 35 хоног болж байгаа юм.
Энэ хугацаанд 341.5 сая ам.долларын үнэ бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулсан байна. Үүнээс 11 дүгээр сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2,3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортлосон гэдгийг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр зөвхөн 11 дүгээр сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрсийг уурхайгаас Цагаанхад руу ачуулж, 1.5 сая тонныг боомтоор экспортолж ажиллалаа.
Засгийн газрын тогтоол батлагдахад “Эрдэнэс Тавантолгой” компани нь 603 сая ам.долларын өртэй байлаа. Энэ бол урьдчилж авсан мөнгө. Үүнээс 152 сая ам.долларыг өр төлбөрийг барагдуулсан буюу ийм хэмжээний нүүрс гаргаад байна. Компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирч, өрийн дарамт багасч байна.
Экспортыг нэмэгдүүлэх Засгийн газраас өгсөн үүргийн дагуу 10 дугаар сарын 07-ны байдлаар өдөрт 53.5 мянган тонн нүүрс экспортод гаргаж байсныг өнөөдөр 110.9 мянган тонн болгож хоёр дахин нэмэгдүүлсэн.
Мөн “ Эрдэнэс Тавантолгой” компани өдөрт дунджаар уурхайгаас 229 тээврийн хэрэгслээр Цагаанхад чиглэлд 19.8 мянган тонн нүүрс экспортлож байсныг дунджаар 710 машинаар 74.2 мянган тоннд хүргэлээ.
Өөрөөр хэлбэл, тээвэрчид маань уртын тээвэрт явж, ажилтай, орлоготой болж байгаа юм.
Ил тод байдлыг хангах үүднээс компанийн нүүрс борлуулалтын 142 гэрээ, уурхайн ачилт, олборлолтын гэрээг нээлттэй болгосон. Уул уурхайн сайдаар ахлуулсан цахим биржээр арилжаа хийх журмыг боловсруулаад ажиллаж байна.
Мөн уурхай дээрх үйл ажиллагааг офиссоос бүрэн хянаж байгаа. Одоо Цагаанхаднаас Ганц мод боомтоор гарч байгаа ажлыг бүрэн камержуулна” гэлээ.
Олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа нүүрсний хулгайн тухайд ЭТТ компанитай ямар хэргүүд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа талаар Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат дараах хариултыг өгсөн юм.
“11 дүгээр сарын 22-нд Эрүүгийн цагдаагийн газарт Эрдэнэс Тавантолгой компаниас “ Тус компанийн Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн талбайд байх нүүрсний овоолгоос нүүрс дутсан асуудал байна. Шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан.
Хууль хяналтын байгууллагаас шалгаад мэдээллийг тодорхой болгох байх. Өмнөх удирдлагууд энэ асуудлыг судалж үзэж байсан юм билээ. Нүүрсний хулгай гэх асуудлын тухайд 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой шалгагдсан асуудал бий. Энэ нь ЭТТ компанийн ашиглалтын талбайгаас 268.3 мянган тонн нүүрс олборлосныг “Тавантолгой” ХК, “ЭТТ” ХХК-ийн хамтарсан ажлын хэсгийн тайлангаар баталгаажуулсан боловч нягтлан бодох бүртгэлийн тайланд үнэлгээг тусгаж бүртгээгүй гэм буруутай этгээдийг тогтоож хохирлыг барагдуулаагүй байна. ЭТТ компанийн талбайн олборлолтоос энэ бол дутсан нь үнэн. Мөн чанарын асуудал энд бий. Гаалийн дүгнэлтээр машины тоо нь зөрсөн зэрэг баримт бий. Цагдаагийн байгууллагад энэ асуудал шалгагдаж байгаа бөгөөд эцэслэгдээгүй байна. Орон нутгийн Тавантолгой компани ЭТТ компани хоорондын нүүрсний энэ асуудал хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа юм билээ.
Цагаанхаднаас цааш ачигдаж байгаа нүүрсэн дээр хяналт тавих шаардлага байгаа” гэлээ.