2009.04.09

Бид яагаад ядуугаараа үлдэв

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна.

Нэгэн цагт Монгол оронд Ардчиллын салхийг авчирч байсан МоАХ-ны даргаар өнгөрсөн жил сонгогдож байлаа.Тухайн үедээ жижигхэн намын даргад өгч байсан хариулт маань өдгөө ч хэвээр байгаа гэдгийг батлан энэхүү нийтлэлээ уншигч таны оюуны мэлмийд ахин хүргэж байна нэгийг тунгаах биз ээ.

Жижиг даргын доромжлол

Саяхны нэг үдэш нэг жижигхээн намын дарга надтай уулзаж, энэ тэрийг ярьж байхдаа “чин сэтгэлийн” зөвлөгөө өгч байна. “МоАХ-нд мөнгөө үрэхээ боль, хая. Наана чинь дандаа арчаагүй, ёстой жинхэнэ люмпэнгүүд үлдсэн. Юу ч хийгээд, хэчнээн төгрөг цутгаад нэмэргүй. Хайран мөнгө, хайран цаг л болно” Жижиг намын дарга уг нь ардчиллын буянаар тоолох зоостой, тоогдох нэртэй болсон нэгэн. Гэвч одоо эвэр ургаад эхийгээ мөргөж байгаа нь тэр. Хэдийгээр түүнийг цохиод авчихмаар санагдаж байсан ч биеэ барьж “Энэ хүн хаанаас гарч, хэний хүчээр өдий зэрэгт хүрснээ санаж яваасай” гэж бодоод л салсан. Түүний яриа надад эргэн дурсах, эргэцүүлэх олон зүйлийн сэдэл болсон юм.

17 жилийн дараах золголт

Би МоАХ-ны даргаар сонгогдсоноосоо хойш анх удаа ахмадуудтайгаа гал гахай жилийн Цагаан сараар золгов оо. 1990 оны жагсаал цуглааны эхний эгнээнд зогсож, хүйтэнд хөрч, халуунд халж явсан “партизанууд” маань ирлээ. С.Рэндоогийн нэхий дээл нэг л танил харагдана. Аль ерэн онд жагсаалд өмсөж явсан дээлээ сольж амжаагүй яваа ажээ. “Дарга аа, би энэ дээлээ сольж амжихгүй байсаар өдий хүрчих юм даа. Ерэн онд танд зарах гээд байсан ноосны хайчнуудаа ч зарж чадаагүй яваа. Одоо авчихгүй биз дээ” гэх С.Рэндоогийн гудиггүй яриа инээд, гуниг хоёрыг зэрэгцүүлнэ. Хамаг олны төлөө жагсаж, тэмцэж чадсан ч, хайч зарж, ашиг унагаж чадсангүй ээ.

Сонинд бичсэнээс үзэхэд эдэнтэй яг адилхан амьдарч, яруу найрагч Д.Урианхай гуайгаас эхнэр нь сүүний мөнгө гуйж явсан нэгэн гэхэд л наймаа, бизнес хийгээгүй мөртөө хагартлаа баяжиж, эрх мэдлээ батжуулахын тулд юу ч хийхээс буцахгүй болчихсон ямбалж суух юм.

Ганц С.Рэндоо гуай ч бус ахмадууд маань бүгд 90-оныхоо төвшинд үлджээ. Өмссөн зүүсэн, хармаан дахь мөнгө төдийгүй сэтгэл, зүтгэл нь. Цагаан сараар би олон ахмадынд очсон, бүгдийнх нь амьдрал ядуу зүдүү. Албан тушаал ахих гэсэнгүй, ашиг орлого хөөцөлдсөнгүй байгаагаараа үлджээ.

Цагаан сараар төр, засгийн томчуултайгаа золголоо. Өмссөн дээл нь гэхэд л Ардчилсан холбооны ахмадууд цалингаа насаараа цуглуулаад ч авч чадахааргүй үнэтэй гэнэ. Ерөнхийлөгчийн урт шар дээл гэхэд л 14 саяынх ажээ.

Хамар луугаа нэг удаа чихэх тамхиных нь үнэ ахмадуудын оройн хоолны үнэтэй тэнцэнэ. Дээдсийн Ганданд очиж гуулин бурхны өмнө харамгүй өрөх дарайсан хорьт жагсаалд оролцож явсан эмээгийн тэтгэврийн тэн хагас ажээ. Хачирхалтай нь, ихэс дээдэс нэгэн дуугаар бизнес хийлгүй, ариун шударга явснаараа гайхуулна. Төсвийн хөрөнгө хумслах нь бизнес хийхээс ариун үйлс юмуу, даа.

