Мөлжигч хар тамхи
2008.05.24

Мөлжигч хар тамхи

Мөлжигч хар тамхи
(цаазлахаас өөр эмчилгээ үгүй бололтой)

battulga_bodluud_book_cover

Хар тамхины дуулиан

Хэсэг дуучид, хамтлагийнхан хар тамхи нэртэй өвс татсан хэргээр хатуу ял сонсжээ. Ийм төрлийн хэргийг шийдэж, шийтгэж үзээгүй монголчууд маш их цочирдов. “Пөөх, нэг муу өвс сорсон биш баларч байна аа”, “Тэд нар уг нь өөрсдийгөө л хордуулсан болохоос нийгмийг хордуулаагүй ш дээ, суллачих л даа”, “Арай дэндүү хатуу шийтгэжээ” гэхчлэн ярьцгаана. Хамгийн гол нь тэдний араас хар тамхинд дурлах зоригтон нэг хэсэгтээ үгүй болов бололтой.

Хар тамхи татсан, зөөсөн, худалдсан хэрэгт цаазаар авах ял оноодог улсууд байдаг. Ийм эрс хатуу шийтгэл ногдуулж байж бусдын тархинд сэрэмжилүүлгийн дохио асаадаг бололтой юм. Монголын шүүх хар тамхичдад хатуурхаж чадлаа. Харин түүнээс илүү аюултай дон болох авилгад автагчдыг шийтгэх, бусдад дохио санамж болгох сонирхол алга бололтой.

Авилга бол ард түмнийг сорон мөлжигч хар тамхи мөн
Манай нийгэмд авилга өдөр тутмын үйлс болж байгаа нь тод харагдаж байна..
Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан “Зуучлах товчоо” гэж байгууллагаар төр тоглов. Эзнийг нь үхэлд хүргэж, бизнесийг нь төр булаажээ. “Солонгосчууд ингэж шаардсан. Тэд төрийн байгууллагатай л харьцахыг хүсдэг” гэж тайлбарлаж байгаа ч жинхэнэ шалтгаан нь энэ биш. Асуудлын мөн чанар нь ойлгомжтой, өнөөх л авилгад донтогсдын шунал.

Эх нутагтаа байсаар атал харийнхны гар хөлийн зангаагаар тонголзох, өдөржин шөнөжин оочерлох хүмүүс өөрсдийгөө авилгын золиос гэдгээ мэдэхгүй байгаа нь харамсалтай. Авилгыг цэцэглүүлсний улмаас эх нутаг дахь ажлын байраа гаднынханд алдаж, өөрсдөө бусдын голсон орон зайг нөхөхөөр урт дараалал үүсгэж байгаагаа ухаарахгүй Солонгос явчихвал “тэнгэрийн умдагнаас атгана” гэж сэтгэнэ.

Солонгос бол авилгаараа дэлхийд гайхагддаг орон. Ро Дэ У гэж ерөнхийлөгч нь манай авилгачдын атаархаж үхмээр их мөнгө авилгад аваад шийтгэгдэж байлаа. Тэр хоёр триллион буюу хоёр их наяд хэмээх тоогоор илэрхийлэгдэх воны авилга авч байжээ.

Монгол болохоор авилгад амжилттай суралцаж буй улс. Орон бүхний авилгачид ойлголцов. Тохиролцов. Тонов. Авилгачдын гаршсан арга нь төрийн нэрээр далайлгах, жирийн иргэдийн хүсэл эрмэлзлийг боогдуулах. Боогоод, хаагаад ирэхээр түүнийг даван туулах арга зам эрэлхийлнэ. Саадыг давах ганцхан арга байх ба тэр нь авилга.

Эрчим Хүчний Сайдыг “огцруулах” ажиллагаа хамгийн сүүлийн жишээ болов. Тэр сайд нь улсын олон арван тэрбумын хөрөнгийг хувийн компанидаа шилжүүлсэн үйлдлээ “Сайд болсон гээд хувийн компаниа дампууруулчхалтай биш” гэж тайлбарлаад сууж байсан. Түүнийг аварч үлдсэн МАХН-ын бүлгийнхэн сонин хэвлэлээр түгсэн “МАХН-ын бүлгийнхэн сайдын нэр дээр тараасан 60 тэрбумаас хувь хүртсэн” гэсэн мэдээлэлд ямар ч няцаалт өгсөнгүй. “Эрчим Хүчний Сайдыг огцруулах” оролдлого гэгч нь авилгаа шахаж авах арга төдий зүйл байжээ. “Огцрууллаа шүү” гэж айлгаад өөрт ногдох хувь хэмжээг авмагц “огцруулахгүй” гэсэн кноп дарна. Маш энгийн механизм ажиллаж байгаа биз !

