Коммунист
2008.05.27

Коммунист

Коммунист

Жинхэнэ ба шинэхэн коммунистуудын ялгаа

communist_vodka

Сэтгэл өвтгөсөн ярилцлага

Нам, засгийн удирдагч асан Ж.Батмөнх гуайн эхнэр А.Даариймаа гуайн МҮОНРТВ-д өгсөн ярилцлагыг үзлээ. Монголын төрийг 15 жил, 9 cap тэргүүлэн, нийгмийн шилжилтийн нэн эгзэгтэй мөчийг саруул ухаан, эр зоригоороо үүрэн гарсан хүн бол Ж.Батмөнх байжээ

“Хэдхэн Монголчууд бид бие биенийхээ хамраас дусал ч цус гаргахгүй шүү” гэж хэлчхээд албан тушаалаа өгч, бусдыгаа ч огцрохыг ятгаж чадсан удирдагч бол Ж.Батмөнх байжээ. Төрийн тэргүүнээс буумагц өөрийнх нь залгамж халаа - коммунист шинэ дарга нар 500 төгрөгийн тэтгэврээс өөр юм хялайлгасангүй. Орон гэр ч үгүй, унаа тэрэг ч үгүй үлдээжээ. Ингээд төрийн тэргүүн явсан Ж.Батмөнх гуай талх, усны урт дараалалд зогссоор хорвоогоос хальжээ. Оронд нь дарга болсон шинэ коммунистууд түүнд санаа тавьсангүй, бүр уулзахыг ч хүсдэггүй байж.

А.Даариймаа гуай ярилцлагадаа “Төрийн тэргүүний гэргийн хувьд би хоёр удаа л төрийн айлчлалд орж өвгөнөө дагаж явах болоход өнөөгийнх шиг дэлхийд нэртэй үнэтэй фирмийн хувцас хунар олдох биш. Монгол дээлээ өөрөө оёод л өмсчихдөг байсан” гэж дурдлаа. Нөхрийгөө энд тэнд айлчлахад нь дагаж явъя гэхэд Ж.Батмөнх гуай “Улсын мөнгө үрээд яах гэсэн юм” гэдэг байж. Жинхэнэ коммунист хүмүүжил ийм байв.

Гэтэл өнөөгийн Ерөнхийлөгчийн(уг нь адилхан коммунист угшил, хүмүүжилтэй) гэргийн төсвийн мөнгөөр тансагласан, гадаад улсуудаар айлчилсан зардлыг сонсох юм бол хуучны хүмүүс, жинхэнэ коммунистуудын тархинд цус харвах байх. Төсвийн хөрөнгө үрж яваад хийсэн бүтээсэн зүйл нь хэдэн төгрөг болов гэвэл хэцүүхэн л тоо хэлэх байх. О.Цолмонгийн талаар оросын нэгэн сонины бичсэнийг орчуулгагүй дамжуулъя - “Первая леди Монголии, супруга президента О.Цолмон в скором времени собирается выехать на учёбу в Кембридж. Эта новость получена из надежных источников. Учёба будет продолжаться на протяжении 4 лет, годовая оплата – 45 тыс. фунтов стерлингов, что в пересчёте на доллары равно 70 тыс. долларов США”(“Открытый мир Азия” №44 2006.02.28. owasia.ru)

А.Даариймаа гуайн үгэнд өнөөгийн хүмүүс итгэхгүй ч байж магадгүй. “ - Манайх 12-р хороололд дөрвөн өрөө сайхан байртай байсан. Батмөнх маань түүнийг 1974 онд “орон байргүй хүмүүс олон байна” гээд хотын захиргаанд хүлээлгээд өгчихсөн. Би тэр байраа өгөхөд дургүй л байсан. Их Тэнгэрийн амнаас гараад явъя гэхэд манайд очих өөрийн гэсэн орон байр байдаггүй. Майдар, Рагчаа, Содном гээд тэнд байсан айлууд бүгд хотод байртай. Огцорсноос хойш нөгөө айлууд нүүгээд явдаг, манайх яалт ч үгүй тэндээ хоцорсон” Тэр цагийн удирдагчид одоогийнхонтой зүйрлэшгүй байжээ дээ!

