Л.Энх-Амгалан: Цаашдаа ч хамтарч нэг шугам дээр зогсохгүй бол, жагсаал цуглаанаар бүхнийг шийдэхгүй!
Манай боловсролын салбар дахь Төрийн үйлчилгээний албан хаагчид цалингаа нэмүүлэх асуудал тавьж, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонос зохион байгуулж жагссан гэж салбарын сайдын хувьд ойлгож хүлээж авсан.
Өнөөдөр хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, инфляцтай харьцуулахад төрийн үйлчилгээний албан хаагчид маш доогуур цалин авч байгааг 100 хувь ойлгож байна. Боловсролын байгууллагаар очиж ажиллахдаа заавал үйлчлэгч, үйлчилгээний албан хаагчдын өрөөнд нь орж суугаад бодит байдлыг сонсдог, ярилцаад гардаг.
Бүх л салбарт төрийн үйлчилгээний албан хаагчид бий. Салбар бүрд байгаа цалин хөлсний шатлал өөр өөр. Үүнийг эхлээд жигдлэх ёстой. Зөвхөн боловсролын салбар гэж туйлширч байхаар асуудлыг томоор харж Төр ч тэр, Үйлдвэрчний эвлэл ч тэр хариуцлагатай хандах нь зөв юм. Цаашдаа ч хамтарч нэг шугам дээр зогсохгүй бол зүгээр л жагсаал цуглаанаар бүхнийг шийдэхгүй.
Одоогоор манай салбарт 28.000 төрийн үйлчилгээний албан хаагч байдагаас 23.000 орчим нь ТҮ-ийн 1, 2 дугаар шатлалаар цалинждаг. Энэ нь хамгийн бага цалингийн шатлал байдаг. Тиймээс эхлээд нийтээр нь суурь цалин нэмэх боломжийг гаргах. Ингэж байж дээр нь ажилласан жилийн нэмэгдэл, бусад урамшууллаа бодуулдаг байх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа талаар төсвийн тодотголын үеэр санал оруулна.
Өнөөдрийн жагсаал Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудал бус багш нарын цалингийн асуудал болж хувирсан. Мэдээж цалин, урамшууллын хувьд багш нарын цалин шинэ тогтолцоогоор нэмэгдсэн. Мөн л үнийн өсөлт, инфляци өссөнөөс болж багш нар маань энэ нэмэгдэл үр дүнд хүрсэнгүй гэж дүгнэж байгааг хүлээн авч байна.
Миний бие олон сарын турш багш нарын цалин хөлсний шатлалыг өсгөж, багшийн үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоонд суурилсан цалин хөлсний нэмэгдлийг Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд олон удаа тайлбарлаж нэмэгдүүлсэн. Энэ шийдвэр гарахаас өмнө худалч гэж мөн ч их цоллуулсан хүн нь бас л би байгаа юм.
Гэхдээ боловсролд зөв юм хийж байгаа бол өөртөө итгэлтэй, үр дүнгийн төлөө, багш нарын нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө шантрахгүй байх нь миний зарчим байсаар ч ирсэн, байсаар ч байх болно. Юм хийхэд ойлголтын зөрүү, шүүмжлэл, бэрхшээлтэй тулна.
Гэхдээ шүүмжлэлээс айж суух цаг алгаа. Алдаа оноогоо хурдан засаад явахад болно. Том бодлого зөв байх нь л гол. Салбарынхаа багш, ажилчдын эсрэг бодол санаа үг, үйлдэл, мөн хувийн ашиг сонирхол, хөндлөнгийн хэн нэгнээс үл хамааран ямар ч лоббигүй ажиллах хатуу зорилгодоо үнэн ч яваа шүү.