Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгөв
2023.03.17

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд шаардлагатай техник хэрэгслийг хүлээлгэн өгөв

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нартай уулзаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ярилцлаа.

“Ковид-19” цар тахлын хүнд үеийн дараа нэг үеэ бодоход эмч нарын ачаалал харьцангуй багассан ч санхүүжилтын асуудал хүндрэлтэй байгааг тэд онцолж байв.

Мөн нэг анхаарал татсан зүйл нь цар тахлын дараа иргэдийн вакцины үр нөлөөнд итгэх итгэл суларсан, улирлын томуугийн вакцинд хамрагдалт тун хангалтгүй байгааг эмч нар санаа зовнин хэлж байлаа. Томуугийн вакцин байтугай хүүхэд бүр заавал хамрагдах товлолт вакцинд ч хүүхдүүдээ оруулахгүй гэх эцэг эхчүүдийн тоо нэмэгдсэн нь харамсалтай байгааг эмч нар онцолж байна.

Мөн урьдчилан сэргийлэх оношилгоонд хамрагдах иргэдийн тоо  хангалтгүй байгаа гэнэ. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, вакцины үр нөлөө болон өвчнөөс урьдчилан сэргийлэх тухайд Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ анхаарах хэрэгтэй байгаа нь харагдав.

Энэ үеэр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд улсын төсөвт суулгасан бөгөөд хуулийн дагуу эхнээсээ ажил хэрэг болж гэр хорооллын өрхийн эмнэлгүүдэд иргэдийн үйлчилгээнд явах машинуудыг хүлээлгэн өглөө.