Mexican Corruption System үү, Canadian Development System үү? (MCS, CDS)
2008.07.01

Mexican Corruption System үү, Canadian Development System үү? (MCS, CDS)

Mexican Corruption System үү, Canadian Development System үү? (MCS, CDS)

battulga_bodluud_book_coverСүүлчийн сонголтын өмнө

Канадад хоргодсон монгол бүсгүй

Хориод хоногийн өмнө Канадын Торонто хотоос холгүй нэгэн ази ресторанд ажиллаж буй монгол бүсгүйтэй таарч хэсэг ярилцав. Тэрбээр Америкт цагаачлахаар хоёр жилийн өмнө нөхрийн хамт нутгаасаа гараад Мексикт очжээ. Тэндхийн хойд хил орчимд цагаачдыг АНУ-руу 50-200 долларын хөлсөөр гаргадаг бүлэглүүд байдаг юм байх.
Мексик жил бүр АНУ-аас 6-8 тэрбум долларын зээл авдаг бөгөөд америкууд зээл өгөхгүй цааргалбал “За тэгвэл, хилчдийн нэгдсэн цугларалт олон хоногоор зарлаж, хилээ эзэнгүй орхилоо” гэж айлгаж байгаад хүссэнээ авчихдаг гэнэ. Тэгээд ч нэмэргүй хилчид нь цагаачдаас бага сага мөнгө аваад хил давуулчихдаг ажээ. Европт Берлиний ханыг нурааж, улс үндэстнүүд чөлөөтэй харилцах боломжийг бий болгож байхад АНУ таван саяд хүрчхээд байгаа Мексик цагаачдын урсгалыг зогсоох бат бөх ханыг хилийнхээ дагуу босгохоор санааширч байна.

АНУ-ын Төрийн Департмент Мексикийн хил дагуу электрон хана босгох төслийн эхний санхүүжилтэд 300 сая доллар зарцуулахаар болсноо зарлалаа. Энэ мөнгөөр 200 хүрэхгүй км газар хана босгох ажээ. Төсөл үргэлжилсээр 2015 он гэхэд Мексикийн хилийг бүхэлд нь хаах гэнэ.

Бүсгүйн ярианд эргэж оръё. Баахан хятадуудтай 14 хоног нүхэн хонгилд хэвтсэний эцэст нөхөр нь америкт нэвтэрчээ. Харин бүсгүй өөр замаар хил нэвтрэх гээд чадалгүй баригдаж буцсан байна. Шантралгүй Канадаас америкт нэвтрэхээр Торонтод иржээ. Хил давах тааламжтай үеийг хүлээж байх зуур Канадын амьдрал америкийнхаас юугаар ч дутахгүй, зарим талаараа илүү гэдгийг мэдрээд тэндээ үлдсэн байна. “Канадчууд маш амгалан тайван ард түмэн. Айлууд нь хаалгаа түгжилгүй гараад явчих энүүхэнд. Хилийн цаана бол тийм биш, айдас түгшүүр ихтэй гэнэ лээ. (Майкл Мурын “Фаренхейтийн 911” хэмээх баримтат кинонд энэ яриаг нотлох дүрслэлүүд гардаг) Одоо би нөхөр, хүүхдээ энд ир гэж дуудаж байгаа” гэж тэр ярилаа. Түүний ярианаас Канад, Мексик болон АНУ гэсэн гурвалын талаар харьцуулж үзэх сэдэл төрсөн юм.

Үүн дээр The Wall Street Journal - сэтгүүлийн 6 сарын 18 -ны дугаарт Майкл Кон гэж сэтгүүлчийн бичсэн “Монголын Ардчилал салаа замын уулзварт иржээ” гэсэн нийтлэлийг уншихаар сэтгэл бүр хямарч, гэгэлзэнэ. Тэр сэтгүүлч “Монгол Кувейт, Нигери хоёрын аль нэгний замаар явахаа шийдэх гэж байна” гэж бичсэн байна лээ. Ийм харьцуулалт монголчуудын сэтгэлд шууд буухгүй юм шиг санагдаад өөрийнхөө харьцуулалтыг тэрлэхээр шийдсэн минь энэ. Учир нь Кувейт, Нигерийг монголчууд сайн мэдэхгүй. Канад, Мексикийг бол гадарлана.