Хэвлэлийн мэдээллээс үзэхэд П.Очирбатыг 1997 онд Ерөнхийлөгчөөс буухад нь төсвийн 150 сая төгрөгөөр байшин барьж өгсөн байна. Хожим нь Ерөнхийлөгч асан Н.Багабандид 300 сая төгрөг “Байр аваарай” гэж ядмагхан төсвөөсөө өгчээ. Коммунист угшилтай шинэ үеийн Ерөнхийлөгчид Ж.Батмөнх гуай шиг түмний хөрөнгөд сэтгэл өвдөх мэдрэмжээ алдсаны тод жишээ энэ. Гэтэл тэдэнтэй ижил зиндааны алба хашиж явсан Ж.Батмөнх гуай Дамбадаржаад хамаатнуудынхаа барьж өгсөн модон амбаарт сууж, худгаас өөрөө ус зөөж явсаар дуусжээ.

Жинхэнэ коммунист удирдагч Ю.Цэдэнбал агсан ч иймэрхүү гунигтай тавиланг туулсаар хорвоогоос одсон билээ. Түүнийг Москвад гэртээ хоригдож байх зуур нь Төв хороо нь хуралдаад МАХН-аас хөөж орхижээ. Эхнэр нь түүнд энэ тухай дуулгахад Ю.Цэдэнбал “-Миний нам намайг хөөх ёсгүй. Тэр бол миний нам биш байна” гэж хариулжээ. (“Цэдэнбал, Филатова хоёр. Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” 430-р хуудас) Энэ бол туйлын үнэн үг байлаа. Үнэхээр одоогийн МАХН бол Цэдэнбалын удирдаж байсан нам огт биш билээ. А.И.Филатова Цэдэнбалыг хөөсөн шинэхэн коммунистад хариуг бас ишилье гэж бодлоо. “Та нар яасан гэж намаас хөөж байгаа юм бэ? Цэдэнбал монголыг ямар байсныг ямар болголоо. Монгол чинь Афганистанаас долоон дор байсан шүү дээ”

Ийм хүний төвхнүүлж, намба төрхөд нь оруулсан намыг гартаа оруулж аваад, өөрийг нь хөөжээ. Жинхэнэ коммунист зан чанар уг нь ийм байх ёстой билүү ?

Ю.Цэдэнбалын бага хүү Ц.Зориг нь монголд ирээд аавынхаа төрөлх намын удирдлага гэх цөөхөн хэдэн хүнтэй уулзахыг хүсэхэд халгаасангүй. Харин ч ад үзэн, тээршаав. Тэд Цэдэнбалын “улс төрийн өв”-ийг хэмжээ хязгааргүй эдэлж, эзэмших хирнээ хүүд нь “ногдох хувийг” өгөхөөс цааргалжээ. Ухаандаа аавынх нь байгуулсан компанийн “хувьцаанаас” хүүд нь зүй ёсоор ногдож болох “хувийг” өгөхгүй гэв. Хэрвээ Ц.Зоригт нүүр өгвөл өөрсдөд нь МАХН хэмээх “их өв хөрөнгөөсөө” юу ч оногдохгүй алга болно хэмээн эмээж, үүнийг жирийн гишүүдээсээ тас нууж байна.

Ойрмогхоны жишээ толилуулъя. МАХН-ын үзэл суртлын хэлтэст ажиллаж байсан судлаач Д.Ганхуяг “1996 онд Н.Энхбаяр МАХН – ын Ерөнхий нарийн бичгийн дарга болмогцоо өөрийн гэсэн багаа бүрдүүлж эхэлсэн юм. Энэ бүлэгт Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, О.Чулуунбат, Х.Баатар, Ж.Бямбадорж, У.Уламбаяр нар багтаж байлаа. Одоо түүнд оролцсон хүмүүсийн хувь заяаны тухай товч дурдъя. Ж.Баатар шоронд оров, О.Дашбалбар нас нөгчив. Р.Одонбаатар сураггүй чимээ алдрав. Одоо Ц.Нямдорж огцорч байна. Энэ ажилд нойр хоолгүй зүтгэсэн Ц.Нямдоржийг чи намдаа зүйрлэшгүй гавьяа байгууллаа гэж Н.Энхбаяр тэврэн үнсэж байсныг би сайн санадаг юм” гэж “Улс төрийн алуурчин” нийтлэлдээ бичжээ. Нийтлэлч Баабар бусдынх нь хувь тавилан хаашаа эргэж байгааг тодорхой биччихсэн болохоор нуршихаа азная.

