2008.05.07
Харынхан ба цагааныхан
Харынхан ба цагааныхан
Тэгш боломж үгүй бол тэгш амьдрал үгүй
I have a dream
Мартин Лютер Кинг хэмээх домогт тэмцэгчийн тухай өгүүлсэн баримтат киног саяхан үзлээ. Тэгш эрх, шударга ёсны төлөөх тэмцлийнхээ ид үед Авраам Линкольны дурсгалын цогцолборын шатан дээр түүний хэлсэн үг эрхгүй нэгийг бодогдуулав. “Надад ийм нэг мөрөөдөл байдаг юм. Нэг сайхан өдөр бүх хар, цагаан хүмүүс тэгш эрхтэйгээр бүтээгдсэнийг ойлгож, сэрэх цаг ирээсэй” гэж тэр хэлсэн.Мартин Лютер Кинг хар, цагаан хүүхдүүд хамтдаа ном үзэж, хар, цагаан хүмүүс хамтдаа ресторанд хооллож, хамтдаа тэгш амьдрах нийгмийг мөрөөдөж байлаа. Тэрээр хар, цагаан хүмүүс Вьетнамын дайны талбарт тэгш эрхтэйгээр, мөр зэрэгцэн тулалдаж байснаа эх орондоо ирмэгц цагаан нь харыгаа үзэж чадахаа больчихдогийг ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй байв. Тэр цагт Америк нийгмийн ёроолд харууд байж, хамгийн үгээгүй ядуу, боловсролгүй хэсгийнхнийг төлөөлж байлаа.
Америкийн улс төр судлаач Питер Драйпер “Хүн төрөлхтний эдийн засгийн түүхэнд америкийн нигерүүд шиг 30 жилийн дотор амьжиргааны төвшнөө эрс дээшлүүлсэн үндэстний бүлэг байдаггүй” гэж бичээд үүнд Мартин Лютер Кингийн зорьж, тэмцэж байсан, амиараа бүрдүүлж өгсөн тэгш эрх, тэгш боломж чухал үүрэгтэйг дурджээ. Тэгш эрх нь тэгш боломжийг бүрдүүлж, тэгш боломж нь тэгш үр дүнд хүргэнэ.
Нийгэм тэгш бус боломжит бүлэглэлүүдэд хуваагдах, баян хоосны ялгаа улам ихсэх зүг рүүгээ явах нь сөргөлдөөн, бухимдал, дайсагнал мөргөлдөөнийг бий болгохоос өөр зүйлийг нийгэмд өгөхгүй. Харьцангуй тэгш байдлаас өөр нийгэмд амар амгалан, аз жаргалыг авчрах зүйл алга. Тэгш эрхийг коммунистууд шиг хүчээр тулгаж, хавтгайруулж, хуурмаг зүйл болгож бас болохгүй. Тунгийн тааруулаагүй эм хор болох нь их.
Америкийн нийгэмд тэгш бус байдал ноёлж байсан тэр он жилүүдэд тэмцэл хөдөлгөөн, жагсаал цуглаан, нийтийн эсэргүүцэл, ажил хаялт тасардаггүй байж. Өнөөдөр Монголд яг ийм дүр зураг харагдаж байна.
Монголын харууд ба цагаанууд
Өнөөдөр монголын нийгэмд 1960-1970 оны Америкийн нийгмийг санагдуулам зүйл олон байна. Хэт баян цөөнх ба үгээгүй хоосон олонхи гэсэн хоёр туйл руу монголын нийгэм ялгарчээ.Хаа байна, тэр хар арьстан? гэж асуух хүн байвал би хариулъя. Траншейнд байна, хотын захын хогийн цэгүүд, алтны уурхайн хаягдал шороон дээр байна. Тэд нүүрс ухаж, амиа зольж байна. ХЗХ-нуудад мөнгөө луйвардуулж байна.