Эд бол Ардчилсан холбооныхны тэмцэж бий болгосон эрх чөлөөний үр шимийг хүртэж, эрх ямбыг эдэлж яваа хэсгийнхэн. 90 онд хэн байв аа. Хаана байв аа.

Хувьсгалын үр шимийг хүртэгсэд

“Хувьсгалыг гэнэн цайлган, цэвэр ариун сэтгэлтнүүд хийж, үр шимийг нь луйварчид, адгийн шаарнууд хүртдэг”. Германы цэцэн билэгт нэгэн хүмүүн ингэж хэлсэн гэх.

Бодвол ганц Монгол бус ертөнц даяараа ийм жамыг амссан бололтой. 1989 оны намар болсон Залуу уран бүтээлчдийн II зөвлөлгөөний үеэр шинэчлэл өөрчлөлтийг шаардан байсан залуусыг би гайхан, бахдан харж суусан. “Хонгилдон Цэгмид” гэж барималч залуу зөвлөлгөөний индэр дээрээс уйлан хайлан ярьж байхад өнөөгийн цатгалан дарга нараас хэн нь ч тэдний дунд байгаагүй. МоАХ-ны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны амралтын өглөө Залуучуудын соёлын төвд болоход одоогийн мундаг дарга нар дулаан гэр, өдөн хөнжилдөө шургаж хэвтсэн. Тэднийг энэ улсын талаар бодох ч сонирхолгүй явахад нь, МоАХ өнөөгийн нийгмийн байгууллын үндсийг тавих 13 зүйлт шаардлагаа сонордуулж байлаа. Олон намын систем, хүний эрх, сонгуулийн шинэ систем, парламентат ёс, нээлттэй эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөө, хувийн өмч. Бүгд биеллээ олсон ч түүний төлөө тэмцэж, зүдэрч явсануудад үр шим нь очсонгүй. Хөнжилдөө хэвтэж байсан нь цусалжээ.

1990 оноос хойш ардчиллын шимийг хэн нь илүү хүртсэнийг эргэн харъя.

УИХ-ын сонгууль

  • 1990-1992 МАХН-ын Засгийн газар. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
  • 1992-1996 МАХН-ын Засгийн газар. Ерөнхий сайд П.Жасрай
  • 1996-2000 АХ эвслийн Засгийн газар. Ерөнхий сайд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал
  • 2000-2004 МАХН-ын Засгийн газар. Ерөнхий сайд Н.Энхбаяр
  • 2004-2006 МАХН, ЭОА –Их эвслийн Засгийн газар, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж
  • 2006- МАХН-ын Засгийн газар, Ерөнхий сайд М.Энхболд

Ерөнхийлөгчийн сонгууль

1993-1997 АХ эвсэл П.Очирбат
1997 – 2005 МАХН Н.Багабанди
2005 – МАХН Н.Энхбаяр
17 жилийн дөрөвхөн жилд нь ардчилагчид засаг барьжээ. Тэдэнд бодсоноо хэрэгжүүлэх, ардчиллын үр шимийг түгээх боломжийг МАХН ганц хором ч олгоогүй юм. Дөрвөн жилд дөрвөн Засгийн газар байгуулсан түүх үүнийг харуулна. 1996-2000 онд бодит байдалд МАХН засгийн эрх барьж байжээ. Н.Энхбаяр 1997 онд нөхөн сонгуулиар УИХ-д орж ирмэгцээ л Зас¬гийн газрыг огцруулахыг шаардаад хүссэндээ хүрэв. Н.Энхбаяр УИХ-ын босгыг алхсан тэр өдөр-улстөрийн түүхэнд хар өдөр байсан ажээ. Ингээд дөрвөн жил засгаар наадлаа.

2000 оноос МАХН хэмжээ хязгааргүй засаглаж, тэр жилүүдэд Монгол Улс үндсэндээ хаант засаглалд шилжчихээд байсан билээ. Энэ дөрвөн жилд гаалийн “алтан үе” эхэлж, дэд сайдын суудлыг үнэ хаялцуулан худалдах жаяг тогтон, ХЗХ-ны дампуурлыг ёрлосон хууль батлан, Хадгаламжийн банкны мөнгийг луйвардах ажиллагаа эхэлжээ. УИХ-ыг ор нэр төдий болгов. 10 саяас эхэлсэн УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах хөрөнгийн хэмжээ 250 сая төгрөгт хүрч бүр уламжлал тогтов. Одоо Ерөнхийлөгчийн засаглалыг сурталчлаад байгаа хүн чухамдаа тэр жилүүдийн “амтыг” ахин мэдрэхийг хүсээд байгаа хэрэг.

