DZ-man (егөө)
2008.08.03

DZ-man (егөө)

DZ-man (егөө)

dz2

Арав дахь Пентатоник

Саяхан болж өнгөрсөн Pentatonic наадмын үеэр нэгэн сонин содон шагналтан тодорлоо. Тоймч Б.Дашзэвэг гуай поп урлагт хөл тавимагцаа electrro-dance номинацид шилдэг шагналыг хүртэх нь тэр. Үсээ шомбойлгон гельдэж, үйл хөдлөл, дүр төрхөөрөө Ace Ventura-г(Жим Керригийн бүтээсэн хошин дүр) чадлаараа дууриах 60 гарсан эр. Инээд алдан ийш тийш сээхэлзэнгээ “намайг DZman” хэмээн дуудаж болно хэмээн зарлаж “Рок, поп урлаг маань ийм юм аа” гэж хөөрнө.

Хүмүүс энэ үйл явдлыг гайхаж, хачирхаж хүлээж авсан ч цаад мөн чанарын талаар бодоогүй, бодохыг ч хүсээгүй байх аа.

Үнэн чанартаа энэ бол рок, попт өгсөн том цохилт. Арав дахиа болж буй Pentatonic наадам нь оролцогчдоо “улаан хивсэн” дээгүүр алхуулах гэх мэтээр хэлбэрийн хувьд шинэчлэгдсэн боловч агуулга, мөн чанарын асуудалд яагаа ч үгүй бололтой. Олон улсын мэдээний тойм уншиж явсан, хөгжимд бол сонирхогч Б.Дашзэвэг гуай хожуу ч гэлээ анхныхаа оролдлогоор поп урлагийн “дээд” шагналыг нь “хусчихна” гэдэг энэ урлагийн хөгжил, боловсон хүчний чадал чансаа ямархуу байгааг илтгэчихсэн хэрэг юм. Олон арван жил энэ шагналыг нь мөрөөдөж, хөлс хүчээ, мэргэжил мэдлэгээ зориулаад авч чадаагүй үй олон “мэргэжлийн” гэгдэх дуучид, хөгжимчдийн хувьд энэ бол “үхлийн цохилт” байлаа.

Яг үүнтэй адил үйл явц тун удахгүй МАХН дотор өрнөх гэж байна.

“МАХНтоник наадам” “шагналтнаа” тодруулна

Наймдугаар сарын 4-нд болох МАХН-ын Бага Хурал намын даргаа эд бад хийхэд чиглэгдэж байгаа нь улам тодорхой болж байна. Хоёр жилийн өмнө М.Энхболдыг экс дарга Н.Энхбаяр нь намынхаа олон нийтийн санаа бодлыг харгалзалгүйгээр орхиж буй суудалдаа тохоон “томилсон” билээ.

Яг л ая зохиогч, аранжировщик Б.Наранзун(Б.Бадрууган агсны хүү) жирийн нэгэн тоймчийг чихдэж авчраад од болгосон шиг юм болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж нэгэн сонинд тодорхой ярьсан байна. Хэдхэн жилийн өмнө МАХН-ын үзэл суртлыг “зохиож, зааж зурж” явна улс төр судлаач Н.Ганхуяг “Өнөөдөр” сонинд саяхан “Их сайхан өөдөлж байсан намыг М.Энхболд гарч ирээд сөнөөчхөж байгаа юм биш. Н.Энхбаярын бий болгосон нам, төрийн систем нуран унах үйл явц жам ёсоороо болж байна. Харин М.Энхболд бол тэргүүлэх луйварчин Н.Энхбаярын өөрөө амь тавин зүтгүүлж байж гаргаж ирсэн гарынх нь шавь шүү дээ” гэж бичжээ.

Ерөнхийлөгчид дэвшээд намын даргаа өгч байсан Н.Энхбаярын хувьд М.Энхболдоос өөр хүн харагдаагүй бололтой юм. Үнэндээ ч тэр цагт намын дарга болчхоор өөр хүн горизонтод алга байлаа. Аливаа дарангуйлагчид ойр орчиндоо ухаантай, нөлөөтэй хүн байлгах сонирхолгүй, үргэлж хавчин гадуурхаж, “жийж” байдгаас дарангуйлагчийн дараах “удирдлагын хомсдол” хэмээх хам шинж үүсдэг жам МАХН-ыг ч бас тойрсонгүй.