“АПУ-гийн төрийн мэдлийн хувьцааг гурван багц болгон худалдах шийдвэр гаргавал 500 сая төгрөг өгье гэж хэлсэн хүн байгаа” гэж хоёрдмол утгагүйгээр мэдэгдсэн Ерөнхий сайдыг хууль, цагдаагийн байгууллагууд шалгахыг хүссэнгүй. Иргэншсэн нийгмийн жаягаар бол ноцтой хэргийн сэжүүр байхаар ийм мэдээллийн мөрөөр хүчний байгууллагууд шуурхай ажиллах ёстой.

Өнгөрсөн 17 жилийн туршид энэ улсад авилгыг дэлгэрүүлэх, донтуулах, хүүхэд залуучуудыг авилгад уруу татах ажлыг гол зохион байгуулагч нь МАХН байлаа.

МАСЗХ(Монголын Авилга Сонирхогч Залуучуудын Холбоо гэж тайлах болсон) гэж МАХН-ын залгамж халаа байгууллагын удирдагчдын өдүүлсэн хүн амины хэрэг, улсын банк цөлмөсөн хэргийн хөрс нь өнөөх нь л авилга байсан. Х.Баатарын татвар төлөгчдийн мөнгөөр намаа санхүүжүүлсэн хэрэг нь хольцоогүй шижир авилга байлаа.

Ард түмний хөрөнгөөр хайж, олж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудыг өндөр албан тушаалтнууд мэдэлдээ авсан явдлыг авилгаас өөрөөр тайлбарлах боломж үгүй. Бороо Гоулд, Таван толгойн ордын лицензийг эзэмших тендер зарлагдлаа гэж та бүхэн дуулсан уу ? Асгатын ордыг эзэмших эрхийг шударга өрсөлдөөнөөр бус хуйвалдаанаар шийдвэрлэх гэж байна. Чехэд өр төлсөн, Оросын их өр төлсөн асуудал учир битүүлэг байдалд явагдсан нь авилгад сэрдэхээс өөр аргагүй байдалд түлхэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Японд төлөх өрийг далд хуйвалдааны журмаар зохицуулж, хэсэг албан тушаалтан олон тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан нь илэрлээ. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нь эртнээс нааш албан тушаалтнуудын саалийн үнээ болж иржээ. Үүнийг шалгая гэж гурван сарын өмнөөс МоАХ-ны тавьсан шаардлагад УИХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнууд одоо болтол хариу өгөхгүй байна.

МАХН авилга хэмээх тахлын нянг жижиг намуудын дарга нарт, иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчдад халдааж, тэднийг донтуулж амжлаа. Авилгачдыг цээрлүүлэхээ андгайлж явсан жижиг намын дарга өнөөдөр “авилгын загалмайлсан эцэг” цолтой нэгнийг үгээ олохгүй магтаж явдаг болсныг нийтээрээ харж л байгаа. Төр засагт бугшсан бусармаг зүйлстэй тэмцэхээр гарч ирсэн иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчдыг авилгаар халдварлуулж тэмцлийг нь мохоож байна. Хөдөлгөөний удирдагчид авилгад халдварлахгүй бол гүтгэлэг гүжирдэлгийн үерт живүүлэх ба тэсэж үлдэх юм бол “хагалах, хуваах” гэдэг дархан мэхээ хийдгийг ард түмэн андахаа байжээ. МАХН авилгын халдварыг Ардчилсан нам доторх явцуу бүлэглэлүүд, нутгархаг үзэлтнүүдэд ч халдаахаар чармайж, тасралтгүй явуулга хийсээр байна.

Авилгатай тэмцдэг орнуудын туршлага

Нэг үеэ бодвол “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэж хүлээн зөвшөөрөх маягаар авилгачдад ханддаг байсан сэтгэлгээ өөрчлөгджээ. Ард түмэн авилгын хор холбогдлыг улам бүр ойлгож, мэдэрч, бухимдаж байна. Авилга хүн бүрийн халаасыг тэмтэрч, хоослож байдгийг иргэд улам бүр ухаарч байна.