“Коммунист хүн ийм тийм байх ёстой” гэсэн ёс суртахуун хатуу шалгуур тавин зааварчилдаг байсан коммунист дарга нар цагаа тулахад коммунист ёс суртлаа гаргасангүй. А.Даариймаа гуайн эгэл үнэн агаад сэтгэл өвтгөсөн ярилцлагаас үүдээд жинхэнэ болон шинэхэн коммунистуудын талаар эргэцүүлэхэд хүрснээ та бүхэнтэй хуваалцаж байгаа юм.

“Би – коммунист” гэж бардам хэлэх хүн бий юу?

“Коммунист”(найруулагч Ю.Райзман.1957) гэж социалист систем даяарт алдаршсан зөвлөлтийн кинонд Е. Урбанский гэж жүжигчний бүтээсэн сонирхолтой дүр байдаг. Сонирхолтой гэхийн учир нь “жинхэнэ коммунист” ямар байх ёстойг харуулсан гэх уг дүр айлын эхнэр эргүүлээд нөхөрт нь алагдсан садар эрийг давхар харуулж коммунист ёс суртахуунтай уг үндсээрээ зөрчилдөж байсан хирнээ нийтээрээ даган дууриах загвар болж чадсанд байгаа юм. Одоо ч оросын хэвлэлүүдээс энэ киног дурссан, Урбанскийн бүтээсэн дүрээр бахадсан нийтлэл, санал сэтгэгдэл, дурсамж, харууслыг олж үзэж болно.

МАХН-ын мянга мянган гишүүд энэ киноны дүрээр баримжаалан намдаа итгэж, өөрсдийгөө ховорхон тохиох, эх оронч, чин шударга, хувиршгүй хүмүүс хэмээн төсөөлж, коммунист хүн үхэхдээ ч “Би коммунист хүн” гэж бахархалтайгаар хэлэх ёстой юм шиг санаж явсан цаг саяхан.

Гомдмоор бас харамсмаар нь ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ андгайлж, намын “гал улаан” батлах өвөртөлж явсан хүмүүс нь цагийн өнгө, салхины аясыг дагуулан намын гишүүдээ, төдийгүй ард түмнээ хулхидсаар 17 жил өнгөрлөө. Саяхан МАХН-ын байр луу ХЗХ-ны хохирогчид дайран орж байгаа сурвалжлага(ТВ8-аар шиг санаж байна) үзлээ. Хохирогч гэх нэгэн эмэгтэй сурвалжлагчийн микрофоныг булаах шахам татаж “Энэ МАХН 70 жил бидний бидний өвөг дээдсийг хуурсан. Одоо биднийг хуурч байна” гэж ууртайгаар хэлэхийг уншигч та ч харсан байх. Энэ бол ард түмнээс МАХН-ын байгаа байдлыг яг онож дүгнэсэн дүгнэлт гэж би бодсон.

Сонгууль болгонд МАХН-ыг тууштай дэмждэг 300 орчим мянган хүн байдаг гэх агаад тэдний олонхи нь намаа хуучны “сайн” нам хэвээр хэмээн итгэж явдаг ажээ. Гэвч тэр 300 мянган хүний итгэл, сэтгэлд дөрөөлж сонгогдсон хүмүүс нь тэднийхээ талаар огтхон ч сэтгэлээ өвтгөдөггүй нь олон зүйл дээр харагдсаар байдгийн нэг жишээ нь л Ж.Батмөнх асан. МАХН-ын дээд удирдлагыг атгаж буй гэх хориодхон хүний баян тансаг амьдралыг ханган биелүүлэхийн төлөө жирийн гишүүд нь хамгаа зориулж байгаа ч өнөө хэдэн дарга нар нь жирийн гишүүддээ сонгуулиар жаахан дусаахаас бус амьдрал ахуйг нь дээшлүүлэх талаар огтхон ч санаа зовохгүй байна. Тэд төрийн албыг баяжих хөлжих хэрэгслээ болгож Монголын баялгийг гадныхантай нийлж цөлмөж байна. Олсон, хураасан мөнгөө ард түмнийхээ сайн сайхны тусад бус өөрсдийн эрх мэдлийг бэхжүүлэхэд л зарцуулж байна.

