УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн эмэгтэй парламентчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан болон одоо ажиллаж буй Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол төрийг эрдэм ухаан, ард түмнийхээ итгэл хүндлэл, хамгийн гол нь эхийн сэтгэлээр түшиж байсан, түшиж яваа, үе үеийн эмэгтэй парламентчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярын мэнд дэвшүүлээд, НҮБ-аас энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн сэдвийг “DigitАll: Innovation and technology for gender equality” буюу “Инновац, технологиор хүйсийн тэгш байдлыг хангах” уриан дор тэмдэглэж байна.
Дэлхий дахинаа хэрэглэгдэж байгаа хиймэл оюун ухааны системийн аналистууд энэ салбарт 44 хувийн хүйсийн ялгаварлан гадуурхалт байгаа, мөн 125 улсын эмэгтэй сэтгүүлчдийн дунд хийсэн судалгаагаар 73% нь ямар нэгэн байдлаар цахим хүчирхийлэл заналхийлэлд өртдөг гэсэн дүн гарсан байна. Нөгөө талаар технологи, инновацаар дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах олон чухал дэвшил гаргах боломжтой. Иймд энэ жил цахим орчныг илүү хүртээмжтэй, тэгш, аюулгүй байлгахад анхаарахыг уриалсныг дурдав.
Манай улсад ч гэсэн цахим орчин дахь гадуурхалт, дарамтад эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг. Иймээс нийгэм улс төрийн манлайлагч, улстөрч, төрийн зүтгэлтэн эмэгтэйчүүддээ цахим орчин дахь эмэгтэйчүүдийн гадуурхалт, аюулгүй байдлын асуудалд нийгмээ зөв тийш хөтлөх, энэ үйл хэргийг үлгэрлэн манлайлахад хувь нэмрээ оруулж ажиллахыг уриаллаа.
2023 оны зургадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд “Алтай дамнасан Зүүн хойд Азийн тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд уг уулзалт “Тогтвортой хөгжлийн зорилт-5” буюу нийгэм, эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах сэдвийн дор болно.
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, эмэгтэйчүүдийн боловсрол, гэр бүлийн хүчирхийлэл ба аюулгүй байдал зэрэг сэдвээр Зүүн хойд Азийн улсуудын төлөөлөл хамтран ярилцаж, туршлага мэдлэгээ хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд улс төрч, шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг энэ сэдэвт хандуулах юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийнхээ оролцоо, манлайллыг улс төр болон төр, засгийн байгууллага, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх талаар онцгойлон анхаарсаар ирсэн. Сүүлийн хоёр парламент буюу 2016-2020, 2020-2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь манай парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа.
Гэхдээ энэ тоо чамлалттай, цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлаас онцгой анхаарч, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын тухай хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилтэд зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хүндэтгэлийн уулзалтад оролцсон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл”-ийн дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ, үе үеийн эмэгтэй парламентчдын туршлагыг хуваалцах, түүхийг баримтжуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудалд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Эмэгтэй парламентчдын анхдугаар зөвлөгөөнийг хэдхэн сарын өмнө бид зохион байгуулсан юм. Энэхүү анхдугаар зөвлөгөөний дараа Улсын Их Хурлын даргын захирамж гарч, Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл” байгуулагдсаныг энэ баярын өдөр дуулгахад таатай байна гэлээ.
Туршлага бол чухал хүчин зүйл гэдэг нь Эмэгтэй парламентчдын анхдугаар зөвлөгөөний үеэр тод харагдаж байсан. Учир нь үе үеийн Улсын Их Хуралд сонгогдон ажиллаж байсан Та бүхэн маань анхдугаар зөвлөгөөний үеэр санал бодлоо илэрхийлсэн нь өнөөдөр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бидэнд үнэтэй сургамж, зөвлөгөө болсон юм.
Улсын Их Хурлын даргын дэргэдэх “Эмэгтэй парламентчдын зөвлөл” байгуулагдсан нь улс төрч эмэгтэйчүүд, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн үгийг зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд гэлтгүй цаашид олон арга хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулж, сонсож байх бүтэц, суурь бүрдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл дурдаад улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлт дэлхийн түвшинд 25 хувь, Ази тивийн хувьд 21.5 хувьтай байна. Манай орны хувьд энэхүү үзүүлэлт 17 хувь байгаа нь Ази тивийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр үзүүлэлт боловч энэ үзүүлэлтийг ахиулах шаардлагатай байгаа гэлээ.
Байнгын ажиллагаатай парламентын 33 жилийн түүхэнд 8 удаа Улсын Их Хурлын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ элч болон ажилласан бөгөөд энэхүү 30 гаруй жилийн хугацаанд анх нийт Улсын Их Хурлын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.