Тоогоор харьцуулбал...

wikipedia.org –т буй мэдээллүүдээс үзвэл Мексик нь 2 сая кв, км талбай бүхий нутагтай 109 сая хүн амтай, газар зүйн ихээхэн тааламжтай бүсэд оршдог, байгалийн асар баялагтай орон. Канад нь газар нутгийн хэмжээгээр дэлхийд хоёрт орох нутагтай, 28 сая хүнтэй ажээ. Мөн л байгалийн асар их баялагтай.

Энэ хоёр улс дэлхийн эдийн засгийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг / бүр дэлхийн шүү/ АНУ-ын аварга зах зээлийг хойд, урд талаас нь түшиглэж амьдрах атал нийгмийн дүр зураг нь тэс өөр. Уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалт, авч буй татвар нь онцын ялгаагүй юм. Орлого нь адил байхад хууль, тогтоомжийн үйлчилгээ, баялгийн хуваарилалт, улс төрийн бодлогоосоо шалтгаалаад тэнгэр, газар шиг өөр нийгмийн нөхцөл үүсжээ.

Канад нь эдийн засгийн хөгжлөөрөө гайхагдаж Их наймд багтав. АНУ-Канадын худалдааны эргэлт жилийн 700 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортынх нь 81 хувийг АНУ эзэлдэг. Ажилгүйдлийн төвшинг дэлхийд хамгийн бага 3,7 хувьд хүргэж, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй, ядуурал огт байхгүй гэсэн үзүүлэлтээр гайхуулж байхад... Мексикт хүн амын 25 хувь нь нэн ядуу, 55 хувь нь ядуурлын төвшинд амьдарч нийгмийн баялаг нийт иргэдийн наймхан хувийн гарт төвлөрчээ.

Мексикийн экспортын 90 хувийг АНУ, Канад эзэлдэг бол импортод нь АНУ, Канадын бараа 55 хувийг эзэлж байна. Эндээс үзэхэд Мексик улс хөгжөөд, тасраад алга болох 500 хувийн боломж харагдаж байх шиг. Гэтэл бидэн шиг балчигт хутгалдаад үлдсэний учир юунд байна вэ?

Мексик ба Монгол

Мексикийг бид Монголын тамирчид Мехикогийн олимпт түүхэндээ анх удаа хамгийн дээд амжилт гаргаж таван медаль авснаар сайн мэдэх билээ. Мөн Холливудын кинонд америкийн хамаг л хулгайч, луйварчид гэмт хэрэг хийснийхээ дараа Мексикт орогнохоор зугтаж байдгаар мэднэ.

Бидэнд ижилсэх зүйл цөөнгүй. Ашигт малтмалаар амьжиргаагаа залгуулдаг, хөдөө аж ахуйн гэгдэх улсууд. Хоёулаа ядуурлыг туйлд нь хүргэж, авилгыг тэнгэрт мандуулсан орон. Аль аль нь нийгмийн баялгаа цөөн тооны олигархиудад атгуулж, хууль ёсыг уландаа гишгэнэ.

Монголчууд ажил эрж олноороо Солонгосыг зорьдог бол, мексикчүүд АНУ-руу элдэв аргаар нэвтэрч, хамгийн бага хөлсөөр ажиллахыг дээдийн заяанд тооцно. Мексик цагаачид цалингүй шахам ажилладаг бол монголчууд ч ялгаагүй шахам. Солонгосын виз гаргуулах зардал 5000 ам.долларт хүрдэг. Сард 800 ам.долларын цалин авдаг гэхээр хагас жил гаруй цалингүй ажилладаг гэсэн үг. Гэхдээ аль аль нь баяртай, жаргалтай.

Мексик цагаачдын нутаг руугаа илгээдэг мөнгөний хэмжээ нь газрын баялгийн дараа хоёрдугаарт бичигддэг ажээ. Тэд жил бүр 20 тэрбум долларыг улсынхаа эдийн засагт оруулдаг. Солонгос дахь монгол ажилчид улсынхаа эдийн засгийн 15 хувьтай тэнцхүйц мөнгө нутаг руугаа жил бүр илгээж байгаа нь “Эрдэнэт”-ийн орлогын дараа хоёрт орох байх аа гэж бодож байна.

