УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41-дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Учир нь шүүхийн шийдвэрийг Иргэдийн Хурал хэлэлцэж өөрчлөх тухай асуудал огт байхгүй. Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Гэхдээ нөгөө талд ИТХ-тай адилхан ард түмний сонголт бол эцсийн шийдвэр. Сонгуульт албан тушаалтнууд буй. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэсэн ард түмний сонголтоор гарч ирсэн, ард түмний мандаттай албан тушаалтнууд бий.
Энэ хүмүүсийг илгээж байгаа сонгогдох эцсийн шийдвэрийг Монголын ард түмэн гаргасан. Ард түмний сонголт нь эцсийн дээд шийдвэр байдаг. Нэг саналын зөрүүтэй ойролцоо байх үед Засгийн газар, Засаг даргыг авах улс төрийн шийдвэрт нэг шүүгч халдах, ард түмний сонголтыг засварлах боломжийг олгохтой холбоотой процессыг хуульчилсан. Тиймээс гэм буруугүйн асуудлыг ИТХ шийдэхгүй. Шүүхийн шийдвэр гарсантай холбоотой ард түмний мандатыг хүчингүйд тооцох буюу ард түмний сонголтыг цуцлах шийдвэрийг тухайн ард түмний төлөөллийн байгууллага өөрөө гаргадаг.
Цаад утгаараа ард түмэн нь гаргадаг байхаар Үндсэн хуульд шингэчихсэн. Тухайлбал аймаг, нийслэлийн хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд дээр ч шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор тухайн мандатыг цуцалж, огцруулах, чөлөөлөх эцсийн шийдвэрүүдийг УИХ гаргахаар хуульчилсан буй. Үндсэн хуульд өөрт нь байгаа. Тэгэхээр энэ бол Үндсэн хуулийн эх сурвалжтай зүйл. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн ХЗБХ болон ТББХ-ны саналыг дэмжиж өгөхийг гишүүдээсээ хүсэж байна.