Зурагтаар жирийн иргэн ярив. “Баян хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Траншейнаас цухуйж байгаа ядуусын толгой дээгүүр баячуудын хаанаас олсон, ямар хөрөнгөөр авсан нь мэдэгдэхгүй жип дайрчих шахаад өнгөрч байна. Тэд ямар мөнгөөрөө араб адуу авч уралдуулаад, жипээр байлаад байгааг ойлгохгүй юм. Биднийг хүн ч гэж тоохоо болилоо”
Үнэн дээ баян хүнийг бурханчлан тахиж, ядуу хүнийг хялайн хардаг нийгэм бидний нүдэн дээр бүрэлдэж байна. Бид нэг ижил арьстан, адил үндэстэн байж өөр хоорондоо эрс тэс ялгаа бий болгож, баян хоосны туйл руу иргэдээ шахаж болохгүй.
Нэг төгрөгийн ашиг унагах бизнес эрхэлэж байгаагүй хүмүүс төрд шургалж, түнтийтлээ баяжиж байгааг олон нийт харсаар, бухимдсаар байна. Төр хэт баяуудыг төрүүлэх уурхай болж, шударга ёсыг баллуурдаж байна. Нөгөө талд нь нинжа болох, хог түүх, траншейнд хоноглох хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр…
Өвөрхангай аймгийн Уянга суманд яг одоо 7000 нинжа байна.Зундаа 30 000 болдог гэж УИХ-ын гишүүн З.Энхболд дурдлаа. Албан ёсны бус тоогоор бол монголд 100 000 нинжа байгаа ажээ. Дээр нь нүүрсчид, хог ухагчид 300 000 гаруй байгаа гэнэ. Хүн амын 40 хувь нь нэн ядуу гэсэн ангилалд багтаж байхад тэдний баялгийг цөлмөгч, төрийг мөлжлөгтөө ашиглагч цагаан гартнууд нийт иргэдийн 6 -7 хувийг л эзэлж байна.
МоАХ ардчилсан хувьсгалд олноо оройлон босохдоо тэгш эрх, тэгш боломжийн төлөө зорьж, тэмцэж байсан. Гэтэл үр дүнг нь луйварчид завшчихжээ.
Олны хөрөнгөөр хайгаад, олоод, нөөцийг нь тогтоочихсон, улсаараа идээд ч барамгүй их баялгийг Үйлдвэр Худалдааны сайдын алба хашиж байсан нэгэн давуу боломжоо ашиглан хөнгөхөөн өөрийн болгочихсон, бусдад хишиг маягаар хувааж, түгээж суух юм. Түүнд бялдуучилсан хүмүүс “үндэстний хөрөнгөтөн” гэсэн цол, хаягийг духан дээр нь наав. Түүний мөнгөөр пиар гэгчийг хийж байгаа хүмүүс “Үндэсний хөрөнгөтнүүд л та нарыг тэжээнэ” гэж сурталдана.
Нөгөөх “үндэсний хөрөнгөтнүүд” нь болохоор зөвхөн төсвийн(бидний гэж болно) хөрөнгөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон ордуудыг(Бороо Гоулд, Таван толгой г.м) гаднынхантай хувааж, цөлмөхөд мэргэшсэн хүмүүс. Хоёр сая хүний хөлс хөдөлмөрөөр бүтсэн зүйлийг албан тушаалаа ашиглан завшигчид. Ийм луйварчдыг үндэсний хөрөнгөтөн гэдэггүй юм.
Өөрийнхөө хөлс хүчийг урсган байж, ард олонд ажлын байр, цалин, амьжиргаа бий болгосон, ёстой л үндэстний хөрөнгөтөн гэхээр олон хүнийг би мэднэ. Гэтэл тэдний хэнийг ч ингэж цоллодоггүй. “Бизнесийнхэн аюултай, улс төрөөс хол байлга” гэж ад шоо үзэх хирнээ луйварчдад энэ эрхэм хаягийг ичих ч үгүй нааж байна. Өөрийнхөө хөлс, хүч, эрдэм оюунаар хөрөнгөжсөн хүнийг монголд хэн ч хялайж харахгүй нь лав.
Жирийн иргэнд ашигтай ордын лиценз авах тэгш эрх, тэгш боломж бий юу ? Гарааны тэгш нөхцөлийг бүрдүүлэхээр чармайж байсан ардчиллагчдын хүслийг хэн завшив ?
Авилга, хулгай дээрэм, бялдуучлал, луйвраар л эдийн засгийн давуу байдал, хангалуун амьдрал бүрдүүлдэг тийм систем рүү манай нийгэм хэдийнээ хальтран оржээ.
Яармагийн ядуу айлын хүү Бямбаа хичээлд явах замдаа өглөө ээлжнээс тарж байгаа ахтайгаа заавал уулзахгүй бол болохгүй. Учир нь тэр хоёр дундаа нэг цүнхтэй юм. Уутанд дэвтэр номоо хийж алхаж байгаад замын голд ахтайгаа уулзмагц цүнх рүү нь юүлнэ. Өрх толгойлсон ээж нь хоёр хүүхдийнхээ “итгэлийн мөнгөөр” л хоногийн хоолыг залгуулна.
Төрөөр баяжигчийн хүү Төрөө харин Хаммер жипээр сургуульдаа хүргүүлж, цүнхээ хамгаалагчдаа бариулсан байх ба дургүй хүргэсэн багшийг гар утас гарган аавдаа ховлож, яамны сайдтай нь даруйхан ярьж, ажлаас нь халуулахыг шаардана. Сургалтын төлбөр нь жилийн арван мянган доллар ажээ. Аав нь нуруугаа бөхийлгөх, хөлсөө дуслуулахыг үзэн ядах ба гар хурууны үзүүрээр газрын лицензийн наймаалдаг мэдэлтэн.
Сонгуулийн үед баячууд, ядуустай мөр зэрэгцэн сууж, сайхан аашлах, бэлэг түгээх ба боломж гарвал тэвэрч аван, зургаа татуулж, “нялуурна”. Сонгогдсоны маргаашаас танихаа байж, орд өргөөнөөс нь холхон байлгахыг хамгаалагчдадаа захина. Яг л Вьетнамд цагаан харууд ижилхэн эрхтэй тулалдаж байснаа нутагтаа ирээд нэгнийгээ үзэхээ байдаг шиг байгаа биз ?!
Дурын эмнэлэгт очоод л та тэгш бус байдлаас үүдсэн ялгавартай хандлагыг олж харна. Төрийн мэдэл бүхий албанд ажиллаж буй хүнд сурталтныг хармагц эмч, ажилтнууд сандралдан, юу байгаагаараа үйлчлэн, тусгай өрөөнд хэвтүүлэх зэргээр хөл алдах ба ядмагхан нэгнийг “эм тариагаа, цагаан даавуутайгаа авчраад хонгилд хэвтвэл хэвт дээ” гэж тавлана. Цагаан, харуудыг ингэж ялгадаг байсан юм.
Тавь, жаран онд америкийн нийгэм ийм байсан. Бид тийм байдалд байна. Америкийн харууд цуцалтгүй тэмцсээр тэгш бус байдлыг арилгаж чадсан, харин бид…?
Бид яагаад тэмцэхгүй байх ёстой гэж?
Арьсны үзлээр халхавчилсан нийгмийн тэгш бус байдлыг даван туулах нь бүтэшгүй мэт төсөөлөгдөж байсан он жилүүдэд Мартин Лютер Кинг цуцалтгүй, тасралтгүй тэмцсээр харуудын амьдралын төвшинг цагаануудынхтай тэнцүүлж чаджээ. Монголчууд бидэнд Кингийн үеийнхнээс илүү боломж, нөхцөл байхад юугаа хүлээгээд сууна вэ?Бид хамтдаа үр хүүхдийнхээ болон эх орныхоо ирээдүйн төлөө хариуцлага хүлээж байгаа. Ирээдүйн иргэдэд тэгш боломж, тэгш эрхийг нь хангасан нийгмийг бүрдүүлэхийн төлөө одооноос тэмцэхгүй, өөрчлөхгүй бол болохгүй төвшинд монголын нийгэм тулж ирээд байна.
