Д.Дэмбэрэл: Үндсэн хуулийн хэрэгжилтийн нэг үр дүн нь эрх зүйн шинэтгэлийн үйл явцын өрнөл юм
2010.01.13

Д.Дэмбэрэл: Үндсэн хуулийн хэрэгжилтийн нэг үр дүн нь эрх зүйн шинэтгэлийн үйл явцын өрнөл юм

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг-
Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.
Ард иргэд, сонгогчид оо,
uih_2010 Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд мөрдөж эхэлснээс хойш түүнийгээ гурвантаа шинэчлэн батлаж хэрэгжүүлсэн түүхтэй. Эдгээр үндсэн хуулиудын хооронд зарчмын ял гаа байхын зэрэгцээ тэдэнд өөрийн залгамж байдал, харилцан холбоо бүхий нэгдмэл чанар бас бий.

Одоогоос 18 жилийн өмнө 1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хууль мэндэлсэн билээ. Түүний тулгуур үзэл санааг төрт ёсны 2000 гаруй жилийн баялаг уламжлалтай монголын хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний их өв сангаас салган ойлгох аргагүй. Шинэ Үндсэн хууль маань дэлхий дахинд өрнөсөн их өөрчлөлтийн үзэл санааг угтан авч, эх орноо ардчилсан замаар хөгжүүлэх үзэл баримтлалд тулгуурлагдсан. Ингэснээрээ энэ Үндсэн хууль ардчилсан нэрийг олсон билээ. Үнэхээр ч түүнд ардчиллын үнэт зүйлс нэвт шингэсэн юм.

Үндсэн хуулийн үзэл санаааны дор Монгол оронд хүний эрх, эрх чөлөөг урьд урьдынхаас дээдлэн хүндэтгэх явдал ноёлох зарчим боллоо.

Бид эрх зүйт төр, парламентат ёс, сонгуулийн ардчиллыг хөгжүүлэх чиглэлийг тууштай баримтлаж байна. 

Улс төрийн түвшинд олон намын тогтолцоог төлөвшүүлэн, олон ургалч үзлийг уралдуулан, засаглалын үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэж байна.

Мэдээллийн эрх чөлөөг хангах, иргэдийн мэдээлэл олж авах боломжид чамгүй ахиц гарлаа.

Олон тулгууртай, нээлттэй гадаад бодлого Монгол орны олон улсын харилцааны төрх байдлыг бүхэлдээ тодорхойлох боллоо.

Үндсэн хуулийн хэрэгжилтийн нэг үр дүн бол эрх зүйн шинэтгэлийн үйл явцын өрнөл юм. Монгол Улсын шинэ Үндсэн хуульд нийцүүлэн эдийн засаг, улс төр, нийгмийн харилцааг зохицуулж байсан хуучин хуулиудыг өөрчлөн, тодорхой хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Эдийн засгийн шинэтгэлийн бодлогын үр дүнгээр хувийн хэвшлийн хөгжил хаяагаа тэлж, банк, санхүү, эдийн засгийн суурь харилцаа зах зээлийн гольдиролд шилжиж байна.

Өнөө үед эдийн засгийн хөгжлийг түргэтгэснээр хүн амын амьжиргаа, соёл боловсорлын түвшинг дээшлүүлэх боломж илүүтэй нээгдэж байна. Ардчилал, зах зээлийн харилцаа нь хувь хүний өөрийнх нь оюун ухаан, чадамжид түшиглэн хөгжих явдал манай нийгмийн амьдралд биежин хэрэгжих боломжтойг өнгөрсөн жилүүдийн туршлага тодорхой харууллаа.

Ийнхүү Монгол Улсын ардчилсан хөгжлийн өнөөгийн дүр төрх тодорхойлогдож буй төдийгүй нийгмийн харилцаа Үндсэн хуулийн хүрээнд цаашид улам төгөлдөржих бүрэн үндэстэй.

Өнөөдөр бид Үндсэн хуулиараа хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах зорилт тавьсанаар бүх юм өөрөө сайн сайхан болчих юм шиг төсөөлөлд автах ёсгүй. Шударга ёс нийгмийн харилцаанд бүхэлдээ тогтчихоогүй, харин тогтоохын төлөө тэмцэл явагдаж байна. Нийгмийн баялагийн хуваарилалт, өмч хувьчлалын гажуудал зэргээс үүдэлтэйгээр хүмүүсийн амьдралын түвшингийн зааг ялгаа улам ихэсч байна. Статистикийн албан ёсны мэдээгээр өнөөдөр ядуурлын хамралтын хүрээ хүн амын 35.2 хувь болж тууштай буурахгүй байна. Иргэд амь нас, эрүүл мэндээр хохирох явдал, гэмт халдлага, архидалт монгол хүний сэтгэл зовоох түвшинд байгааг хаашаа ч нуух аргагүй.

Сонирхлын зөрчилд суурилсан удирдлагын ёс зүйгүй авирлал, авлига, зан суртахууны доройтол, төрийн хүнд суртлыг олон нийтийн зүгээс эгдүүцэн дургүйцэх боллоо. Ард иргэд Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхдээ шударга ёсыг эрхэмлэн, хууль бус аливаа бусармаг явдлыг сөрөн зогсохыг хичээж буй нь зүй ёсны юм. Энэ бүхнийг иргэд өөрсдийн саналаа илэрхийлж буй байдал, иргэний нийгмийн байгууллагуудын тавьж буй зүй ёсны шаардлага, хэвлэл мэдээллийн хатуу ч гэсэн үнэнийг илэрхийлсэн шүүмжлэлээс бэлхнээ харж болно.

2008 оны 07 дугаар сарын 01-ний үйл явдлын нийгэмд үзүүлсэн нөлөө, үр дагаварт тодорхой хийсэн дүгнэлт хараахан гараагүй, хариугаа хүлээж байна.

Үндсэн хуулийн хүрээний асуудалд нухацтай хандъя гэвэл юуны өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмаа хуулийн хүрээнд тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Энэ талаар тусгайлсан ажлын хэсэг гарган ажиллуулж байна

Өөрчлөлт шинэчлэл үргэлжилж, улс оронд маань хөгжил дэвшлийн шинэ, шинэ боломжууд нээгдэн, тэдгээрийг бид хөдөлмөр зүтгэлээрээ бодит үр дүн болгон хувиргасаар байна.

Энэ үйлс, нийгэмд бидний хүсэн хүлээж байгаа сайн сайхан бүхэн Монгол Улсын Үндсэн хуулиас эхтэй болохыг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Шинэ Үндсэн хуулийг тэр үеийн Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өргөн олон түмнийхээ идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр 76 хоног нойр, хоолоо умартан мэтгэлцэн байж баталсан билээ. Улс орны ирээдүйн төлөө хичээл зүтгэл гаргасан Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Монголын ард түмэн, нийт иргэд сонгогчдодоо, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.