2023.04.13

Л.Мөнхбаатар: Үндсэн хуулийн цэцийн нэгдүгээр дүгнэлтийг хүлээж авах боломжгүй

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41-дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Цэцийн дүгнэлт ямар агуулгатай вэ гэхээр Иргэдийн Хурлын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд бүрэн эрх нь дуусгавар болох асуудлыг ИТХ-аар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсэн нь Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн шийдвэр гэж гарчихаад байгаа юм.

Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуульд ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болох найман үндэслэлийг зааж өгсөн. Үүнд гэмт хэрэг үйлдэж шүүхийн шийдвэр гарсан бол огцруулна гэж буй. Огцруулахдаа ИТХ-аар хэлэлцэж шийднэ. Хууль тогтоогчдын зүгээс ямар агуулгатай гарсан гэвэл шүүхийн шийдвэрээр хэлэлцэж байгаа асуудал биш. Шүүхийн шийдвэр эцсийх учраас түүнийг зөв, буруу гэж хэлэлцэхгүй. Харин тухайн сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрх буюу огцруулах асуудлыг ИТХ-аар шийдэх нь зүйтэй. Хэрвээ ингэхгүйгээр шүүхийн шийдвэр гарвал дараагийн нөхөн сонгууль явах, хүн амын төлөөллийг хангах асуудал орхигдох учир уг заалтыг оруулсан юм.

Иймээс парламентаас баталсан хууль нь Үндсэн хуульд нийцсэн гэдгийг хэлье. Нөгөөтэйгүүр огцруулах эсэх асуудлыг бус огцруулах асуудлыг шийднэ гэсэн буй. Агуулга нь мөн тийм. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй.