Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлагдлаа
2023.06.06

Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлагдлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.06) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хоёр асуудал хэлэлцсэн.

Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 96 дугаар захирамжид заасан Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, /“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”/-ийг хэлэлцэхээр Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цагалвар хамаарахгүй гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулав.

Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.