УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Эрдэнэ, Архуст сумдад тайлан уулзалтаа хийлээ
Төв аймгийн Архуст сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Архуст суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.
Эрдэнэ суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.
Эрдэнэ сум нь 4000 орчим хүн амтай, 900 гаруй өрх айлтай бөгөөд 225 мянган толгой мал тоолуулсан байна. Сумын хэмжээнд зудын эрсдэлтэй хүнд өвөл болж мал сүргийн 6 хувь нь хорогджээ. 2022 онд аймгийн тэргүүний сумаар шалгарсан, МАА, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгон удирдлагууд нь иргэдтэйгээ хамтран орон нутгаа хөгжүүлэхээр ажиллаж байна.
Сумын ЕБС-д 618 сурагч суралцаж, дотуур байранд 185 хүүхэд сууж байна. Хичээлийн 2 байртай ба 60 багш ажилтан ажиллаж байна.
Сумын цэцэрлэг 200 хүүхэд, 28 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Зундаа явуулын цэцэрлэгт 100 гаруй хүүхэд хамрагдаж, багш ажиллагсад нь өөрсдөө цагаан идээгээ боловсруулан бэлдэж, жижиг хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тарьж хүүхдийн хоолонд хэрэглэдэг байна.
Сумын ЭМТ нь 3 их эмч, 1 бага эмч, 1 эх баригч нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. ЭМТ-ийн эрхлэгч эмч М.Түвшинбаяр: Шинээр баригдаж байгаа эмнэлгийн байрныхаа дотоод зохион байгуулалт, стандартад хяналт тавьж оролцох боломжгүй байгааг дурьдаад, сумын 5 багт 1 багийн эмч ажиллаж байгаа гэв. Хуучин байраа эмнэлгийн ажиллагсад болон төрийн албан хаагчийн байр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт хүрэлцээтэй, эрт илрүүлгийн үзлэгийг сумандаа хийдэг болвол иргэдэд хүрэх талаар саналаа хэлж байв.
Суманд ажиллах үеэрээ өндөр настан Л.Үржинбадам, Л.Эрдэнэбаатар, С.Алтангэрэл, Г.Ганбаатар гуайнд зочлон амар мэндийг нь эрж, захиас сургаалыг нь сонслоо.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.
Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.