Гишүүд, дэмжигчдэдээ уриалж байна
2022.12.12

Гишүүд, дэмжигчдэдээ уриалж байна

Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Жил бүрийн арванхоёрдугаар сард энэ өдрийг угтан дэлхийн өнцөг булан бүрд шударга бус байдалтай нүүр тулж, хэлмэгдсэн хүмүүсийн төлөө олон сая захидал, цахим шуудан, твиттер жиргээ, фэйсбүүкийн нийтлэл, ил захидал илгээгддэг.

2001 оноос хойш Эрхийнхээ төлөө бичицгээе аяны хүрээнд 100 гаруй хүнийг эрүү шүүлт, хавчилга, шударга бусаар хоригдох явдлаас чөлөөлж, амьдралыг нь өөрчлөхөд тусалжээ. 2021 онд 4.5 сая гаруй захидал уриалга, үйл ажиллагаа өрнөсөн байна.

Эрхийнхээ төлөө бичицгээе 2021 аяны хүрээнд газар нутаг, байгалийн баялгаа хамгаалсныхаа төлөө долоон жилийн хорих ял авсан Гватемалын багш, байгаль орчны идэвхтэн Бернардо Каал Холын төлөө хагас сая гаруй захидал уриалга илгэгдсний үр дүнд түүнийг 2022 оны гуравдугаар сард сулласан юм.

2022 оны олон улсын хүний эрхийн энэ өдөр "Эрхийнхээ төлөө бичицгээе" аян Зааны Ясан эргээс эхлээд Бельги, Дани, Канад, Итали, Ирланд, Мали, Нидерланд, Польш, Словени, Испани, Швед, Турк, Тайван, Тайланд, Монгол гээд дэлхийн бүх бүс нутагт нэгэн зэрэг өрнөж байна.

Энэ нь 12-р сарын турш дэлхий даяар үргэлжлэх юм. Монгол улсад иргэний орон зайг хамгаалахад бидэнтэй нэгдээрэй.