МоАХ-ныхон 17 жил ардчилсан нийгэм байгуулсан, ардчилал ялсан гэж итгээд өөрсдөө үр шимийг нь хүртсэнгүй бахь байдгаараа үлджээ.

Лоозонгүй хувьсгал

Өнөөдөр хүн амын 40 хувь нь нэн ядуу, 80 хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж төсвийн хөрөнгө, гаднын зээл, тусламжийн мөнгө (тэрбум гаруй доллар) нийт хүн амын 6-8 хувийнхны зоог, шүүс болж байна. Парламентат ёсыг бэхжүүлэхийн оронд үгүй хийх санаархлууд цухалзаж эхэллээ.

90 мянган монголчууд, МоАХ, түүний олон мянган гишүүд үүний төлөө жагсаж цуглаж, тэмцэж явсан юм гэж үү. Ардчилсан хувьсгал ийм үр дүнд хүрэхээр зорьсон юм гэж үү.

МАХН 17 жил төр барихдаа уулга алдмаар сайхан лоозон олныг дэвшүүлжээ. “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя!” “Нуур амгалан бол нугас амгалан”, “Гоё сонгууль болоосой” “Морьд эргэлээ” ч гэх шиг. Хачирхалтай нь, хийхдээ бүгдийг лоозонгийнхоо эсрэгээр хийж байжээ. Төрийг хямраахын дээдээр хямрааж, түмнийг хоослохын туйлаар хоослов. 80 хувь нь ядуугаараа үлдсэн байхад хаа байна аа, тэр ядуурлаас аврагдсан хүн. Хаа байна, гоё сонгууль. Ерөнхийлөгчийн сонгууль Н.Энхбаяр гэж хүний хэт давамгайлал, тэнцвэргүй байдалд явагдсан. Өрсөлдөгчид нь Н.Энхбаярт ялалт ерөөж, гайхамшгийг нь магтсан шүлэг бичээд л ... Тийм сонгууль гоё юм уу. Тийм өрсөлдөөн байх уу.

Юун морь хаанаас, хаашаа эргэчхэв. Анх МоАХ-ны гишүүд тэнцвэргүй тэмцэлд эрслэн босохдоо “Монголчууд аа, мориндоо !” гэж уриалж байсан. Тэр морьдыг эргүүлж буцаан, ардчиллыг булшлахыг хүсээ юм болов уу. 17 жилийн турш хөгжилд тэмүүлсэн морьдын амыг татаж, буцааж байснаа хэлж байна уу.

Арван долоон жил гэдэг улс орны хөгжилд хангалттай хугацаа юмсанж. Бидэнтэй яг ижил гараанаас давхисан морьд бариандаа оржээ. Зүүн Европын орнууд, Орос бодит үлгэр жишээ болно. Биднийг давхиж байна гэж итгүүлсээр үнэн хэрэгтээ гараан дээрээ дэвхэцсээр үлдэж.

Ядуус морьдоо ахин эмээллэж ардчиллын бүрэн төгс ялалт руу давхихыг хүсэмжлэн байна. Тэд ямар ч лоозонгүйгээр, нийгмийн тэгш бус хуваарилалт, шударга бус явдал, авилга хээл хахуулийг арчих сүүлчийн тэмцэлд босно. Тэр хувьсгалын үр шимийг луйварчид бус ядуус хүртэх болно.

МоАХ юу хүсдэг вэ

МоАХ-ны үзэл баримтлалд энэ нь маш тодорхой туссан.

-Бид хүний эрх чөлөө баталгаажсан, улс төрийн нээлттэй байдал, үзэл санааны чөлөөт өрсөлдөөн ноёрхсон, бие хүн өөрийгөө илэрхийлэх, хөгжин дэвших боломж бүрдсэн, тусгаар тогтносон, ардчилсан оронд амьдрахыг хүсдэг.
-Бид аливаа дарангуйлал, дангаар ноёрхох эрмэлзлийг буруушаадаг. Бид зохион байгуулалттай хууран мэхлэлт, хуйвалдаан, эрх мэдлийн төлөө улайран зүтгэхийг эсэргүүцдэг
-Бид төр хүчтэй байхын үндэс нь иргэн, төр улсын эрх мэдэл нь зөвхөн олон түмний хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой гэж үздэг.