МАХН-ын хоёр нүүр

МАХН-ын өнөөгийн удирдлагууд, энэ намаас төрсөн “лидер” гэх хүмүүс сонгуулийн үеэр “Та бүхний өнөөдрийн амьдрал, хамаг сайн сайхан бүхнийг МАХН бий болгосон юм, манай нам л энэ улсыг 70 жил улсын дайтай авч ирлээ” гэж ам бардам хэлж байхыг ч та олонтаа сонсож байсан байх. Харин МАХН-ын өнгөрсөн түүх, учруулсан гай түйтгэрийнх нь тухай асуудал хөндөхөөр дуу нь суларч “МАХН бол урьдын коммунист нам биш, бид өөрчлөгдсөн, өнөөгийн МАХН бол огт өөр нам. Өмнөх үеийнхний хийсэн зүйлийг бид хариуцахгүй” гэж мэлзэнэ.

Гэтэл залуу нас, хамаг амьдралаа энэ намд даатгаж явсан ахмад үе урьдын коммунист нам нь байсаар байгаа гэж итгэж, хууртсаар л байгаа. Тэдний нэг бол миний аав. Багад аав минь уулнаас мод бэлтгэх үед би хамт явдаг байсан юм. Урт, урт гуалинг уулын уруу ташаалдан чирч явахдаа аав их л аз жаргалтай, итгэлтэй харагдаж байж билээ. Аав минь “Коммунист” киноны гол баатрын мод ташаалдан чирч байсныг сэтгэлдээ харж байх шиг мэдрэмж надад төрж байсан. Аав коммунист гэдгээрээ бахархдаг байсан. Аав минь одоо ч нам нь хуучныхаа хэвээр байгаа гэж итгэж, нэр төрд нь хир буртаг халдаахыг хүсдэггүй, сонгууль бүрт намдаа саналаа тууштай өгдөг нэгэн билээ.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэн 70 настай Даваа гуай надад нэг түүх ярьсан юм. Тэрээр ноднинг хүртэл энхрий хайрт МАХ намдаа харамгүй зүтгэж, сонгууль бүрт намынхаа ухуулагч хийж, сөрөг намынхны уулзалт, ярилцлага дээр очиж үймүүлэх, үг, үзэл санааг нь мушгих, цуурхал дэгдээх ажлыг онц сайн хийж, үнэнчээр зүтгэж явсан ажээ. Гэтэл сонгуулийн үеэр навсартал ашигладаг нам нь өвгөнийг өвдөөд үхэх шахах үед нь таньсангүй, тоосонгүй. Зөнд хаяжээ. Ардчилсан намынхан л үзэл бодол ялгаварладаггүйгээрээ тусалж, аминд нь оржээ. Даваа гуай “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр, үгүй ээ, мөн ч хуншгүй намд итгэж явж дээ бид. Тэдэнд зориулсан хамаг амьдрал, залуу нас, хөлс хүчтэйгээ надад үзүүлсэн “халамжийг” нь харьцуулахаар ах нь эрхгүй уйлсан шүү” гэж байсан.

Төр, нийгмийн зүтгэлтэн А.Төмөр-очир агсны оюун ухаан, эрдэм чадлыг МАХ нам бүрэн шавхаж, ашиглаж байсан хирнээ эцэст нь амьдралыг нь там болгож, амь насыг нь зэрлэгээр хороосон билээ билээ. Энэ талаар түүний бэлбэсэн эхнэр, одон оронч С.Нинжбадгар гуай “Миний нөхрийг МАХН л алсан. Тэднээс өөр хэн ийм юмыг зохион байгуулах вэ дээ”(МНӨ №02. 2007) гэж шулуухан хэлсэн байдаг.

А.Даариймаа гуай, С.Нинжбадгар гээд энэ намд хүчээ өгөөд эцэст нь золиослогдсон хаягдсан олон арван хүмүүсийн ойр дотныхны хувь тавиланг бодохоор эрхгүй харуусал төрдөг..