Америкийн хууль завхруулагчид, зөрчигчид нь хууль үйлчилдэггүй, авилгад өртөмтгий Мексикийг диваажинд тооцдог бол Солонгос, Хятадын хулгайч, луйварчид эх нутгаасаа зугтаахдаа монголыг орогноход таатай газар хэмээн үздэг. Сон Ян Жү-гийн, Вако констракшны, Тан-Лугийн хэрэг гээд эх орондоо эрэн сурвалжлагдаж, хууль хяналтынхнаас зугтаж монголд орогносон хэрэгтнүүдийн өдүүлсэн хэрэг байсан билээ.

Мексикийн баялгийг хэмжээгүй залгигч цөөн тооны баячууд нь манай дээдэстэй адил хурдан морь тэжээж, өрсөлдөх агаад саяхны сонинд нэгэн супер баян Мексик эр 200 хурдан хөлгөө хайрлах аргаа олж ядахдаа мориныхоо жүчээг бүхэлд нь алтадсан талаар мэдээлэв. Харамсалтай нь агаарын солилцоо муудсаны улмаас хурдан хүлгүүд нь бүтэж үхсэн байна.

Мексикийн ашигт малтмалын орлогыг хянадаг цөөхөн хэдэн хүнд л өндөр, аварга байшин барих боломж олддог бол манайх ч ялгаагүй. Гаднынхантай нийлж байгаад төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордуудыг завшсан хүмүүс л Улаанбаатарын аварга барилгуудын эзэд байдаг. Шударга бизнес хийж байгаа хүмүүст байшин сүндэрлүүлэх сул мөнгө гарахгүй байна. “Эрдэнэт”-ийн тойрсон бизнес хийдэг дархлагдсан хоёр, гуравхан эрх мэдэлтнүүд /Вор закон/ хянаж зохицуулдаг ба тэд мөн л Улаанбаатарт аварга байгууламжийн эзэд болох нь хэдийнээ нууц биш болжээ.

Канадын хөгжлийн нууц гэж байна уу?

Канадыг бид мөсний хоккейгоор сайн мэднэ. /NHL/ Бас Монреалын олимпоор гадарлаyдаг (З.Ойдов-мөнгөн медаль) байх. Одоо бүр их мэддэг нь Айвенхоу Майнз гэвэл найман настай балчраас өгсүүлээд бүгд мэднэ.
Улсынх нь хөгжилд нууц юм ер алга. Хуулиа дээдэлж, хэрэгжүүлж чадаж байна. Бодлогоо зөв төлөвлөж, хариуцлагаа чанд тооцож байна. Иргэддээ эдийн засгийн эрх чөлөө олгох, баялаг хуримтлуулах боломжийг бүрдүүлдэг, нийгэмдээ хаялагатай улс төрийн хүчин, хүнээ зөв сонгож байна.

Канад улс газрын баялгаас олсон орлогоо иргэддээ түгээдэг. Ингэхдээ бидний яриад, мөрөөдөөд байгаа шиг шууд хүн бүрт хуваагаад тараачихдаггүй юм байна. Альберта муж гэхэд 1977 оноос ашигт малтмалын татвараас олсон мөнгөөрөө “Альберта сан” гэдгийг байгуулжээ. Сангийн хөрөнгийг үр ашигтай, урт хугацааны хөрөнгө оруулалтуудад зарцуулж уг төслүүдээс олсон ашгийг иргэддээ жил бүр ногдол ашиг болгон тараадаг юм байна. Өнгөрсөн жил гэхэд л Альбертагийн иргэн бүрт 1900 ам.доллар өгчээ. Өөрөөр хэлбэл, барагддаг баялаг болох ашигт малтмалаас олсон мөнгөө барагддаггүй, хорогддоггүй “саалийн үнээ” болгох ухаалаг шийдэл олжээ.

Ардчилсан намын санаачилсан “гэнэтийн ашгийн татварын” орлогыг одоо “хүүхдийн мөнгө” хэлбэрээр тарааж байгаа. Уг нь тэр мөнгөөр эхлээд сан бүрдүүлээд, ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, үржүүлснийхээ дараа тарааж баймаар санагдаж байлаа.

