2023.05.22
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу МҮИС-д хяналт шалгалт хийж байна
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Комисст иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Монголын үндэсний их сургуульд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Дээрх хяналт шалгалтыг тус сургуулийн багш, ажилтан, суралцагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх болон сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд хийж байгаа юм.
Шалгалтын хүрээнд:
- Сургуулийн өдөр тутмын харилцааг зохицуулж буй дүрэм журамд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх,
- Байгууллагын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, ил тод байдал;
- Багш, ажилтнууд ажлын байранд, суралцагчид сургуулийн орчинд нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн гарал, хүний хийж дадсан зуршил болон бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхагдах, ажлын байрны дарамтад өртдөг эсэх;
- Ажилтнууд ажил, амралтын байр ажиллах боломж нөхцөлөөр хангагдсан эсэх;
- Ажил, амралтын цаг, ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа;
- Гомдол гаргагчаас гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэж буй байдалд дүн шинжилгээ хийх;
- Гомдол гаргагчид сахилгын болон ёс зүйн шийтгэл оногдуулсан, урамшуулал олгосон тушаал шийдвэртэй танилцан хуулбарлан авах, дүн шинжилгээ хийх;
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан ажил олгогчийн үүргийн хэрэгжилт
- Суралцагчтай байгуулсан суралцах гэрээний хэрэгжилтийн байдал;
- Тус сургуульд сүүлийн 2 жилийн хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийгдсэн эсэх, тайлан, мэдээлэл зэргийг нягтлаж, баримтжуулна.
- Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмжийг, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.