Бодит байдал дээр МАХН урьдын МАХН биш болсон. Үзэл баримтлалаа ч өөрчилсөн, коммунист ёс суртахуун, эрхэм чанар, ариун нандин бүхнээ ч гээсэн. Үүнийгээ ч ил тод зарладаг. Тэгсэн хирнээ сонгууль болохоор коммунист итгэл үнэмшлээ хадгалсаар яваа мянга мянга жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг авахаар нялуурч “80 жилийн түүхтэй яруу алдарт намдаа саналаа өгөөрэй” гэнэ. Байгаад бүр албатай юм шиг шахаж шаардана.

МАХН сонгогчдод мөнгө тарааж санал худалдаж авахдаа гарамгай. Ахмад, үнэнч гишүүддээ болохоор үзэл суртал гэх хоосон чихэр пологттол нь долоолгож, “бурмаар бус урмаар тэжээх” дүр үзүүлэх ба “эд нар өгөхгүй хаачдгийм, мөнгөөр яах гэсийм” гэж дарга нар нь өөр хоорондоо ярина. Нам нь бахь байдгаараа байгаа хэмээн итгэж яваа олон мянган ахмад гишүүдээ сонгууль болохоор л санаж, хуурч мэхлэж, ашигладаг нь 1992 оноос хойш уламжлал болон тогтсон зүйл.

Хачирхалтай нь МАХН коммунист үзлээсээ татгалзсан гэж зарласан ч ингэснээсээ хойш Оросын Коммунист Нам, Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам, Хятадын Коммунист нам зэрэг коммунист намуудтай сүжирсээр байгаа. Оросын Коммунист Намын интернэт хуудас руу(kprf.ru) орж үзвэл “ах дүү коммунист намууд” гэсэн бүлэг дор МНРП буюу МАХН гэж дурайхыг бэлээхэн харж болно. Ингээд үзэхээр намынхаа гишүүдийг, монголчуудыгаа төдийгүй гадаадын коммунистуудыг ч “бид хэвээрээ байгаа” хуурсаар яваа бололтой юм.

МоАХ-ны шаардлагын учир

“МАХН тарах ёстой, нэрээ солих ёстой, шинэ нам болох хэрэгтэй” гэж МоАХ-ны сүүлийн цуглааны үеэр шаардсан нь хийх, хэлэх юмаа олж ядсандаа биш байсныг хүмүүс одоо ойлгож байгаа байх. Өөрийн гишүүдийг төдийгүй монголын ард түмнийг хуурч мэхлэсээр яваа ийм намд цаашид энэ хэвээр орших ёс суртахуун эрх алга болсон.

Нэгэнт 80 гаруй жилийн түүхтэй МАХН хэмээх хэт зүүний коммунист суртал бүхий намыг тэд үзэл бодол, сэтгэл санаандаа “булшилснаас” хойш нэрийг нь зүүж, буурийг нь сахиж явах ч утгагүй. Тийм болохоор тэд МАХН-ыг монголын түүхийн салшгүй хэсэг хэвээр нь үлдээж, өөрсдийн зориод байгаа зүүн төвийн үзлээ бат сахисан шинэ намаа босговол таарна.

Хойд хөршийн тууштай коммунист үзлийг баримталдаг иргэд нь шинэ үеийн коммунистууд хоёр нүүр гарган, урьдын үүх түүхтэй ЗХУКН-ын нэрийг барих мөртөө коммунист үзэлтэйгээ үл нийцэх амин хувийн ашиг хонжоо, улс төрийн завшаан эрэлхийлээд байгааг ухаарч сонгуульд дэмжихээ нэгэнт больжээ. Ингэснээр Оросын Коммунист нам аажим мөхөж, улс төрийн тавцангаас арчигдаж байна. Үнэнд гүйцэгдэж байна.

