Манай улсад 700 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автобусыг Бүгд Найрамдах Узбекстан улсаас хүлээлгэн өглөө
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК-ийн Японы ISUZU корпорацийн технологиор үйлдвэрлэсэн хоёр автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар хүлээн авлаа.
МҮХАҮТ-ын санаачилгаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явах гэж буй уг автобус нь Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон нэг удаад 56 зорчигч тээвэрлэх боломжтой, цонх нь цантдаггүй, шалнаасаа халдаг, эйр кондишны нэгдсэн системтэй, тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай гээд олон давуу талтай аж.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Нийтийн тээврийн шинэчлэлээ дагаад ийм мэт тохитой автобуснууд үйлчилгээнд явна. Тэр хэрээр гаднын үйлдвэрлэгч компаниудаас хамтран ажиллах санал ирнэ. Харин бид удаан хугацааны эдэлгээ даах чанартай, олон улсын жишигт нийцсэн стандарттай, хямд өртөгтэй автобусыг сонгох нь чухал".
Ид ажил өрнөж буй энэ цагт олон талын эрх ашиг цухалзаж, саад бэрхшээл багагүй тулгарч байгаа ч бид энэ бүхнийг үл ажран нийтийн тээврийн парк шинэчлэлээ хийхээр төлөвлөгөөт ажил амжилттай явж байна. Намар гэхэд олон улсын стандартын шаардлага хангасан автобуснууд Улаанбаатарчуудад үйлчлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна" гэв.