Брат
Брат
-Москвад ханиахад Монголд найтаана-
Оросоос өвөртөлсөн бодол
Бух тэрэгний цонхоор харангаа “Оросын хөрөнгөтнүүд мөн ч их юм хийжээ” хэмээн санааширч буй С.Данзангийн “Өглөө” кино) дүр сэтгэлд бууна. Түүний үг одоо ч үнэ цэнээ алдаагүй бололтой. Москвагаас Улаанбаатарыг зорих нисэх онгоцонд сэтгэлд ийм бодол эргэлдэв. Номхон далайн бүсийн парламентчдын уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дондог, Ж.Гүррагчаа нарын хамт оролцоод буцаж яваа минь энэ.
Ганзагын наймаа эрхэлж байх үеийн эмх замбараагүй Орос орон алга болжээ. Вагон дүүрэн ганзагачид очоод, хэн юу дуртайгаа зарж, авч, хийж байсан үе өнгөрч. Гар дээрээс худалдаа хийхийг, тэр ч бүү хэл худалдааны салбарт гадаадын иргэд ажиллахыг хатуу хориглосон байна. Эдийн засаг нь илэрхий сэргэж, гадныхны сунгасан гарыг төвөгшөөх байдалтай. Москва цэвэр цэмцгэр, ихэмсэг хот болжээ.
Оросууд байгалийн баялгаас олсон орлогоос ард түмэндээ тарааж эхэлсэн байна. Жил бүр саяар хорогдож байгаа хүн амаа өсгөхийн тулд хүүхэд бүрт 6000 рубль олгодог. Хоёроос дээш хүүхэдтэй бол 250000 рублийн (10 мянга гаруй доллар) сертификат олгох ба түүгээрээ орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тэнэмэл хүүхэд өргөн авч, асарч байгаа бол 3000 долларын тэтгэлэг авна. Ардчилсан намын хүүхдийн мөнгийг ад шоо үздэг хүмүүст хэлэхэд улсын баялаг бол хүн ард юм байна.
ОХУ-д төсвийн байгууллагын ажилтнууд, багш, эмч, гаальч нарын цалинг 1200 долларт хүргэснээс монголд ирж орос сургуульд багшлах хүн олдохоо больж гэнэ. Оросын гадаад өрийн дарамт алга болсон. Газпром зэрэг аварга компаниудаас гадны оролцоог шахаж орос үндэстний мэдэлд бүрэн шилжснээр Microsoft мэттэй л зиндаархаж байна. Энүүхэн Эрхүү муж гэхэд манай улсын төсвөөс 10 дахин их төсөв төлөвлөдөг болжээ.
1990 онд бидэнтэй адил шахуу нөхцөлөөс зах зээлийнхээ гарааг эхэлсэн хөрш маань биднээс тасран оджээ. Нууц нь юунд байна вэ ?
Оросын хөгжлийн нууц
Гэнэн цайлган хариултууд зөндөө Орос чинь байгалийн баялаг их, газар нутаг том, 200 сая хүнтэй гэх мэт. Хүн ам их, газар нутаг том, байгалийн баялаг арвингаараа болдог бол хөгжөөд, тасраад алга болчихоор улсууд Африк, Латин Америкаар дүүрэн.
Дээрх асуултын хариуг нэг л зүйлээр тайлбарлах, ганц өгуүлбэрээр илэрхийлэх боломжгүй юм. Мэдээж урьдын аварга гүрнээс үлдсэн техник технологийн муугүй бааз, нэр хүнд, нөлөөлөл, цэргийн хүч байсан. Иргэдийн боловсролын төвшин харьцангуй өндөр. Дэд бүтэц муугүй. Байгалийн баялаг ялангуяа эрчим хүчний хязгааргүй нөөцтэй орон. Гэтэл дэлхий даяар эрчим хүчний хямрал нүүрлэж, нефтийн үнэ зогсолтгүй өсч байдаг. /Лениний цахилгаанжуулалт.
Энэ бүх тааламжтай өгөгдөл дээр улс төрийн ухаалаг бодлогууд хэрэгжүүлж чадсаны ачаар хөгжлийн замд гарч чадлаа гэвэл арай дөхөх юм болов уу.