Канад, Монголд ижил юм бий юу? Зөндөө. Хоёулаа маш хүйтэн, эрс тэс цаг уур бүхий бүс нутагт оршдог. Ашигт малтмалаар амьдардаг. Аль алинд чоно их. Адилхан хөршүүдийнхээ түүхий эдийн бааз гэх мэт.
Ялгаатай зүйл бий юу? Бүр их. Канад болохоор АНУ хэмээх 300 сая хэрэглэгч бүхий зах зээлд ухаалаг “тоглож” амьдардаг. Бид урд байгаа 1 тэрбум 300 сая хэрэглэгчтэй, хойно буй 200 сая хэрэглэгчтэй аварга зах зээлүүд дээр “тоглож” огт чадахгүй байна.

Ганц жишээ хэлэхэд л ертөнцийн мухарт байдаг Шинэ Зеланд хэмээх жижигхэн улс хаа холоос хонины мах зөөгөөд Оросын хэрэгцээг хангаж чадаж байхад бөөрөнд нь байдаг Монгол боломжоо ашиглаж чаддаггүй.
Канадчууд уул уурхайн баялгийг цөөнхийн гарт төвлөрөх боломжийг хууль эрх зүйн хувьд хааж чадсан бол монголчууд яг үүний эсрэг арга замыг эрэлхийлж байна. “Таван толгойгоор ард түмнээ тэжээх, буянт үндэсний хөрөнгөтнүүд айсуй” гэдэг үлгэр бол үүний тод илэрхийлэл. Оюу толгойгоос ард түмэн юу ч олж долоохгүй байх нөхцөлөөр гэрээ байгуулах гэж шамдаж байгаа улстөрчид сонгодог жишээ.

Цагаач бүсгүй шиг эрүүл сэтгэе

300 км-ын радиуст осолдсон онгоцыг 48 цагийн дотор олж чаддаггүй эрх баригчид ганц шөнийн дотор Нийслэлийн Ахмадын Соёлын Төвийн байрыг амжиж нураав.

Ийм шальдар зүйлст санаа зовж, хүч хаяж чаддаг хирнээ гол том асуудлуудаас тойрч бултдаг, ард түмэнд улсынхаа баялгийг нялзаахаас цааргалдаг төр, засагтай байгаа цагт бид Мексикийн нарийхан жимээр л замнах болов уу. Үр дүнд нь бид Mexican Corruption System –ийн дүү Монголын Авилгын Тогтолцоог өнө мөнхөд тогтоож авах биз ээ.
Канад шиг дардан замаар давхихыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол ирээдүйтэй, хариуцлагатай, улс төрийн хүчинг сонгож, түүнийгээ хянаж, шахаж чаддаг болох хэрэгтэй байна. Бичвэрийнхээ эхэнд дурдсан нийтлэлээс ишилье. “Нигер маягийн ардчилал нь Монголд хамгийн амархан зам болох байх, үнэхээр ч тэр зам руугаа орж байгаа шинж тэмдэг харагдаж байна. Монголын улстөрчид, бизнесмэнүүд нийгэмдээ хариу барьдаггүй буюу нийгмийн хариуцлагагүй үйл ажиллагааны араншин нь төрөлхийн болж эхэлж байна” гэж америк сэтгүүлч дүгнэжээ. Энэ бол ухаарах, тодорхой алхам хийхээс аргагүй байдалд түлхэж байгаа дүгнэлт биш гэж үү? Харсаар суугаад мөхөл рүүгээ гулсаж орох уу?

Үнэхээр эцсийн сонголт хийх салаа замын уулзварт бид ирлээ. Мексик, эсвэл Канад Сүүлчийн, хамгийн хариуцлагатай сонголтын өмнө бодох, ухаарах, эргэцүүлэхийг уриалж байна. Ардчилсан хувьсгалаас хойшхи 17 жилд хэн биднийг удирдав, юунд хүргэв? Хэн нь юу хийж байв ?

Канадад таарсан монгол бүсгүй америк мөрөөдлөө Канадаар сольж, нөхөр хүүхдээ тийшээ дуудахаар шийджээ. Эрсдэлээ тооцсон, эрүүл, ухаалаг шийдэл. Нэг монгол гэр бүл ингээд учраа олчихлоо. Харин бид яах вэ? Mexican Corruption System(MCS), Canadian Development System (CDS) хоёрын алинаар нь явахыг монголын ард түмний заяа төөрөг мэдэг гээд орхих уу?
2007.07.02
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.