Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамжинд нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг судалж байгаа гэв
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн зохицуулалтын талаар холбогдох хүмүүстэй санал солилцлоо.
Энэ үеэр 1 дүгээр эгнээ чөлөөлөх ажлын хүрээнд хийж буй бэлтгэл ажил, зохион байгуулалтын тухай мэдээлэл сонслоо. Эн тэргүүнд Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын 1 дүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өглөө.
Дараагийн ээлжид Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын гудамжийг 1 дүгээр эгнээгээр явуулах ажлыг судлан тооцож байгаа аж.
Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэдгийг тэрээр хэлэв.
Мөн худалдаа үйлчилгээний томоохон төв болсон Дүнжингаравын авто замын ачааллыг бууруулах шийдлийн талаар мэргэжлийнхний саналыг сонслоо.