Америк, Европын хамсал бут үсэрсэн ЗХУ-ын суурин дээр үлдсэн Оросын хүч чадлыг сулруулах, их гүрний статусыг үгүй хийхээр чармайж буйг сөрж, үндэстнээ мөхлөөс аврахаар оросууд шургуу ажиллажээ. /Борис Ельциний дараагаас/
Юуны өмнө банк, санхүүгийн салбарт гаднын нөлөөллийг бууруулах, үгүй болгохыг зорив. Санхүүгийн томоохон объектууд ямар ч тохиолдолд оросуудын гарт үлдэх ёстой. Улсын мөнгө, санхүү бол дотоод хил хязгаар. Хүнсний аюулгүй байдалтай адил төвшний зүйл. Оросууд банкны салбарт гадныхныг томруулахын оронд үндэсний хөрөнгөтнүүдийг дэмжихээр шулууджээ. Бодлого зөвөөс хөгжил нь шулуусав.
Ашигт малтмалын салбарт оросууд дан өөрсдийн ноёрхлыг тогтоожээ. Үр дүнд нь үндэстэн хожив. Нефть бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүссэн ашгийн татвараас чамлахааргүй мөнгө ард түмэндээ тарааж байна. Харин монгол түшмэд маань ашигт малтмалаа хэрхэн гаднынханд өгч, өөрт хэдэн юм унагах вэ гэдэг дээр толгой гашилгаж байгаа.
Эдийн засгийн судас болсон нефтийн салбарт оросууд харийнхны хоншоорыг ч цухуйлгасангүй. Үр дүнд нь Газпром дэлхийн аварга компаниудын тэргүүнд гарлаа. НИК-ийн хувьчлалын үед бид монголын судасны гүйдлийг гаднынханд өгөхгүй гэж мэрийсэн. Хяслантай нь ахиад л тээг тавигдав. Арга буюу би өөрийн биеэр ЮКОС-ын удирдлагатай очиж уулзан хэлцэлд орж, тендерт хамтран оролцох арга замыг сонгосон. Хэрвээ тэр үед бидний хоорондын тохиролцоо биелсэн бол ЮКОС-ын нэрийг бид ашиглан хувьчлалд орно. Хувьчлалын үнэ 10 сая долларыг бид гаргах учраас ЮКОС зөвхөн хямд нефть нийлүүлэгчээр үлдэнэ. Хариуд нь ЮКОС-ын дамжин өнгөрөх төмөр замын тарифыг буулгахад туслахаар тохиролцож байлаа. Гэвч эцсийн мөчид ЮКОС хувьчлалд оролцох сонирхолгүйгээ илэрхийлэв. Нэгэнт бид авч чадахгүй болсон ч үндэсний компани авах шаардлагатай. “Петровис”-ын Оюунгэрэлийн эсрэг хэвлэлийн дайралт, гүтгэлэг ширүүссэн тул тэр хувьчлалд оролцох саналаа татжээ. Өөр олигтой компани харагддаггүй. Би тэгэхэд Оюунгэрэлтэй уулзаж хувьчлалд оролцохыг ятгасан. “Монголын эдийн засгийн судас гэдэг утгаар нь хандаач. Бид НИК-ийг гаднынханд алдвал хожим маш их үнэ төлж байж үндэстний ашиг сонирхлыг хангах болно. Хямд байгаа дээр нь монголчууд авах ёстой, шаардлагатай бол бид санхүүгийн дэмжлэг үзүүлье” гэсэн. Оюунгэрэл ч зөвшөөрч хувьчлалд ороод, ялсан, авсан. Үндэстний ашиг сонирхлын чухал нэгэн цэг монгол хүний хяналтанд үлдсэнд би хувьдаа баярлаж явдаг.
Оросын хөрөнгөтнүүд юу амжуулав?
Орос үндэстэнд эдийн засгийн бахархал бий болжээ. Чукоткийн амбан захирагч Р.Абрамович Европын хамгийн нэртэй, түүхтэй клуб - Челсиг 500 сая доллараар худалдаж авлаа. Өнгөц харахад баян хүний тэнэглэл. Бодит байдал дээр “Орос гэж хэнээс ч дутахааргүй баян орон байна шүү, Европчууд та нар өөрсдийгөө биднээс дээгүүр гэж бүү сага” гэж хэлснээс өөрцгүй цохилт боллоо. Төдийлөн үнэ хүрэхгүй байсан оросын тоглогч А.Щевченког Челси баг 60 сая паундаар авсан. Р.Абрамович байгаагүй бол энэ бүтэшгүй санаа. Оросын хөл бөмбөгчдийн нэр хүнд сэргэв. Англичууд ярвайлдан, европ даяар толгой сэгсрэв. Харин Оросууд нийтээрээ баярлан хөөрчээ. “Дотоодын нийт бүтээгдэхүүн төдөн хувиар өслөө” гэхээс илүүтэйгээр орос хүн Европын толгой баян гэдгийг нотолсон нь үндэстэнд бахдал авчирчээ. Хөгшин Европын цөм, үзэл санааных нь хөдөлгүүр шахам болсон Английн клубыг орос хүн худалдаж аваад өөд нь татаж, дэлхийн хамгийн баян дөрвөн клубын нэг болголоо. Англичууд Есүсээс хөл бөмбөгийг илүүд үздэг улс ажээ. Хатан хаан хүртэл Челсигийн улаан фэн. Энэ бол олон үг нуршиж Орос орны хүч чадлыг магтахаас илүү бодит мэдрэмжийг төрүүлж байна. /Манай үндэсний бөхтэй адил/.
Челсиг авсантай холбогдуулан эх оронд нь ганц нэг хүн түүнийг муулж, шүүмжилж байхад Р.Абрамович орос үндэстний бахархлыг бий болгохын төлөө хэн ч урьдчилан харж чадахааргүй нүүдлийг хийжээ.
Тэр ганцхан хөл бөмбөгийн баг авч баярхсан юм биш. Бүхэл бүтэн мужийг өөд татсан. Чукотка мужийн амбан захирагчаар 2000 онд сонгогдсон нь цаанаа олон салаа бодлоготой зүйл байсан байна. Социализмын үед хүчээр барьж байсан Алс Дорнодын оршин суугчид ЗХУ-ын задралтай зэрэгцэн Европ руу нүүдэллэжээ. Сул орон зайд ямх ямхаар ахидаг хятадууд түрэн орж нэг мэдсэн 6 сая хятадтай болчихсон байдаг. Хятадуудын түрэлтийг зогсоох, уугуул оршин суугчдыг тогтоон барихын тулд Р.Абрамович шаргуу ажиллажээ. 2000 онд түүнийг ажлаа авахад Чукоткийн жилийн төсөв 66 сая долларын татаасаас бүрдэж байсан бол хувийнх нь хөрөнгө найман тэрбум доллар байсан байна. Хүмүүсийн дундаж цалин сард 200 ам.доллар байжээ. Ажилгүйдэл 10 хувьтай байсан. 2006 он гэхэд ажилгүйдэл хоёр хувь болж, муж төсвөө төвийн татаасгүйгээр өөрсдөө бүрдүүлдэг болоод ажиллагсдын дундаж цалин 700 долларт хүрчээ. Түүний удирдсан жилүүдэд тэнэг чукча хэмээн цоллуулж байсан нутгийн иргэд баруунаар жуулчлал хийх боломжтой болжээ. Тэд урцанд бус Р.Абрамовичийн канадаас худалдан авч өгсөн угсармал дулаан сууцанд амьдрах болсон.
Ганц тэрбумтан олон асуудлыг нэгмөр шийдэв. Ямар ч хэрүүл маргаан, улс төрийн бохир тэмцэлгүйгээр шүү. Ажил хэрэгч хүмүүст боломжийг нь өгсөн нь оросын хөгжлийн бас нэгэн нууц гэлтэй.