Үүнтэй зэрэгцээд авилгад сэрдэгдсэн албан тушаалтнууд “Та нар нотлоодох л доо!” гэж тавлах нь элбэгшлээ. Авилгын хэрэг нь жирийн иргэн байтугай хүчний байгууллагууд, тусгай албад ч нотлоход түвэгтэй хэрэгт ордог. Иргэншсэн улс орнуудад авилгын хэргийг нотлох үүрэг нь жирийн иргэдэд бус албан тушаалтанд өөрт нь оногддог байна. Авилгыг нотлох гэж байна гээд мөрдлөг явуулах, байцаалт авах эрх ард түмэнд хуулиар олгогдоогүй шүү дээ. Тийм болохоор иргэдэд сэрдэх эрхийг нь нээлттэй орхиод сэрдэгдсэн албан тушаалтан авлигад автаагүйгээ өөрөө нотолдог болгох хэрэгтэй. Үүний тулд л өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтмол гаргадаг, орлогын эх үүсвэрээ олонд ил болгодог.

Авилгыг илрүүлдэг хамгийн энгийн арга бол өндөр албан тушаалтны хэрэглээ, орлогын харьцааг шинжих явдал билээ. Араб морь уралдуулаад, өндөр өндөр байшин бариад, хотын төвийн байршил сайтай газруудыг эзэмшээд, үнэтэй машин унаад яваа хүмүүсийн цалин орлогыг харахаар хэрэглээндээ яавч хүрэхээргүй байдаг. Энэ тэдний шударга замаар орлого олдог эсэхэд эргэлзэх сэтгэлгээг бий болгож байгаа юм.

Авилга өгч буй хүн бол ажлаа урагшлуулах гэж аргаа барсандаа л тэр. Тэрнээс биш мөнгө нь илүүдсэн хүн хаана байхав. Тийм болохоор авилга өгснийг бус авилгад автсаныг шийтгэдэг тогтолцоо бий болгох шаардлагатай болжээ. Одоогийнх шиг өгсөн, авсан хоёулаа шийтгэгддэг байвал ийм төрлийн хэрэг илрэхгүй, нотлогдохгүй. Өгсөнд нь өлзийтэй, авсанд нь арван тамтай байхаар хуульчилж өгөхгүй бол Баатарт мөнгө өгөөд шийтгэгдсэн Өвгөнхүүгийн араас явах сонирхолтой хүн гарахгүй шүү дээ.

Авилгад өртсөн албан тушаалтныг “цаазлах” хүртэл хатуу шийтгэл оногдуулдаг байж л авах сэдэл, эрмэлзлэлд бодитой саад учруулж чадна. Иргэншлийн түүх нь хүний ухамсар, соёлд найдах маягаар нийгмийн харилцааг зохицуулж болдоггүйг нотолсон. Тийм учраас хүн төрөлхтөн нийгэмших явцдаа институцичлэл буюу хүний араншин, үйл хөдлөлийг хүчээр хязгаарлах хууль, эрх зүйн хаалтуудыг ямагт хийж иржээ. Тэрний нэг жишээ нь л цаазаар авах ял.

Амьдрал хүнд нэг л удаа заяадаг. “Хэдэн халтар төгрөгнөөс болж ганц олдсон амьдралаасаа салаад яах вэ” гэж бодогдуулах, одоо мэдэгдээд байгаа цор ганц арга бол цааз л юм. Хятадын хөгжил, эдийн засгийн хурдцыг жишээлэх дуртай дарга нар маань хятадууд авилгачдыг цаазладаг талаар дурсах дургүй байна. Авилгын хэрэгт улс орнууд ямар шийтгэл оногдуулдгийг хөрш орнууд болоод монголчуудын үлгэр дууриалаа болгодог улсуудын туршлагаас лавлаж үзлээ.

Хятадууд авилгачдыг олны өмнө цаазласанаар бусдынх нь авах, идэх донг хазаарлаж, сэрэмжлүүлж байгаа. Монгол улс ч шүүхийнхээ практикт цаазаар авах ялыг хэрэглэдэг орон. Гэхдээ авилгын хэрэгт ийм ял оноодоггүй.

Хятадын Төрийн Зөвлөл анх 1952 онд авилга(хятадаар «таньу») хэмээх зүйл ангийг эрүүгийн хуульдаа оруулсан юм байна. 1983 оны есдүгээр сарын 2-ноос Авилгын хэрэгт ногдуулах шийтгэлийг чангатгах тогтоол гаргажээ. Үүгээр авилгад өртсөн төрийн албан тушаалтанд цаазаар авах ял ногдуулахыг хуульчилсан байна.