Тэгвэл энэ бүхэн өнөөдөр жинхэнэ утгаараа алга байна. Ардчилал ялсан, шилжилт дууссан гэж тунхаглах нь хоосон байна. МоАХ энэ улсад ардчиллын манаач байж, бамбар болж асах ёстой юм бол цаг нь иржээ.
МоАХ нээлттэй нийгэм бүрдүүлэх, иргэний нийгэм, парламентын засаглалыг бэхжүүлэх, нийгмийн удирдлагын тогтолцоог ардчилах, боловсронгуй болгох үндсэн зорилгыг тунхагласан бөгөөд энэ зорилгоо биелүүлэхийн тулд иргэний үүсгэл санаачилгын байгууллагуудтай хамтран ажиллах болно.


Бид яагаад ядуугаараа үлдэв

1989 оны нөхцөл ямар байсныг “Хонх” хамтлагийг дуунуудаас эргэн саная. “Би ажилгүй хүн” – Албан тасалгааны үүдийг сахисан би ажилгүй хүн... Өврөөс минь чихэр горьдсон үртэй хүн билээ, би. “Рашаантын 18” – намхан ширээнд тавьсан тавганд намайг тэжээсэн боорцог байна. Хатуу ч гэсэн сайхан ааруулыг хадгалж хадгалж чамдаа өглөө” . Энэ дүр зураг огтхон ч өөрчлөгдсөнгүй. Ажилгүйдэл газар авч, 400 мянган хүн гудамж метрлэсээр... Ядуурал туйлдаа хүрч, хатуу ч гэсэн сайхан ааруултай айл цөөхөн байна.

Нөгөө талын дүр зураг. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” – Холхиж яваа хүмүүс хол ч юм санагдана. Өнөөдөр олны хүчээр дээш өгссөнөө мартаад албан тасалгааныхаа цонхоор амьдралыг дүгнэж “шилжилт дууссан”, “бид хөл дээрээ тогтлоо” гэж тунхаглаж байна. “Цаасан малгай”- Малгайгүй явж болохгүй, май үүнийг өмсөөд гараа гэж хөөргөдөг хэвээрээ агаад цаасан малгайг өмсөж хөөрцөглөсөн хүүхдүүд нь улсын хөрөнгөд гараа дүрж, худал хулгайг дэлгэрүүлсээр, малгай өмсгөгчид нь хаацайлсаар байна.

Энэ бүхнийг бид харсаар, хүлээсээр суугаад ядуугаараа хоцорчээ. Ардчилал байнгын анхаарал халамжийг шаарддаг гэдгийг бид умартжээ. Ардчилал бол түлхээд орхичхоор хар эрчээрээ барианд орчихдог боулингийн бөмбөг биш юм байна. Түүний төлөө цаг үргэлж, тэмцэж, тордож байх учиртай юм байна. Ардчиллын дууч С.Цогтсайхан “Гүндүүгүй тайван байж чадаагүй”-н улмаас биднийг тэмцэлд хөтөлж, урт хар гарны эрхээр байхыг хүсээгүй учраас “Хонх”-оо дуугаргаж нойрноос сэрээсэн билээ. Миний гарт С.Цогтсайханы ээж Ж.Лхамсүрэн гуайн бичсэн дурсамжийн ном байна. Түүнд өгүүлснээр бол хүү нь жижиг ТҮЦ-тэй болохыг зориогүй, үзэл бодолдоо үнэнч байсаар хорвоог орхижээ. Харин Цогтсайхан, түүний нөхдийн бий болгосон ардчиллын шимээр Ерөнхий сайдын суудалд заларсан Н.Энхбаяр өвчтэй байх үед нь тусламж хүсэн хандсан гэр бүлийнхнийх нь хүсэлтэд хүйтэн хандий ханджээ. Ж.Лхамсүрэн гуай номдоо “Яагаад төр, засгийн эрхэм та алаг үзэв ээ. Та над шиг эхтэй. Хэрвээ бид хоёрын байрыг сольсон бол хөөрхий эх тань зүгээр сууж чадахгүй над шиг аврал эрж төр, засагтаа хандах байсан биш үү?” гэж бичжээ. С.Цогтсайхан болоод С.Рэндоо гуай нар луйварчид шиг идэх уух, олох долоох, хурааж хуримтлуулахыг эрхэм болгодоггүйгээс ядуу хоцорчээ.