1953 онд И.Сталиныг үхмэгц ЗХУКН-ын дарга болчих хүн олдохгүй хямарч байжээ. Н.Хрущев хэсэгхэн хугацаа болоод зайлуулагдаж Л.Брежнев хэмээх саарал нөхрийг залсан нь “зогсонги байдал” хэмээн түүхэнд орсон урт, заваан үеийг эхлүүлсэн билээ. Л.Брежнев Орос улсыг олон жил чимээгүйхэн дарангуйлсны эцэст 1983 онд нөгөө ертөнц рүү одоход суларсан орыг нь эзэгнэх дорвитой удирдагч олдохгүй, бас л үймж байсан. Хойтон жил нь Ю.Андропов гэж КГБ –ийн удирдлагад олон жил байсан ч олон танигдаагүй нөхөр жил орчим Брежневийн суудал дээр толхиод араас нь талийхад, удаад нь М.Черненко гэгч залгав. М.Черненко, Ю.Андропов нарын хэн нь ч удирдагч биш байсан юм. Тэд арсланг бараадаж амь зогоодог цөөвөр чононууд л байлаа.

Далаад оны дундуур Хятадад дарга Маог чадхийсний дараа ч ийм нөхцөл байдал үүссэн. Бэлбэсэн эхнэр нь суларсан суудалд санаархсаны улмаас “Дөрвөн дээрэмчний” бүлэгт хамрагдан шоронд сууж, Ху овогт нэгэн саарал нөхөр арваад жил чимээгүйхэн засаглажээ. Дэн Сяопин гарч ирэх хүртэл хятадад дарангуйлагчийн дараах синдром үргэлжилсэн юм. Хятадуудын аз гийхэд харьцангуй богино хугацааг ийм үе эзэлжээ. Орос, хятадаар жишээлэхийн учир нь МАХН тэдэнтэй зүйрлэхээр том гэдэгт бус олноороо мэдэх хөршүүдийн түүх учраас дурдаж байгаа юм.
Н.Энхбаяраас хойшхи МАХН үндсэндээ саа өвчинд дайрагдан, зам товчилсон шинэ даргыгаа үл тоомсорлох, аажимдаа эсэргүүцэх сэтгэлгээ газар авав. Элдэв сүржин нэр бүхий жигүүрүүд дараалан үүсэж, даргыгаа өөчлөх, суудлаа тавьж өгөхийг шаардах болсон нь МАХН-ын түүхэнд үзэгдэж байгаагүй сонин содон үзэгдэл байлаа. Орос, Хятадаас ялгаатай нь талийгаач дарга гэж байсангүй. Дарга амьд сэрүүн агаад орхисон суудлаа өөрөө байнга оролдож, сандлыг нь догонцуулах сонирхолтойгоос хямрал даамжирчээ.

Хамгийн сүүлчийн жишээ “Элсний 13” боллоо. МАХН-ын Удирдах Зөвлөлийн хурал дээр сайд У.Хүрэлсүхийн тарьсан хэрүүл, шуугиан нь Ц.Нямдорж нарын хашрууд алсаас хэлж сэрэмжлүүлээд байсан “нэг хүний” оролцоог нотолж, ил гаргаж орхив. Хашруудаас ялгаатай нь У.Хүрэлсүх зоригтой. Тэр даргынхаа сандлын хөлийг хөрөөдөж суугаа хүний нэрийг зарлахаас сийхгүй. Магадгүй тэр даргыгаа чиглэсэн сумыг “цээжээрээ хаах” маягаар нэр олох, суудал ахих сонирхолтой ч байж болно.

Удирдагч намынхаа олон нийтэд зөвшөөрөгдөхгүй бол энэ мэт үзэгдэл гаарах нь дамжиггүй. Гээд М.Энхболдоос илүүрхэх улстөрч энэ намд байна уу. Н.Ганхуяг “Ц.Нямдоржийн тодорхойлсноор “хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” болсон МАХН-ыг “хүмүүнлэгийн замбараагүйдлийн доод хэлбэр” болгож мөхлийн ирмэгт хүргэсэн гэмтнүүдийг улс төрийн тавцангаас зайлуулахгүйгээр МАХН-д ямар ч шинэчлэл болохгүй. МАХН-аас Н.Энхбаярын нөлөөллийг шахан зайлуулж, түүний хуучин болон шинэ багаас нэг ч хүнийг МАХН-ын удирдлагад оруулж болохгүй” гэж “төрөлх намдаа хайртай хүний” хувиар уриалжээ.

Тэр энэ бичвэртээ нөлөөлөлд нь багтдаг бүлгийнхээ сонирхлыг илчилсэн юм. Н.Багабандийг буцааж залах, лам олдохгүй бол буцахдаа С.Баярыг DZman-аар тодруулах санал тэр дэвшүүлжээ. Судлаач Н.Ганхуягийн аранжировка “дээд шагналд” дэвших магадлал юу л бол. Гэвч түүний найруулгыг санаандгүй зүйл гэж боломгүй.

“Өнөөдөр” сонинд “С.Баяр зориглоод намын дарга болчихвол…”, “Ч.Улаан бол бас л “бэлэн” хүн” гэхчлэнгээр “дарга номинаци” өөрийн талынхныг илт дэвшүүлж эхэлсэн бүлэглэл түүний цаана бий. Энэ бүлэглэл намын даргын суудалд санаархахдаа “МАХН шинэчлэгдэж, сонгуульд ялах нь Монголын ард түмний түүхэн захиалга” гэж бичиж байгаа нь Б.Дашзэвэг лугаа сонирхогчид болохыг илтгэнэ.

