Ж.Бат-Эрдэнэ: Статистикийн хорооны вэб сайтаас иргэд мэдээлэл авахад хүндрэлгүй байх хэрэгтэй
2023.05.02

Ж.Бат-Эрдэнэ: Статистикийн хорооны вэб сайтаас иргэд мэдээлэл авахад хүндрэлгүй байх хэрэгтэй

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг нар Үндэсний статистикийн хороонд ажиллаж, статистикийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тус хорооноос хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Стастистикийн хороо нь статистикийн салбарыг орчин үеийн өгөгдлийн шинжлэх ухааны суурьтай хөгжүүлэх зорилго бүхий “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг улс орон даяар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буй гэнэ. Уг төсөл хэрэгжсэнээр төрийн байгууллагуудын олон салангид мэдээллүүдийг холбож, уялдааг хангахад чиглэнэ гэв.

Уг Төсөл Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих аж.

Түүнчлэн Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгааг энэ үеэр дурдлаа.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "судалгаа, шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн байгууллагууд бий". Төрийн байгууллага энэ салбарт оролцох, тэдэнтэй зах зээлийг нь булаацалдах шаардлагагүй. Та бүхэн статистик мэдээлэл дээрээ төвлөрч анхаарч ажиллах хэрэгтэй хэмээв. Мөн статистикийн хорооны веб сайтад хэт мэргэжлийн хэллэг ашиглахаас татгалзаж, иргэд мэдээлэл авахад төвөггүй байхаар зохицуулах, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энгийн үг хэллэг ашиглахыг санал болголоо.