Бүргэдийн баяр боллоо
2010.02.18

Бүргэдийн баяр боллоо

Тийн урвагч хэмээх төмөр барс жилийн шинийн гурваны өдөр нийслэлийн ойролцоох Нүхтийн аманд бүргэдийн burged_vip76ид хавыг харуулсан сайхан наадам болж өнгөрлөө.

Бүргэдийн баярт оролцохоор1600 км алс Баян-Өлгий аймгаас 20 орчим иргэн бүргэдтэйгээ ирсэн байлаа. Тус баярын үеэр казах үндэсний ёс заншлаас танилцуулан, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гадаадын жуулчдын сонирхлыг ихэд татаж байсан юм.

Бүргэдийн баярыг Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн дарга Х.Баян нар албан ёсоор нээсэн юм.

Эрэлхэг бүргэдийг гарын дор номхоруулж чадсан анчид бүргэдийн хамт жагсан наадмаа эхэллээ. Жагсаалыг 31 жил бүргэдээр ан хийж буй Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 50 настай анчин Т.Анасай, 18 жил ан хийж буй Ногооннуур сумын харьяат 53 настай Ш.Жейтэн, Сагсай сумын 55 настай З.Сайлухан нар магнайллаа.

Жагсаалын дараа хамгийн сайхан үндэсний хувцастай анчин, сайхан өмсгөлтэй бүргэд, морины бүрэн тоноглол бүхий анчинг шалгаруулж, жинхэнэ анч эздийн хийморь сэргээсэн шырга наадмаар цааш баяр үргэлжилсэн юм.

Монголын нүүдэлчид эрт дээр үеэс шонхор, бүргэд, хавцгай зэрэг шувуудаар ан хийлгэж байсныг түүх бий. Энэ тухай Монголын нууц товчоонд “Добу мэргэн, Дува сохор ах дүү хоёр нэгэн цагт эв эвдрэлцэн муудаж, ах нь Онон мөрөн өөд орог хул морио унан, хавцгай шувуугаар ан бариулан, гэдсээ тэжээн, эсэн мэнд ах дүү хоёр эргээд уулзсан” гэдэг түүх бий. Шувуугаар, тэр дундаа ан хийх уламжлалыг найман зууны турш үргэлжлүүлэн гаршуулан, ан агнуулан, ахуй амьдралдаа ашиглаж ирсэн нь казах ард түмэн билээ.

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар дахь нутгийн зөвлөл хамтран 1999 оноос Бүргэдийн баярыг зохион байгуулж эхэлжээ.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.