Монголчууд “МАХН-ыг сонгуульд ялуулаад өг” гэж хэн нэгэнд “захиалга” өгөөгүй, өгөх ч үгүй гэдгийг Н.Ганхуягийн чухалчлан дурдсан судалгааны дүн(МАХН-ын рейтинг 27-д хүрч шалдаа буусан, намайг намд байхад 40 хувиас огт буудаггүй байлаа гэж тэр өөрөө бичжээ) нотлоод байхад тэс хөндлөн төлөг буулгаж л суух юм.

Номинацид нэр дэвшигчид

МАХН тоник наадмын номинациудад шагнал хүртчихээр хүмүүс хэн бэ? Боломжит хүмүүсийг тоочъё. С.Баяр - ганцаардсан, өөрийг нь хүрээлсэн бүлэглэл байхгүй энэ эрхэм ганцаардмал(хөгжмийнхөөр бол гоцлол) хөгжимчний номинацид шалгарах магадлалтай бол Ц.Нямдорж – хуучны дууны номинацид маргаангүй түрүүлэхээр байна. Пентатоникоор бол С.Баяр гитарчин Өөжгийрхүү юм аа даа. Ц.Нямдорж нь зүйрлэвэл Завхан Батсүх хавийн юм. Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр нар бусдын зохиолоор сайн дуулдаг номинацид зэрэгцэн өрсөлдөж байгаа. Үүнээс Ё.Отгонбаярыг зохиогч нь илүү ихээр дэмжиж буй. МАХНтоникийн өмнөхөн Ё.Отгонбаяр “зодууллаа” гэх шуугианыг өөрийн зохиогч “нэгэн хүн” -ий мэдэлд байдаг хэвлэлүүдээр тараасныг үзэгчдэд өрөвдөх сэтгэл төрүүлж, нэр хүндээ өсгөх гэсэн явуургүй арга хэмээн судлаачид дүгнэж байна. У.Хүрэлсүх ил шударга, хатуу үгтэйгээрээ хип хоп номинацид өрсөлдөгчгүй түрүүлнэ. Т.Ганди, Д.Арвин нар охидын шилдэг хамтлагаар шалгарах эрхээ Ерөнхий сайдад “салаавч үзүүлсэн” Элсний 13-т багтсанаараа олж авчээ. Тэднийг Хоёр охин хамтлагтай дүйцүүлж болно. Шинэчлэгч гэгдэх Н.Гантулга шилдэг дебют дуучны шагнал горьдож байгаа ... Стильдээ үнэнч бус хамтлаг, дуучныг шалгаруулах номинацид Д.Одбаяр, Д.Тэрбишдагва хоёр дэвшсэнээс Д.Одбаярт магадлал өндөр байна. Тэр Ерөнхий сайдынхаа өөдөөс хоёронтоо нулимж, араас нь “хутгалснаараа” амжилтаа улам батжуулсан бөлгөө.

“Элсний 13” шилдэг найрал дууны шагнал горилж байгаа ч Ардчилсан намынхны арван жилийн өмнөх хит дууг давтаж дуулсан нь илэрсэн болохоор хэцүү бизээ. Харин энэ найрал дууны хамтлагийн продюсер хийж буй хүн нь шилдгээр шалгарах тун магадлалтай. МАХН-ын доторх элдэв үймээнийг алсаас найруулж, зохиолыг бичиж өгч буй гэх энэ найруулагч, “нэгэн хүн” тун олон шагналын эзэн болж мэдэхээр байгаа бөгөөд түүний нэр усыг У.Хүрэлсүх олонд зарласан билээ. “Нэгэн хүн” наадам дөхөх тусам ууртай болж байгаа мэдээ хэвлэлээр цацагдаж байна. Шалтгаан нь МАХН тоник наадмын түүний шавь нарын “хандыг дарах” магадлал бүрдлээ гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Товчхондоо МАХН-ын лидерүүд гэж өөрсдийгөө нэрлэдэг эдгээр хүмүүсийн хэн нь ч тоймч Б.Дашзэвэгээс ялгарах юмгүй байдаг л нэг DZ-men. Аясын салхи үлээвэл намын дарга болчих магад хэмээн зэрэг горилогсод. Одоо тэд өөрсдийг нь DZ man- д зүтгүүлэх аранжировщиктоо л найдаж байгаа. Дээд суудалд аваачдаг нэг л аранжировщик бий. Өмнө нь ч түүний найруулгаар дарга тодорч байсан, одоо ч МАХН тоник наадмын “дээд шагналтныг” тодруулахад тэр хуруу дүрэх сонирхолтой байгаа. За ямар ч л байсан МАХН тоник наадмаас тодрох DZ-men-ээр хэн тодрохыг харах л үлдлээ.

2007-08-04
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.