МАХН-ын ахмад гишүүд ч үүнийг ойлгож, сэрж мэдэрч байгаа гэж би бодож байна. Түрүүчээсээ мэхлэгдсэнээ хүлээн батлахаа намын даргынхаа үүдэнд урж хаясан. Хуучны жинхэнэ коммунистуудад өнөөгийн хуурамч коммунистуудын нүүр царай улам бүр илэрхий болсоор байгаа. Иймд “эртхэн дээр нь учраа олж, зам мөрөө хөө” гэж л МоАХ шаардсан юм, зөвлөсөн юм. Хууртагдаж мэхлэгдсэн олон түмнийг үнэнийг олж хараг, анзаараг, эргэцүүл гэхдээ ингэж дуугарч байгаа юм. Тарах эсэх нь МАХН-ын гишүүдийн асуудал гэж боломгүй. 90 оноос өмнөх түүх нь нь бид бүгдэд хамаатай, бүх ард түмний түүх юм. Түүнийг ашиглаж, улс төрийн тавцан дээр чадан ядан орших арга чаргаа болгон буй цөөхөн хэдэн хүний эрх ашгийн төлөө монголын түүх үйлчлэх ёсгүй.

Ардчилсан нам цаг ямагт жирийн гишүүддээ, ард түмэндээ ач тус, өгөөж өгөх зүйлийг хэрэгжүүлж байсан. Монголчууд гадаадад чөлөөтэй зорчих боломжийг нээв, нэгдлийн малыг үнэгүй хувьчлахыг шаардсаар хэрэгжүүлэв, орон сууцыг үнэгүй хувьчлав. Газрыг хувьчилъя гэтэл МАХН тээглэж хэвтсээр өөрсдийнхөө засаг барьсан жилүүдэд сонгуулийн өмнөх шоу болгон нэг юм хувьчилсан. Тэр нь одоо ч маргаан, хэл ам таталсаар байгаа. Шинэхэн коммунистууд газрыг хувьчлахдаа итгэл үнэмшлээсээ илүүтэй “ингэвэл сонгогчдод таалагдах юм шиг байна”, “ингэж байж жаал зугаа юм авилгад авах боломж нээгдэнэ” гэсэн бодлоор хийсэн гэвэл хэн ч маргахгүй. Л.Шинкарев хэмээх коммунистуудыг нэвт мэддэг сэтгүүлчийн номноос иш татъя. “МАХН саяхан болтол монгол оронд төсөөлшгүй зүйл байсан газар хувьчлалыг хуулиар баталгаажуулав. Нам огт өөр хэлээр яриад эхэлсэн мэт болов” гэж тэр гайхширчээ(“Цэдэнбал, Филатова хоёр. Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” 450-р хуудас)

Ардчилсан нам хүүхдийн мөнгийг санаачилж, хэрэгжүүлснээр өрх бүрт хүүхэд бүрийн амьдралд мэдэгдхүйц дэмжлэг болж чадсан. Харин МАХН “хүүхдийн 10 мянгыг” сөргүүлэх гэхдээ “Шинэ гэр бүлийн 500 мянган төгрөг” гэж юм ярьсан нь анхнаасаа л шударга ёсыг алдагдуулж, нийгэмд ихээхэн будлиан, чирэгдлийг учруулсаар байгаа билээ. Сэтгэлээсээ хийгдээгүй юм гэж ийм л байдаг.

90 оноос өмнөх МАХН-д хэн ч үгүйсгэшгүй хийсэн бүтээсэн зүйлс бий. Харин 90 оноос хойш МАХН-ын нэрийг ашиглагчдад түмний тусын тулд хийсэн ажил байна уу? Идсэн уусан нь л тодорхой гарахаас, биднийг ингэж гийгүүлсэн гэх зүйл олдохгүй шүү.

МАХН цаашид энэ байдлаараа монголын ард түмнийг, сонгогчдыг мэхлэсээр байх ахул хожим хойдын цагт буух хариуцлага нь бас хатуу байх болно гэдгийг санагтун, ухаарагтун!

Коммунизмын дууч, пролетарийн их зохиолч гэгдэх М.Горький нэгэнтээ “Их салхи хөдөлбөөс нижигнэн хөдөлтүгэй!” гэж хэлээд коммунистууддаа үлгэр дуурайл болжээ. Тэгвэл хуучны жинхэнэ коммунистууд та бүхнийг “Их ухааралд нижигнэн нэгдтүгэй”, “Та бүхнийг хуурсаар яваа хоёр нүүртнүүдийг таягдан хаятугай!” гэж уриалъя.
2007.05.28
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.