Нэг туйлт ертөнц гэж үгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Мюнхенд болсон Аюулгүй байдлын асуудлаарх бага хурал дээр хэлсэн үгэндээ “Хүйтэн дайны дараачаас ярих болсон нэг туйлт ертөнц биеллээ олсонгүй... Орчин үеийн дэлхий ертөнцөд нэг туйлт загвар боломжгүй төдийгүй байж болшгүй зүйл юм” гэж мэдэгдсэн нь шуугиан тарьсан. Баярлаж бахдах хэсэг байхад айж эмээсэн, болгоомжилсон хэсэг бас байна. Хорвоо ахиад сөргөлдөөний замд оров уу. Их гүрний дээрэнгүй үзэл сэргэв үү? БРИК (Бразили, Орос, Энэтхэг, Хятад) гэж хүчирхэг бүлэглэл үүсэж байгааг Путин тунхаглалаа. Барууныхан та нар ДНБ-ий хэмжээ гэж юмаар түрээ барьдаг бил үү, тэгвэл эдгээр дөрвөн орны ДНБ-ийх нь хэмжээ Америк, Европын Холбооноос давж байна. Хүн ам, эдийн засаг, цэрэг зэвсгээрээ та нараас дутах юм алга хэмээн мөчөөрхөж Америк, Европтой эн тэнцүү аяглах эвсэл ийн бүрдэж байна. В.Путин арабуудтай тэврэлдэн золгож, Ху Жинтао Африкт таван тэрбум ам.доллар тараан ая эвийг нь олж эхэллээ.
Нэгэнт өөрийгөө ертөнцийн нөгөө туйл гэж үзээд эхэлсэн манай хойд хөрш одоо эргэн тойронтойгоо яаж харьцах бол? Мөнхийн хөрш нь болох бид яавал зохилтой вэ?
Брат
Бага Сергей Бодровын тоглосон “Брат” кинонд орос ах(брат) америкт очин мафийнхных нь хандыг дарж, янхан гэлтгүй ганц орос эмэгтэйн төлөө нэгийгээ үзэж байгааг дүрсэлжээ. Хэдэн жилийн өмнө энэ нь зарим хүнд инээдтэй санагдаж байсан. “Хн, оросууд ингэтлээ хол хэвтэнэ. Америкуудын өөдөөс дуугарч чадах юм уу?” Одоо бол ингэж асуусан хүн ам руугаа алгадуулах цаг иржээ. Оросуудад өмнөх сүр хүч нь сэргэж, олон улсын тавцанд жанжлах үзэл, дуршил нь цухалзан байна. “Брат” кино ч оросын үндэсний үзлийг сэргээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж америкийг шүтэх, зорих урсгалыг сааруулсан гэнэ.
“Ах” маань сэхээ орохтойгоо зэрэг биднээрээ оролдож эхлэх бололтой. Асгатын мөнгөний ордыг тойрсон маргаан бол өчүүхэн эхлэл. Манай мэт жижиг улсыг Ерөнхийлөгчирхүү юмаар нь дамжуулаад яавал ч яахын дохио шүү дээ. Асгатыг Оросын төр бус төрд буй нэг хоёр хүн оролдож эхлэхэд л ийм доргион үүсгэж байгаа юм чинь төр нь ханцуй шамлаад дайрвал юу болох билээ. Ах минь, амь авар гээд сууж байх юм уу?
Тэсч үлдэх замыг эрэлхийлье
Оросын хөгжил шулууссаныг Ерөнхийлөгчийн засаглалын ололт хэмээн тайлбарлаж, даган дууриахыг сурталдаж байгаа хүмүүс олон зүйлийг дутуу тооцож байна. Бидэнд хоёр их гүрнээс өөр хөрш байхгүй. Бидэнд өөрсдийн бодлыг тулгах, бусдыг шүүмжлэх, сүрдүүлэх эдийн засгийн хүч, хүний нөөц, техникийн боломж бүр ч байхгүй. Гурав дахь хөрш маань энэ, тэр гэх нь мөрөөдөл. Үлгэрийн төвшинд л байгаа зүйл.
Оросуудыг төвхнөх гээд ядаж байх зуур бид завшааныг ашиглаад цэгцрээд авч чадсангүй. Газрын наймаа, лиценз, хотын утаа, самрын наймаа мэтхэнээр хөөцөлдөж байтал минь оросууд хүчирхэгжлээ. Орос, хятад хоёр хүчирхэгжихийн хирээр бид завсарт нь хавчуулагдан, тоглоомонд нь өнхөрдөг түүх давтагдах дөхөөд байна.
