Төрийн анхан шатны байгууллага хүний нөөцийн дутагдалд орсныг санууллаа
2023.02.08

Төрийн анхан шатны байгууллага хүний нөөцийн дутагдалд орсныг санууллаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатарын хамт Дархан, Баянмөнх, Мөрөн суманд ажиллаж нийт гурван сумын 420 гаруй иргэд, малчид, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар УИХ-ын 2022 оны намрын чуулганаар баталсан хууль, Засгийн газрын онцлог шийдвэрүүд, УИХ-аар хэлэлцэж байгаа гол хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хүргэж, иргэдээ сонссон юм.

Төсөвт байгууллагуудын зүгээс цалингийн болоод урсгал зардлын төсөв хасагдаж батлагдсан нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна, ЕБС-ийн багш нар инфляци, цалингийн зээлээс шалтгаалж БНСУ-ыг зорьж сургууль боловсон хүчний, багш нарын хомсдолд орж эхэллээ, сурагчдын хоцрогдлыг хэрхэх вэ, төрийн үйлчилгээний ажилтны цалин нэмэгдээгүй, хөдөөд тогооч, үйлчилгээний ажилтан олдохгүй боллоо. Цас, зудны хүндрэлд ямар арга хэмжээ авч байгаа вэ, залуучуудаа дэмжих төрийн бодлого үгүйлэгдэж байна зэрэг нийтлэг асуултуудыг тавьж байлаа. 

Мөн алслагдсан багуудаа үүрэн холбооны сүлжээнд холбох, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, ХӨАА-н бодлого, нийгмийн даатгалын багц хууль ирэх хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан ахмадуудаас тэтгэвэр тэтгэмж нэмэх, төрийн албан хаагчдын оюутны сургалтын тэтгэлэг, тоног төхөөрөмжтэй холбоотой хэд хэдэн саналууд уламжиллаа. Сумдын ЗДТГ-т хүний нөөц дутагдалтай, 5-8 хүний орон тоо сул байгаа нь төрийн анхан шатанд хүндрэл учруулж байна.

УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүдийн зүгээс Монгол улсын Шадар сайдыг орон нутагт ажиллаж малчдын өвөлжилт цас зудын байдалтай газар дээр нь танилцаж ажиллахыг хүссэнээр Шадар сайд удахгүй Хэнтий аймагт ажиллахаар боллоо.