Биднийг “тэмцэнэ” гэхээр хүч хэрэглэх гэж байна, төр эргүүлэх нь гэж мушгидаг, гүтгэдэг. Эсвэл “хэтэрхий даруухан цуглаан хийлээ” гэж шордоно. Хүч хэрэглэх нь хэзээ ч амжилт авчирдаггүй. Мартин Лютер Кинг хүч үл хэрэглэхийг уриалсаар, тэмцсээр өөрийн үндэстнийг боолчлолоос салгаж, аварч чаджээ. Тэр зогсолтгүй тэмцэж байсан. Хүлцэнгүй байх, бурууг тэвчих нь хүч хэрэглэхийг зөвшөөрснөөс өөрцгүй гэж тэр үзэж байлаа. Хүмүүст эрхийнхээ төлөө, аз жаргалынхаа төлөө тэмцэхгүйгээр тэнгэрийн хишиг хүлээж суух хэрэггүйг ойлгуулсанд Кингийн гавьяа оршино. Хутга барьснаас, хууль барьсан нь хүчтэй гэж тэр үздэг байлаа.
Хар арьст оёдолчин Роза Паркс автобусанд цагаан арьстанд суудал тавьж өгөөгүйн улмаас баривчлагджээ. Кингийн удирдлага дор хар арьстнуудын нийгэмлэг Монтгомери хотын (Алабама муж) нийтийн тээврийг 382 хоног хааж зогсчээ. 382 хоног буюу 1 жил 1 сар шүү ! Үүний үр дүнд АНУ-ын Дээд Шүүх Алабама муж улсад нийтийн тээврээр зорчигчдыг арьсны өнгөөр ялгаварлаж байгааг Үндсэн хуулийн бус гэж үзсэн шийдвэр гаргаж, хар, цагаан хүмүүс ялгаагүй автобусанд зэрэгцэн явах болгосон байна.
Кингийн өвөө нь арьсны үзэлт “Жоржиен” сонинг захиалахгүй, уншихгүй байхыг уриалж, даруй 6000 хүн түүнийг дагаснаар уг сонин дампуурчээ. Арьсны үзэлтнүүд цуглардаг бааранд тэгш эрхийн төлөө тэмцэгч харууд суулт хийжээ. Тэднийг зодож, чирч гулдарч, харааж зүхэж, занаж байсан ч, өөрсдийг нь “хүн” гэж үзэх хүртэл тэмцсээр ялсан юм.
Цагаан арьстнуудын ухаарахыг хүлээгээд л суусан бол тэдэнд аз жаргал ирэх байсан уу? Төрөөр баяжигсдын амыг хараад суувал бидэнд тэгш эрх ирэх үү ?
Төсвийн мөнгийг хүүдийлэгч - цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг төр бидэнд хэрэгтэй юу? Төрөөр хөлжигсдийг дэмждэг, сурталддаг сонин, ТВ-үүдийг дампууруулах, зориг, тэвчээр бидэнд байгаа болов уу?
Төрөөр хөлжигсдийг огцортол нь гудамжинд жагсах чин сэтгэл бидэнд бий юу? Төрийг баяжих хэрэгсэл болгогсод нэг л өдөр биднийг тэжээж, тэтгэнэ хэмээн найдаж, хүлээх үлдэв үү?
Эрхийнхээ төлөө тэмцэх түмэн арга байна. Үзэл бодлоо илэрхийлэн жагсах, цуглах, эсэргүүцлийн цуваа, аян, суулт, эдийн засгийн хориг арга хэмжээ г.м
Монголчууд бид нийгмийн тэгш бус байдал даамжрахыг цаашид харсаар, хүлцсээр суух ёстой гэж үү? Бид өөрчлөхгүй бол юмс өөрчлөгдхүй.