Бий болж буй гадаад нөхцөл байдал Монголд Ерөнхийлөгчийн засаглал тогтвол шүүрэн авч дэмжих төлөвт оржээ. Төсөөлөл төдийд яригдаж байсан байгалийн баялгууд нотлогдож, эрчим хүчний нөөц боломжууд (нүүрс, уран) их гүрнүүдийн хорхойг гозолзуулж байна. Өнөөгийн ертөнцөд эрчим хүчний хямралаас өөр сэтгэл түгших зүйл бага бөгөөд “гайтай “эрчим хүчний нөөц нь бидэнд чамлахааргүй байна. (2.4 сая хүндээ харьцуулбал).
Торонтод болсон уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын ээлжит уулзалт дээр “Монголд тогтвортой байдал тогтвол хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөл бүрдэнэ” гэж мэдэгдэж, “танай үнэлгээ төдөн байраар ухарлаа шүү* гэж шахаж байгаа гадааадынхан тогтвортой байдал гэдэг үгнийхээ цаана нэг хүний дарангуйлалд ор, ярьж тохироход амархан байдалтай болоотох” гээд байгаа бус уу. Яагаад монголчуудад илүү ашигтай нөхцөл тулгахаар тогтворгүй байдал гэдэг юм? Тогтвортой байгаа нь энэ гээд тэдэнд байдгаа цөлмүүлэх албатай юу?
Бүгд уралдан бидэн рүү сээтэн хаяж байгаа нөхцөлд монгол үндэстний эрх ашгийг хэрхэн хангахаа бид хатуу шийдээгүй сууж байна. Сиймхийг мөнхийн Ерөнхийлөгч болохоор мөрөөдөгсөд ашиглан ард түмний өмнөөс амлалт, өгөн наймаацаж байх шиг. Дангаараа засаглаж, дураараа авирлахыг мөрөөдөгсдөд ард түмний эрх чөлөөг уландаа гишгэх, ардчиллыг баллуурдах юу ч биш. Тэд ард түмэнд таалагдах, мэхлэхийн тулд хоосон чихэр долоолгон ашигт малтмалаас хүн бүрт хүртээх хишиг, хувийг амлаж эхэллээ.
Гаднынхан монголд тогтож болох Ерөнхийлөгчийн засаглалыг баялагт нь хүрэх хялбар зам хэмээн харж байна. 76 хүнтэй тохиролцох нь хялбар уу, ганц Ерөнхийлөгчтэй наймаалцах нь хямд уу гэдэгт удаан бодох хэрэгцээ алга. Гадна талаас чинь бид дэмжье, дотооддоо яахыгаа чи өөрөө мэд гэх маягийн хандлага илт цухалзаж эхэллээ. Ардчиллын манаач гэж өөрийгөө нэрлэдэг АНУ гэхэд л Латин Америкийн орнуудын баялгийг хямд авахын тулд дарангуйлагчдыг дэмжиж байсныг өнөөдөр өмнөд америкчууд ил тод хэлж. эсэргүүцэн шүүмжлэх болжээ. Америк, Орос, Хятад, Япон, Франц аль нь ч бай өөрсдийнх эрх ашиг гэж юманд хөтлөгдөхөөс монголын ард түмэн эрх чөлөөтэй байна уу, үгүй юу падлийгүй. Ахан дүүгийн найрамдал гэж юм хэзээ ч байдаггүй, байх ч үгүй. Үндэстний эрх ашиг л ямагт байсан.
Хэдийгээр далан зургаан мангуу гэж муулдаг ч олуулаа хэлэлцэж, хэрэлдэж байгаа нь үндэстний эрх ашгийг хангах цорын ганц баталгаа болж байгаа бус уу? өөрчлөгдөн буй нөхцөл байдалд бидний монголчууд тэсэж үлдэх цорын ганц зам нь олонхийн засаглал-парламент, ардчилал болоод байна. Парламентийн засаглалаа улам төгөлдөржүүлж, ард түмний хяналтыг бий болгон, ил тод, тунгалаг байлгаж гэмээ нь хоёр туйл руу салах нь тодорхой ертөнцөд цөөхөн монгол тэсч үлдэнэ. Олигарх - цөөнхийн засаглал руу халтран орвоос “баяртай” болж, Орос хятадын мөнхийн тоглоом болох байлгүй. Тэдэнд тоглоомын улс байгуулах арвин туршлага бий шүү. Бидэнд тоглоомын улс байсан арвин түүх бас бий шүү.
2007.03.05