Хүмүүс ээ, эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэгчид ээ! Урт хар гар байсаар байна. Тэр зүсээ хувирган, ардчилсан маань уншин биднийг нойронд умбуулангаа улсын хөрөнгийг цөлмөж, урагшлах хөгжлийг сааруулж, эрх мэдлээ мөнхжүүлэхийг хүсэж байна. Үүнийг олон нийт мэдрээд, сэрээд байгаагаас иргэдийн үүсгэл санаачилгын хөдөлгөөн олноороо түрэн гарч байна. Олны бухимдал хар аяндаа оргилж өөрсдийн хөдөлгөөн, байгууллагуудыг олноор байгуулж эхэллээ. Төр нь төр шиг байвал түмэн олонд бухимдах хэрэг юу билээ.

Жижигхээн даргад өгөх миний хариу

Ардчиллын буяныг амссан олон мянган хүний нэг нь би. Ардчиллын буянаар би чөлөөтэй зорчих эрхээ эдэлж, хөдөлмөр, санаачилгынхаа үр шимийг хүртэн хувийн өмчтэй болсон. Ардчиллын буяныг ямагт санаж явдгийн хувьд би МоАХ-г анхнаасаа дагаж, дэмжиж явсан. 1996 онд намайг болон миний хамт олныг Ардчилсан холбооны дээд шагна¬лаар шагнаж байлаа. Ардчиллын буяныг эдлэх¬дээ би төсвийн хөрөнгөнөөс хумсалж, төрийн албанд хоргодож, авилга горьдож явсангүй. Ардчиллаар бий болсон боломжийг амжиж ашиглахыг зорьж байсан. Яармагийн ядуу айлд төрсөн ч хөлсөө дуслуулан байж өөрийн бизнесээ босгосон бодит замнал надад бий.

УИХ-д сонгогдохдоо би төсвийн хөрөнгөд шүлсээ дуслуулах гээгүй юм шүү. Би тэгж ядрахгүйгээр амьдарчих чадвартай. Харин таван төгрөгийн орлого олох бизнес хийж үзээгүй мөртөө баяжчихсан улстөрчид “бизнесийнхэн улс төрд орлоо, яанаа” гэж сандралдан байна. Тэднээс ямар орлогоороо гадаадад байшин авч, ямар хөлсөөрөө араб адуу уралдуулан байгааг ард түмэн асуух цаг ирсэн. Улс төрд бизнесийнхэн орсноор аюул учрахгүй, хуруугаа хөдөлгөхгүйгээр баяждаг хүмүүс олширвол харин мөхөл ойртоно. Шимэгч хувалз мэт улстөрчид нийгмийн бухимдлыг бизнесийнхэн рүү хандуыыулж, нэр цэвэр үлдэхийг хичээж байна. Бизнесийнхэн энэ улсыг өдий зэрэгтэй торгоож байгааг тэд дурсахыг ч хүсэхгүй байна.

Хувь заяаны эрхээр би МоАХ-нд ахин ирж, даргаар нь сонгогдлоо. Надад буй бүхэн бэртэгчдийн үзэн ядаж, доош нь хийж, доромжилж буй хүмүүсийн тэмцлээр бий болсон юм. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Би өөрийгөө ардчилалд өртэй хүн гэж боддог. “Ардчилалд чиний бүх зүйл хэрэг боллоо” гэвэл би хоргодож, хорчигнохгүйгээр бүхнээ зориулж чадна. Ядуу байж үзээгүй биш. Одоо боломж чадлаараа зориулж байгаа хүч хөрөнгөндөө горойж гонсойх юм алга. Миний хөрөнгөд санаа зовж байхаар хэн байснаа, хэний хүчээр өдий зэрэгт хүрсэндээ санаагаа хааяа ч болов төвлөрүүлж байвал зүгээрсэн.

Эгэл хүмүүсийн сайн сайхны төлөө чадах бүхнээ хийх хатуу хүсэл надад байгаа. Иргэний хөдөлгөөнүүдийн ухаалаг, боловсролтой, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй залуустай санаа нийлж байна, гар бас нийлэх биз ээ.

Монголчууд мориндоо мордож, “Хонхны дуу”-гаа дахиад дуулах цаг болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.