Банкны тухай хууль шинэчлэгдсэнээр иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэнэ
2010.02.07

Банкны тухай хууль шинэчлэгдсэнээр иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэнэ

Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/ УИХ-аар батлагдсантай холбогдуулан тус хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, болон уг ажлын хэсэгт ажилласан  Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. bank_huuli

УИХ-ын  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 2008 оны 31 дүгээр тогтоолын хавсралтын 2.1-д “Банкны салбарын тогтвортой байдлыг хамгаалсан бодлого явуулна” гэж, УИХ-ын “Санхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” 2009 оны 22 дугаар тогтоолд  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн тэргүүнд боловсруулж, батлуулахаар тус тус тусгасан бөгөөд сүүлийн жилүүдэд банк санхүүгийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, банкны нэгдэл үүсгэн үйл ажиллагаа явуулах нь өргөжиж, банкны болон харилцагчдын холбогдох этгээдийн хүрээ хамаарлыг зөв тогтоох шаардлагатай болсон нь банк санхүүгийн салбарын эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох зүй ёсны шаардлага болсон талаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир танилцууллаа.

Түүнчлэн банк болон түүнтэй холбогдох этгээдүүд нь банкны төдийгүй санхүүгийн бусад салбар болох даатгал, үнэт цаасны зах зээлд санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болсон бөгөөд эдгээр байгууллагын өмчийн болон үйл ажиллагааны уялдаа холбоо нь санхүүгийн нэг салбарт гарсан хямрал нөгөө салбарт шилжих  үндсэн нөхцөлийн нэг болж байгаа талаар дурдлаа.

Түүнчлэн банкны дотоод хяналт болон компанийн сайн засаглалын тогтолцоог бүрдүүлэх нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үндсэн зарчмын  нэг гэж хууль санаачлагчид үзэж байна.

Эдгээр болон шинэчилсэн найруулгад тусгасан бусад асуудал нь Монгол Улсын банкны хяналт шалгалтын хүрээнд удирдлага болгох  Базелийн хорооны үр ашигтай хяналт шалгалтын олон улсын гол зарчмууд  бөгөөд тус зарчмыг хуульчлан баталсан нь  банк санхүүгийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох алхам болно гэдгээ тэрээр мэдээлэв.

Удахгүй мөрдөгдөх Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах 9 асуудлуудыг шинээр нэмж  тусгасан байна. Үүнд:
  1. Банкны болон банкны үйлчлүүлэгчдийн холбогдох этгээдийн хүрээг тодорхойлж, Төв банк нь тэдгээрийн банктай холбогдох үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байх, банкны эрсдэлийг бууруулах боломжтой болох
  2. Банкны эрхлэх үйл ажиллагааг нарийвчлан боловсруулж, зарим асуудал дээр Санхүүгийн зохицуулах хороотой хамтран тусгай зөвшөөрөл олгож байх
  3. Банкийг үүсгэн байгуулахад тавигдах шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоож, гадаадын хөрөнгө оруулагч банк үүсгэн байгуулахад тухайн улс орны эрх бүхий төрийн байгууллагаас холбогдох зарим  баримт бичгийг гаргуулах, тухайн улс орны хууль тогтоомж нь зарим онцлог тодорхой зохицуулалтыг тусгасан байх
  4. Орчин үед банкны удирдлага, зохион байгуулалтын хамгийн оновчтой бүтэц  гэгдэж буй компанийн сайн засаглалын тогтолцоог бүрдүүлэх зорилгын хүрээнд олон улсад мөрдөж буй зохистой удирдлагын зарчмын дагуу дотоод аудитын асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл, харин дотоод хяналтын асуудлыг гүйцэтгэх удирдлагад хариуцуулж, зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрээс үл хамааран банк бүр төлөөлөн удирдах зөвлөлтэй байх, төлөөлөн удирдах зөвлөл нь хадгаламж эзэмшигч харилцагчид, иргэний нийгмийн бусад этгээдээс сонгогдох банк санхүүгийн мэргэжил эзэмшсэн, дадлага туршлага бүхий хараат бус гишүүнтэй байх, уг хараат бус гишүүнийг томилох чөлөөлөх журмыг Төв банкны дэргэдэх Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Төв банкны төлөөллөөс бүрдэх Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс тогтоож байхаар тусгах
  5. Өмнө дурдсанчлан банкны нэгдлийн ойлголтын эрх зүйн үндсийг бүрдүүлж, нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоог бий болгох
  6. Банкны хувь нийлүүлэгчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хэмжээнд өөрчлөлт ороход Төв банкинд мэдэгдэж байх, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч /5 буюу түүнээс дээш хувийн хувьцааг дангаараа буюу холбогдох этгээдийн хамт  эзэмшигч/-ийг тодорхойлох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох бүрт банкны зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрээс үл хамааран Төв банкнаас урьдчилан зөвшөөрөл авч байх
  7. Банкны санхүүгийн тайлан, түүний хэлбэрт тавих шаардлагыг тодорхой болгохын зэрэгцээ, санхүүгийн тайлан бусад мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх харилцааг нарийвчлан зохицуулах
  8. Банкинд авах албадлагын арга хэмжээний төрлийг тодорхой болгож, албадлагын арга хэмжээний зарим төрлийг хэрэгжүүлэх явцад баримтлах зохицуулалтыг нарийвчилж, банкинд онцгой дэглэм тогтоох, банкны эрх хүлээн авах ажиллагааны явцад хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулах, банкийг татан буулгах журам зэргийг өөрчлөн тогтоож, Компанийн тухай хуулийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу уг хуулиас зарим талаар ялгаатай зохицуулалт бий болгох
  9. Банкны хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгах зэрэг бусад асуудлуудыг нарийвчлан зохицуулсан болно.

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар банкны салбарын үйл ажиллагаа улам боловсронгуй болж, олон улсын жишигт нийцэх эрх зүйн зохицуулалттай болохын зэрэгцээ иргэдийн банкинд итгэх итгэлийг дээшлүүлж, эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын цар хүрээг тэлэх боломжийг бүрдүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.