Тоо баримтаас үзэхэд хятадад авилгын асуудлаар 670 000 хэрэг үүсгэж үүнээс 669 300 хүн шийтгэл хүлээжээ. Үүн дотор Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Ситун 16 жил гянданд хоригдох ял авсан байна. 2000 оны эхээр Наньчан хотын дунд шатны шүүхийн шийдвэрийн дагуу Цзянси мужийн захирагчийн орлогч Ху Чанцинийг цаазаар авчээ. Түүнийг анх 650 мянган доллар авилгад авсан гэж буруутгасан ч мөрдлөгийн явцад Ху Чанцин 200 000 долларын хөрөнгийнхөө л гарал үүслийг тодорхойлж чадаагүй байна. "Рэньминь жибао" сонин Ху Чанциныг цаазлах ажиллагааны талаар дэлгэрэнгүй фото сурвалжлага нийтэлжээ. Эмэгтэйчүүдийн баярын өдөр түүнийг буудсан нь тохиолдлын хэрэг бус байсан бололтой. Тэр үед Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурал ид хуралдаж байх таарчээ. Хурлын төлөөлөгчдөд Ху Чанциныг цаазлахыг нүдээр үзэх “боломжийг” зориуд олгосон гэнэ. Хамгийн сүүлд Шанхай хотын коммунист намын хорооны өндөр албан тушаалтан авилгын хэргээр олны өмнө буудуулсан тухай хятадын сонинууд мэдээллээ.

Өмнөд Солонгосын шүүх 1996 оны 8 сарын 27-нд хуучин Ерөнхийлөгч нараа авилгын хэрэгт шүүж Чон Ду Хванд цаазаар авах ял, Ро Дэ У-д 22,5 жил гянданд хорих ял оноожээ.

Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватра авилгыг хэмжээ хязгааргүй цэцэглүүлсний улмаас цэргийнхэн төрийн эргэлт хийж өөрийг нь баривчлах гэсэн боловч Англи руу зугтаж гарсан билээ. 2007 оны 5 сард Тайландын Үндсэн хуулийн шүүх Таксин Шинаватраг авилгын хэрэгт буруутайг нотолж, улмаар түүний удирдаж байсан Тай Рак Тай намыг нь тараажээ.

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев авилгад өртөгчдийн бүх хөрөнгийг өмчийн хэлбэрээс үл хамааран хураах гэсэн заалтыг эрүүгийн хуульдаа оруулжээ.

Саяхан монголд ирээд явсан ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга С.Миронов 2007 оны 4 сарын 13-нд авилгачдад хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Тэрээр "Авилгачид бол – хулгайчид. Хулгайчид шоронд аль болох удаан суувал зохино" гэж мэдэгдээд дээр нь хорих ялыг "хулгайчийн төдийгүй, хулгайчийн гэр бүлийн бүх гишүүдийн эд хөрөнгийг хураах" шийтгэл дагалдах болно гэж нэмжээ. "Энэ бол хэрцгий шийтгэл, гэвч ингэхгүйгээр хулгайг үндсээр нь таслах арга үгүй" гэж С.Миронов хэвлэлээр мэдэгдсэн байна.

Харин монголд жирийн хүмүүст хатуу ял өгч чаддаг шүүх засаглал маань ард түмний хөрөнгийг хууль бусаар, хэдэн арван тэрбумаар нь залгигчдад хатуурхаж чадахгүй байна. Авилгын хэрэгт хатуу чанга ял ногдуулж, хазаарлаж чадаж байгаа улс орнуудын хөгжил мэдэгдэм хурдацтай байгааг хойд, өмнөд хоёр хөршөөсөө бэлээхэн харж болно. Монголын хөгжлийн гацаа, зогсонги байдлын цор ганц буруутан болох авилгатай тэмцэх ажлыг хоосон лоозон, жүжигчилсэн тоглолт болгохгүй гэвэл эрс хатуу шийтгэл ногдуулдаг болох хэрэгтэй байна.

Нэгэнт олон улсын хууль эрхийн практикт авилгын хэрэг өдүүлэгчдийг хатуу чанга шийтгэдэг, бүр цаазладаг ял байхад бид хэрэглэж яагаад болохгүй гэж ? Авилга хар тамхинаас аюултайгаар нийгэмд нөлөөлөх хэмжээнд хүрчхээд байхад харж суусаар мөхөх гэж үү ?

Боом, шүлхий зэрэг аюулт өвчнийг устгахдаа халдвар авсан байж болзошгүй бүхий л зүйлийг шатааж, газарт булж байхыг бид телевизээр өчнөөн харсан. Авилга хэмээх аюулт тахлын голомтыг яг түүн шиг уг үндсээр нь устгах эсэх нь хатуу ял шийтгэл, ард түмний чанд шаардлагаас л шалтгаалах цаг иржээ. Авилга хөгжлийг сааруулж, хөгжилгүй байгаа нь ядуурлыг гааруулж байна. Авилгатай тэмцэх ямар хэрэгтэй юм бэ ? гэсэн асуулт нь хөгжиж яах юм гэснээс ялгаагүй юм.

2007.05.24
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.