Надаас МоАХ-ны жагсаал, цуглаан хэнд хэрэгтэй юм бэ? гэж асуух хүмүүс гарч байсан. Бид хэн нэгнийг ялахыг хүсээгүй, өөрсдөдөө ашиг унагахыг бүр ч хүсээгүй. Бид ядуурлыг ялах, монголын нийгмийг цэвэршүүлэх, иргэдээ тэгш эрхтэй, чинээлэг байлгахыг л хүсэж байгаа.
Зүгээр хараад суух нь харин хэнд хэрэгтэй юм бэ? гэж асуумаар байна. Төрөөр хөлжигсдийг зайлуулах тэмцлийн хажуугаар бид ядуурлын уг сурвалжийг устгах хэрэгтэй.
Тэгш бус байдал юунаас үүдэж байна вэ? - Ядуурлаас
Ядуурлын уг үндэс нь юу юм бэ? - Ажилгүйдэл
Ажилгүйдэл яагаад ихсэв ? - Төрийн бодлого зохицуулалт алга
Монгол хүнээр хийлгэх ажил огт байхгүй юм уу гэхээр хятадаас жил бүрийн хавар хэдэн мянгаараа орж ирэх хар ажилчид хаана ажиллаад байгаа юм ? гэж асуух хэрэг гарна.
Ажлын байр хангалттай байгаа, төрийн бодлого, иргэдийн шахалт л байхгүй байна. УИХ дахь АН-ын зөвлөл НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын татварын хамтаар нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгож бууруулах санаачилга гаргасан нь ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэх бодлого байсан юм. Харамсалтай нь МАХН-ын бүлэг уг саналыг унагасан билээ.
Ажил олгогч бий болгосон ажлын байрныхаа төлөө 18 хувийн шимтгэл төлдөг байсан цагт хичнээн ч удаа ажлын байр нэмэгдүүлэх жил зарлаад бүтэхгүй. Хүчээр бий болгосон ажлын байр нь тогтвортой байж чаддаггүй юм. Энэ бол ёстой л сонгуулийн өмнөх шоу болоод дуусах хэрэг.
Төр ажил олгогчдод нийгмийн даатгалын шимтгэлийг нь бууруулж өгөхийн зэрэгцээ нийт ажиллагсдын 80 –аас доошгүй хувийг зөвхөн монгол ажилчдаар бүрдүүлдэг байхыг хуульчилж өгөх цаг нэгэнт болжээ. Ингэж байж гадаадаас хар ажилчин импортлохыг хязгаарлана. Өндөр мэдлэг, чадвар, мэргэшил шаардсан ажлыг гаднынхнаар хийлгэлгүй л яахав. Өрлөгчин, цахилгаанчин, мужааныг бол дотооддоо долоо хоног олигтойхон сургаад л бэлтгэчхэж болно.
Төрөөс хууль, эрх зүйн шахалт үзүүлэхгүй бол мэргэшсэн ажилтан бэлтгэх сонирхол аж ахуйн нэгжүүдэд алга байсаар л байх болно. Ажилтан бэлтгэх, сургахад зориулсан зардлыг нь урамшуулах, хөхүүлэх механизм бодож олох хэрэгтэй болжээ.
Ингэхгүй бол бүтээн босголтод зориулж байгаа бидний асар хөрөнгийн үр шимийг тендер нэрээр эрх мэдэлтнүүд гаднынхантай завшсаар, монгол хүн гудамж метрлэж, хог түүсээр, нийгэм баян ядуугийн туйл руугаа ялгаран шахагдсаар байх нь дамжиггүй.
Бичвэрийнхээ төгсгөлд Мартин Лютер Кинг хэмээх энэ алдарт хүний үгийг монгол хөрсөнд шилжүүлэн илэрхийлбэл “Нэг сайхан өдөр ард түмэн маань бүх хүмүүс тэгш эрхтэйгээр бүтээгдсэнийг ойлгож, өөрсдийнхөө төлөө тэмцэх, зүтгэх цаг ирээсэй. Монголчууд ижил тэгш нөхцөлд, тэнүүн жаргалтай амьдрах цагийг үзэхсэн”
2007.05.08
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.